З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

АХБ хүүхдийн мөнгөний санхүүжилтэд $73 саяын зээл олгохоор болов

2021-03-23 488 0

Нийгэм, эдийн засагт үзүүлж буй цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор эмзэг, ядуу өрхүүд тэр тундаа хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг үргэлжлүүлэхээр Азийн хөгжлийн банк (АХБ) 73 сая ам.долларын зээлийг Монгол Улсад олгохоор болжээ.

Уг зээл нь энэ оны долдугаар сар хүртэл 0-17 насны хүүхдүүдэд олгож буй хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхэд зориулагдах юм.

АХБ-ны нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Карин Шельциг “Монгол Улс 2020 онд Ковид-19 цар тахлын халдварыг тогтоон барих эрт бөгөөд шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Хэдийгээр энэ хүрээнд эрүүл мэндэд учруулах шууд нөлөөг хязгаарлаж чадсан ч эдийн засгийн үзүүлэлтүүд, хэд хэдэн шуурхай үнэлгээгээр цар тахлын нийгэм, эдийн засгийн үр дагаварыг хязгаарлах чармайлт чухал байгаа нь тодорхой болсон билээ. Улмаар өнгөрсөн 11 дүгээр сард дотоодод халдварын анхны тохиолдол илэрсний улмаас хатуу хөл хорио тогтоох шаардлагатай болсон нь нөхцөл байдлыг дордуулсан” гэжээ.

2020 оны тавдугаар сар гэхэд Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхүүдийн 85 хувь нь ямар нэг байдлаар эдийн засгийн шоконд ороод байв. Нийт өрхийн гуравны хоёрт нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэж үзсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 73 хувийнх нь орлого тасалдсан юм. Малчид, тариаланчдын 70 орчим хувийнх нь орлого өмнөх жилтэй харьцуулахад буурсан байна.

Энэ удаагийн санхүүжилт нь АХБ-аас Монголд үзүүлж буй цар тахлын нөлөөг саармагжуулахад чиглэсэн цогц, иж бүрэн дэмжлэгийн нэг хэсэг юм. Цар тахлын нөлөөг бууруулахад АХБ нь нийтдээ 259.64 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх бөгөөд үүний 186.64 сая ам.долларыг Засгийн газарт олгосон санхүүжилт эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ