Шалиг нь дэндсэн улстөрчдөөр Сүнээ шатар нүүж байна

2021-04-16 2222 3

Ойрын гурван өдөр нийгэм Сүнээгээр амьсгалав. Сүнээ буюу Б.Сүндэръяаг цахим орчинд юу бичих бол, хэн гэгч гишүүний дэл сул явдлыг дэлгэх бол, тэр бүсгүйн үзсэн туулсан амьдралд хэн гэгч төрийн түшээгийн паян нийтэд ил болох ээлжээ хүлээж,  дурсгалын цомог мэт дэлгэгдэх үү гэсэн хүлээлт хүн бүрд бий болов. Тэр үнэхээр манай нийгмийн сэтгэлзүйг хааш нь л бол хааш нь ханаруулан манаруулав.

Ёстой л эмэгчин амьтан л ийм байдаг байх гэмээр адын аяг, аашаа дэлгэлээ, харууллаа. Олныг хуйлруулж, ийш нь ч тийш нь ч эргүүлсээр 100 хувь төрийн хамгаалалтад ч ороод авав.

Ай мөн ч сүйхээтэй, сэргэлэн, сүргийг хаашаа, хэн рүү, хэрхэн удирдах вэ гээчийг төгс эзэмшсэн заяамал авьяастай эмэгчин аж. Нэг ийм үг бий дээ. “Сэтгэлийг нь эзэлвээс бие нь хаа одох”. Сүнээ бүсгүй үнэхээр манай удирдагч гэгдэх эрэгчин амьтдын биеийг хаашаа ч үл довтлох хөдөлгөөнгүй болтол сэтгэлийг нь эзэмджээ. Энэ нь Сүнээгийн сүүлийн 72 цагийн туршид олныг давалгаалуулж буй үзэгдлээс тодхон харагдаж байна.

Монголын улс төрчид, намчид тэр чигтээ Сүнээгийн халаасанд тийчигнэцгээж байна. 100 жилийн настай нь ч “зулын гол” болоход ойрхон АН ч Сүнээг А гэвэл Ёо-гүй шалдаа буух нь ээ. Тэр энэ цагийн шалиг нь дэндүү улс төрчдөөр шатар нүүж байна. Хэнийх нь ч нэрийг юутай ч хутгаж ярихад бэлэн Сүнээ Монголын төрийг самрахыг харах юутай сонихон юутай гунигтай.

Шар хэвлэлүүдээр хэдийн ор хөнжил, янаг амрагийнх нь явдал дэлгэгдэж, дэвэрсэн булай асуудлаа гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг, тагнах чагнах ажиллагаа гэх мэтээр бүдэгрүүлсээр ирсэн манай УИХ-ын гишүүд Сүнээгийн санаанд багтах болсон нь ч учиртай. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ дээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс эхлээд л нүцгэн зургаараа сонгогчдодоо сюрприз барьсан цаг мартагдаагүй байна. Бандаашаа тайлж, нууц эрхтнийхээ зургийг эвлүүлэг гэж мэлзсэн гишүүд ч төрд байсан. Хүчингийн ил далд дуулианд нэр нь хэдэнтээ сонсогддог гишүүд ч өдгөө хууль батлах энэ өдөр сэнтийд гэлмэггүй сууж л байгаа шүү дээ.

Ёс төр гээч алдарч, мөнгө, эрх мэдлээр аливаад ханддаг УИХ-ын гишүүд, нам, бүлэг эвсэлтэй манайх шиг оронд Сүнээ шиг гурван эм амьтан байхад л төр эргэж, улс бужигнадаг байх нь ээ. Ай Сүнээ, хүний хамгийн эмзэг асуудлаар анхааралд орж, хамгаалалт авч, олны дэмжлэг хүлээж, хүндэтгэлд багтаж болох ч том намын шошготой шүхэр дор “нүцгэн” зогсвол хаврын салхи хавирга нэвт л үлээнэ байх даа.

Холбоотой мэдээ