ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

2021-05-31 1090 4

Монголд хамгийн их валют оруулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс эхний гуравт жагсдаг салбар бол аялал жуулчлал. Тиймээс ч өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Монгол Улс 400 сая жуулчин хүлээж авах боломжтой” гэх санаанд багтамгүй тоо хэлж, олныг гайхшруулж байсан удаатай. Хөгжлийн хөшүүрэг гэх зүйлгүй Монголд үүн шиг худлаа мөрөөдөл үгүй хэмээн иргэдийн ихэнх нь дээрх яриаг няцаасан. Үнэн худлыг батлах гэсэнгүй, өөрсдөөсөө нэг л асуулт асууж, түүндээ хариулт хайх гэсэндээ дээрх яриаг жишээ болгон татсанаа онцлох нь зүйтэй болов уу.

Монгол Улсад жуулчид ирж байсан тоо баримтаас үзвэл, 2018 онд Монгол улсад зочилсон нийт 529,370 жуулчны 263,490 буюу 49.7% нь агаарын тээврээр ирсэн бол 2019 онд нийт нислэгийн суудлын тоог 34.4% өсгөснөөр агаарын тээврээр ирэх жуулчдын тоо 56%-иар өсөх боломж бүрджээ.

Ковидын дараах эдийн засгаа сэргээхийн тулд улс орон бүр аялал жуулчлалын салбараа өөд нь татаж, урд хожид байгаагүй үйлчилгээ, стандарт, санаачилга, гэнэтийн бэлэг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, энэ салбарт цоо шинэ менежмент, бодлого хэрэгжиж эхэлж буй. Бид ч үүнийг мэдэрч, анзаарч, аялал, жуулчлалынхаа салбарт нутагшуулж болох бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээлчээр тусган авч хэрэгжүүлэх цаг ирж байна. Өөрөөр хэлбэл, ковидын дараах аялал жуулчлалын шинэ хөтөлбөрт нэгдэхэд дотоодын аж ахуйн нэгж, компаниудын “Хаалга нээлттэй юү” гэсэн асуулт асуудал хөндөхөд хүргэж байна.  Үүний тулд аз жаргалтай амрахын үндэс нь хүүхдийн ая тух, хүүхдийн үзвэр үйлчилгээ, хүүхдийн төлөө гэсэн хандлага харилцаа, хүүхдийн аюулгүй орчны тохижилт, эрүүл мэнд, хоол тэжээлийн аюулгүй байдал, үнэ ханшийн нийцтэй бодлого гэсэн асуултад хэрхэн хариулахаас энэ салбарт ашиг олох боломж нээгдэж байгааг “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб”-ынхэн онцоллоо.

Тэд “Аялал жуулчлалын дотоодын компаниуд томрохын тулд хэдэн гэр, модон жорлон, шороо бужигнасан эмх замбараагүй наадам, өдөрлөг хийж жуулчин авна гэхээсээ илүү дотоодын аялагчдын тав тухыг хангахад анхаарах нь зүйтэй. Тэр тусмаа бяцхан аялагчдад үйлчилгээгээ бүрэн зориулж, анхаарлаа хандуулаасай” гэв.

                         ХҮҮХДИЙН АЯЛЛЫГ ЗУРАГЛАСАН КОНТЕНТ АЛГА

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг угтаж Аялал жуулчлалын мэргэшсэн сэтгүүлчид, Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ-н санаачилгаар “Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” сэдвээр хаалттай уулзалт, хэлэлцүүлэг хийж хэд хэдэн санал санаачилга гаргав.

Тус хэлэлцүүлэгт Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхдийг ивээх сан, АЖХТ-н дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд, “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб” зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцож, хүүхдэд ээлтэй аяллын асуудлыг хөндсөн юм.

Анх удаа энэ сэдвийг хөндөж байгаад оролцогчид баяртай байгаагаа илэрхийлж, цаашид аялал жуулчлалын салбарын үйлчилгээний байгууллагууд, зорин очих газарт хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, нэгдсэн стандарттай болох, “Хүүхдийн музей” барьж байгуулах, хүүхдийн хөгжих эрхийг хангах, аюулгүй зорчих, хүүхдэд ээлтэй жолооч, хүүхдэд ээлтэй аж ахуйн нэгж, компани аян өрнүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах шийдэлд хүрэв. Мөн Монголд хүүхэд аялахад ямар бэрхшээл тулгардаг, хүүхэд ямар үйлчилгээг авч чадахгүй, томчуудын хяналтаас гарч эрсдэлтэй тулгардаг болохыг харуулсан контентыг өнөөдрийг болтол ямар ч телевиз бүтээж үзүүлээгүй байна. Тиймээс хүүхдийн аяллыг зурагласан контент бүтээе гэв. Ийнхүү хаалттай хэлэлцүүлгийн нээлттэй сэдвээр хэд хэдэн зөвлөгөөг уншигчдадаа сийрүүлэн хүргэе.

  ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ОРЛОГЫН 80 ХУВЬ

Эцэг эхчүүдийн аялах хамгийн том шалтгаан нь хүүхдэдээ газар үзүүлэх, хүүхдийнхээ нүд сэтгэлийг баясгах байдаг. Энэ хүслийг ойлгож, мэдэрч чаддаг байх нь жуулчин хүлээж авах амбийцтай менежерүүдийн бизнесээ өргөжүүлэх ухаан юм. Хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хоол хүнс, тоглож наадах орчин, үйлчилгээ авах нөхцөл боломж, үнэ ханшийн уян хатан бодлого, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, харилцаа хандлагынхаа аюулгүй байдлын чанарыг дээшлүүлэх нь аялагч аав ээж танайхыг сонгох хамгийн үнэт шалтгаан болох юм. Тиймээс хүүхдийн амрах, зугаалах, аялах орчны аюулгүй байдлыг хангахын төлөө өнөөдрөөс бодлогын, оролцооны, хандлагын, үйлчилгээний өөрчлөлтийг хийе.

КОВИДЫН ДАРААХ ҮЕИЙН ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙГ “ЗАСАХ” УРЛАГТ СУРАЛЦЪЯ

“Хүүхэд оруулахгүй”, “Хүүхдээ гэрт нь үлдээе”, “Хүүхдээ гадуур авч явахгүй байхыг анхааруулъя” гэх мэт Ковидын үеийн хориг хүүхдийн сэтгэлзүйг маш их гэмтээж байгааг аялал жуулчлалын мэргэшсэн сэтгүүлчид онцолж байна. Цар тахлын улмаас хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд оруулж, хүүхдийг хаалганы цаана үлдээснээр бяцхан аялагчдын сэтгэл зүйд гадуурхагдаж, өөрийгөө хэн ч биш, томчуудад хэрэггүй бодгаль мэт ойлгох  “дайн” сэтгэл зүйд нь үүсэж байгааг аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид соргогоор анзаарах нь зүйтэй нөхцөл үүсэв. Хэрэв та аялагчдын маршрутыг өөрийн кемп, амралтын газар руу чиглүүлэхийг хүсэж байгаа бол бяцхан аялагчдад нээлттэй, тэдний амрах тав тухыг хангах нь өөрсдийн үндсэн үүрэг болохоо ойлгуулж чадвал бөөн бөөн бяцхан зүрх баясаж, томчуудад тоогдсон, чухал аялагч болсноо ойлгох болно. Бяцхан аялагчдын гаргасан жим олон олон жуулчинг танайх руу зүглэхэд туслах болно.

                                                          “ДИСНЕЙ”-Г БҮТЭЭ

Экстрим аялал хүчээ авч байгаа энэ цаг үед тайван, тогтуун байгальд, голын эрэг дагуу чимээгүйхэн хэвтэхийг аялагчид чухалд тооцохоо больсныг танд сануулъя. Томчууд ч гэлтгүй багачууд сонин хачин орчинд, уйдамгүй олон төрөлт тоглоом дунд цагаа өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Уламжлалт төмөр гулсуур, модон морь бяцхан аялагчдад сонин байхаа хэдийн больж “Дисней лэнд”-д байгаа мэт мушгирсан, өнгө үзэмж сайтай, аюулгүй, нүсэр, гайхам шийдэлтэй тоглоомын төвийг сонгох дүүрэн хүсэлтэй болсныг амралтын бааз, жуулчны газрууд анхаарахад гэмгүй болов уу. Нэгэнт мөнгө төгрөгөө төлөөд амралт, зугаа цэнгэлд зуны гурван сарыг зориулна гэж төлөвлөсөн аав ээжүүдэд сэтгэл ханамж хамгийн чухал байх нь ойлгомжтой.

Холбоотой мэдээ