БСШУС-ын Байнгын хорооны гишүүд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар МГТИС-д албан уулзалт хийлээ

2022-03-15 465 2

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг нар 2022 оны 3-р сарын 14-ний өдөр Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтад Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) төлөөлөгчид мөн оролцлоо.

Монгол Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл тус бүрээр 7 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Энэхүү уулзалтад Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам болон ажлын хэсгийн гишүүд оролцож тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Хоёр улсын Засгийн газар 2013 онд хамтран байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр талын хамтын ажиллагааны нэгэн тод илрэл бөгөөд Монголын ашигт малтмалын салбар дахь мэргэшсэн инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байна. МГТИС нь Герман дахь түнш их, дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж, олон улсын түвшний судалгаа шинжилгээ, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. МГТИС нь Монголын дээд сургуулийн тогтолцоонд загвар байж, удирдлагын бүтцээ орчин үеийн дээд сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажилладаг.

Уулзалтын үеэр МГТИС-ийн захирал Проф. Б. Батцэнгэл хоёр улсын хамтарсан их сургуулийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МГТИС-ийн төрийн өмчийн их сургуулийн статусыг хадгалах шаардлагатай талаар онцлон дурдлаа.

УИХ-ын гишүүд болон элчин сайд Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлын үүднээс МГТИС-ийн судалгааны төслийг Монголын аж ахуй нэгжүүдтэй нягт хамтран хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Оюутны хотхонтой танилцах үеэр Байнгын хорооны гишүүд, элчин сайд Ёорн Розенберг нар 2022 оны 7-р сард ашиглалтад орох шинэ оюутны байрны барилгын ажлын явцтай танилцлаа.

Холбоотой мэдээ