Хөл нүцгэн ээж

2021-03-15 613 0

Тэргүүн магнайд нь суурьшсан төлбөртэй зогсоолд авто машинаа байршуулах гэж жолооч нар дугаарлаж, тэхий голд нь сүндэрлэх хөшөөг тойрч ганц хоёр хөгшин бохь ширхэглэж, амны хаалт зарна. Яг ардхан талд нь шатаар өгсөж, уруудсан шагналтнууд тэвэр тэвэр цэцэгт даруулж баярлахтай зэрэгцэн хаанаас ч юм нэгэн залуу гарч ирээд, өөр дээрээ шатахуун асгаад галд шатчихсан.

Энэ явдлаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэтэл талийгаач ямар шалтгаанаар өөрийгөө хөнөөх болов, хэнд юу ойлгуулахыг хүсэв, юуны тулд зулын гол болов гэх олон асуулт хариултгүй байсаар сар давав.

Түүний талаар өнөөдрийг хүртэл хэн ч ам нээсэнгүй. “34 настай иргэн Э…” гэдгээс өөр тодорхой учир шалтгаан, учиг зангилаа алга. Хайран сайхан залуугийн амь насны үнэ цэн дуулианаас дуулиан дамжсаар “мартагдах” нь ээ.

Хэний төлөө, юуны тулд иргэн Э өөр дээрээ шатахуун асгаж, амь хохиров гэдэгт хэн ч санаа тавьсангүй, тэгсгээд энэ асуудал замхарч байгаа бололтой дог оо. Төв талбайд ассан галын утаа арилж амжаагүй байтал дахин нэг өр өвтгөм үйл явдал өнөөдөр боллоо.

Юу гэвэл, иргэн А.Цэрэнпил гэгч 50 орчим насны ээж хөл нүцгэн, төрийн ордныг өдөржин гороолов. Хэдийгээр хаврын урь орсон ч нийт нутгийг дамнасан цасан шуурга хот, хөдөөд хүйтэн жавар тачигнуулж байна. Төв талбай, төрийн ордны хашааг тойруулсан хүйтэн пялта хөлдүүс болжээ.

Хавсарга жиндүүлсэн ийм нэг ёозгүй жаварт өдрийг сонгон хууль шүүх, цагдаа, мөрдөнгийнхны дүлий, сохор, хүнийг гэх сэтгэлгүй хавтаст хэрэгт ханддаг ялын төлөвлөгөөг Монголын мянга мянган ээжийн төлөөлөл А.Цэрэнпил эсэргүүцэв. Давхар өмд, өвлийн гутлаасаа салаагүй хэн ч гадаа 30 хором зогсоход л даарч, бээрч байгаа энэ өдрийг сонгож, нүцгэн хөлөөрөө үнэнийг эрж, хүнлэг сэтгэлийг саарал ордонд тухалсан түшээдээс хайв.

Тэмээн туйлаадас дунд хөл нүцгэлж, төрийн ордон гороолох амь хайргүй тэмцэл зөвхөн эх хүнээс л гарах биз ээ. Иргэнээ нүцгэлүүлж, өлсгөж, өөрийгөө шатаатал нь туйлдуулдаг төр, хууль шүүхийн засаглалтай байна гэдэг юутай эмгэнэл вэ.

Хөл нүцгэн ээжийн тэмцлийн шалтгааныг ухвал,

2018 оны аравдугаар сард гэнэ. Хоёр хүүд нь хилсээр хэрэг үүрүүлсэн гэдгийг тэрбээр онцолж байна. Ингэхдээ дөрвөн цагдаа 48 цаг хоёр хүүг нь эрүүдэн шүүж, тасралтгүй зодож, ял тулгаж, хэрэг үүрүүлсэн гэж ярилаа. Хүлээлгэсэн хэргийн тухайд,

“24-29 насны таван залуу 16-17 насны охидтой интернэтээр танилцаж, зургийг нь авч, сүрдүүлээд, өөрсдийн түрээслэдэг байрандаа хорьсон” гэх сэрдхийм мэдээллийг цагдаагийнхан олон нийтэд цацсан. Гэтэл миний хоёр хүү ийм хэрэг хийгээгүй. Хавтаст хэрэг дэх баримтыг устгаад, нотлох баримт бүрдүүлэх байдлаар хоёр хүүг минь хилсээр яллачихсан юм” гэдгийг А.Цэрэнпил хэлж байгаа юм.

 Хэрэв хоёр хүүгийнхээ төлөө хөл нүцгэн, хүйтэн пялта туучиж яваа ээжийн зөв бол хуурамч баримт бүрдүүлж, хүнд ял тохдог, хилс хэрэг үүрүүлдэг, эрүүдэн шүүдэг арга барил Монголын шорон гяндан, цагдан хорих, мөрдөн шалгах процесст ужиг болсон нь батлагдана.

Учир нь, С.Зориг агсны амийг бүрэлгэсэн гэх хэрэгт яллагдаад байгаа Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Хууль зүйн сайд нь олон нийтэд үзүүлээд долоо хонож байна. Тэгэхээр Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг нь тухайлсан нэг л хэрэгт хамаарах мүглэн биш бололтой.

Арай манай цагдаа, шүүхийнхэн “Хүн нь байвал тохох хэрэг нь олддог” гэсэн зарчмаар ажилладаг юм биш биз.

Хэрэв тиймсэн бол ойрын өдрүүдэд мөсөн уулын зөвхөн орой нь цухуйж байж ч мэднэ. Юутай ч үнэний төлөө хөлдүү цемент дээр өдөржин алхаж, түшээдийн ордонг гороолсон ээжийн гомдол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт  хаяглагдав. Хөл нүцгэн ээж “Хоёр хүүг минь батлан даалтад гаргаж өгөөч” хэмээгээд, эрүүдэн шүүж, ял тулгадаг процесст ХЭҮК-ийнхон яагаад дуугүй байдгийг асуухыг хүссэнийг энд тодруулъя.

Холбоотой мэдээ