Б.Балжинням: “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан Австралийн сургуулиуд төлбөрөө хямдруулаад байна

2021-03-17 5474 1

         Австрали улсад суралцах боломж, сургалтын төлбөрийн талаар CECA Mongolia боловсрол зуучлалын агентлагийн Монгол дахь салбарын захирал Б.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Австрали улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө хямдруулж, олон тэтгэлэг зарласан байгаа тул тус улсад суралцахаар сонирхож байгаа бол энэхүү “алтан” цаг үеийг ашиглахыг онцоллоо.

-Хэзээнээс Австрали улс руу боловсрол зуучлалын үйлчилгээ явуулж эхэлсэн бэ?

-Бид 2018 оноос Австрали руу боловсрол зуучлалын үйлчилгээг үзүүлж эхэлсэн.Үүнээс хойш 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх зорилгоор Австрали улсдаа ТОП-5-д ордог CECA (Career Education Consultancy Australia) хэмээх агентлагтай албан ёсны гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхлээд байна. Тус агентлаг нь 2006 онд байгуулагдсан, Австрали улсын 4 хотод салбартай бөгөөд Сидней хотод төвтэй. Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудаас оюутнуудыг Австрали, Канад болон Америк улс руу  сурахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Мөн харьяандаа дипломын курс олгодог “George Brown College”, хэлний бэлтгэлийн “Browns English College” хэмээх сургуультай. Оюутан суралцуулахаас гадна аяллын болон ажиллах визний зуучлалын үйлчилгээг мөн үзүүлдэг.

-Австрали улсад ямар гарцуудаар сурах боломжтой вэ?

-Австрали улс руу Англи хэлний бэлтгэл, мэргэжил олгох курс, бакалавр, магистер, докторт сурах боломжтой. Австралийн сургуулиуд  зэрэглэлтэй байдаг. Тодруулбал, сургуулиудыг 1-3 зэрэглэлд ангилдаг. Нэгдүгээр зэрэглэл нь сургалтын чанар сайн бөгөөд тэр хэрээр сургалтын төлбөр нь өндөр байдаг бол хоёрдугаар зэрэглэл нь дундаж, гуравдугаарх нь хамгийн хямд төлбөртэй. Манай улс гуравдугаар зэрэглэлд ордог. Ийм зэрэглэлтэй улсад визний өндөр шаардлага тавьдаг. Санхүүгийн баталгаа, нас, сурах зорилго гэхчилэн визэнд тавигдах бүх шалгуурыг маш нарийн тооцдог гэсэн үг.

-Юуны өмнө, хэлний бэлтгэлд сурахад ямар шалгуур хангах, үнэ төлбөр нь хэд байдаг тухай ярихгүй юу?

-Хэлний бэлтгэлд явахад хэлний шалгуур шаардахгүй. Зөвхөн сурах зорилго, нас, санхүүгийн баталгаа гол шалгуур болдог. Сургуулийн зэрэглэлээс хамаарч, сургалтын төлбөр дунджаар жилийн 6000-12000 aud (австрали доллар) байсан. Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан сургуулиуд 2000-4000 aud-ын хямдрал үзүүлж байгаа. Мөн онлайнаар  хэлний бэлтгэлд суралцаж болно. Онлайн сургалтын төлбөрийн тухайд 50 хувийн хямдралтай байгаа.

-Дипломын курс гэдэг нь ямар сургалт вэ?

-Дипломын курс гэдэг нь манайхаар бол МСҮТ гэсэн үг. Монголд цахилгаанчин, тогооч, оёдолчин гэх мэт мэргэжлээр сураад мэргэжлийн диплом аваад ажиллаж болдог шиг Австралид маш олон мэргэжлийн сонголттой, 1-3 жилийн хугацаатай дипломын сургалтууд байдаг. Ихэвчлэн цэнхэр захтны ажлууд гэж нэрлэдэг мэргэжил буюу механикчин, мужаан, цахилгаанчин, цэцэрлэгийн багшаар сурах боломжтой. Эдгээр мэргэжил нь тус улсад эрэлт хэрэгцээтэй учир мэргэжлээрээ ажиллах  боломж бүрэн дүүрэн бий.

-Бакалавр, магистерт суралцахад тавигдах шаардлага, төлбөрийн тухайд ямар байдаг вэ?

-Бакалаврын суралцах хугацаа гурван жил, хэлний шалгуурын хувьд багадаа IELTS 5.0 оноо, түүнтэй тэнцэх TOEFL-ийн оноотой байхад 3-6 сарын хэлний бэлтгэл аваад бакалаврт сурна. Сургуулийн түвшингээс хамаарч дунджаар жилийн 15-56 мянган aud-ын төлбөртэй. Бакалавр, магистерт “Level-1” сургууль сонгосон тохиолдолд тухайн сургуулийн хэлний бэлтгэл дээр нэмэх нь бакалавр, магистер аваад IELTS-ын оноо үзүүлэхгүй суралцах боломжтой. Сургуулийн дотуур байранд амьдрахад дунджаар долоо хоногт 250-450 aud төлнө. Гадуур байр түрээсэлж амьдрахад дунджаар долоо хоногийн 150-350 aud байдаг.

Харин магистерт “Level-1” сургууль сонговол мөн ялгаагүй IELTS-ын оноо шаардлагагүй ба тухайн сургуулийн түвшин тогтоох тестийг өгнө. 50 долоо хоногийг нэг жилээр тооцдог бөгөөд тухайн оюутны түвшингээс хамаарч хэлний бэлтгэлд хэр хугацаанд суралцах эсэх нь хамаарна. IELTS-ын өндөр оноотой оюутнуудад маш олон тэтгэлэг авах боломж бүрддэг шүү. Магистер, бакалавраа төгссөнийх нь дараа хоёр жилийн ажиллах виз өгдөг.

-Хэд хүртэл хувийн тэтгэлэг олгодог вэ?

-Австралийн сургуулиуд хамгийн ихдээ 50 хувийн тэтгэлэг олгодог байсан бол одоо цар тахлын үед 75 хувь хүртэлх тэтгэлэг олгож байгаа. Иймээс залуучууд та бүхэн энэ боломжийг ашиглаад сургуульдаа бүртгүүлээрэй. Тэтгэлэгийн гол шалгуур нь тухайн хүний дипломын голч болон TOEFL, IELTS-ын оноо, сурах зорилгоос хамаардаг.

-Дөнгөж 10 жилээ төгссөн, эсвэл хэлний мэдлэггүй хүн Австралид сурах боломжтой юу?

-18 нас хүрсэн болон ЕБС, их, дээд сургуулиа төгссөн залуучууд хэлний бэлтгэлд явах боломжтой. Яг энэ насны залуучууд Австралид сурах хамгийн зөв алтан үе байдаг шүү. Түүнчлэн визний гаралт маш сайнучир цаг алдалгүй визээ мэдүүлээрэй гэж зөвлөх байна.

-Элсэлт авах хугацаа нь хэзээ байдаг вэ?

-Хэлний бэлтгэлийн элсэлт нь долоо хоног бүрийн даваа гарагт эхэлдэг. Тиймээс жилийн дөрвөн улиралд тасралтгүй элсэлт авдаг гэсэн үг. Дипломын курс нь тухайн сургуулиас хамаарч шинэ элсэлтээ сар тутам болон улирал бүр авдаг. Бакалавр, магистерын тухайд, тус улсын нэг, хоёрдугаар сар нь манайхаар есдүгээр сарын 1 байдаг. Нэмэлт элсэлтээ долдугаар сард авдаг. Зарим сургуулиуд аравдугаар сард бүртгэдэг. Шинэ жилийн сарууд нь урт хугацааны зуны амралт байдаг. Тиймээс Австралид сурахаар сонирхож байгаа оюутнууд маань материал бүрдүүлэх, сургуулиас урилга авах, төлбөр төлөх, виз мэдүүлэх, визний хариу гарах зэрэг цаг хугацаагаа тооцон манай агентлагт 4-6 сарын өмнө хандаарай гэж зөвлөе.

-Санхүүгийн батлан даалт нь ямар байх ёстой вэ?

-Өндөр хөгжилтэй оронд тухайн оюутны амьдрах амьжиргааны төлбөрийг цаанаас нь заачихсан байдаг. Австрали улс нь гадаад оюутнуудыг сурч, амьдрахдаа нэг жилдээ 22.600 аud амьжиргаанд зарцуулна гэж тооцдог. Үүн дээр сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, онгоцны тийз нэмэгдэнэ. Ингээд тооцвол, 32-46 мянган aud буюу 60-85 сая төгрөг болно. Ийм хэмжээний санхүүгийн баталгаа харуулах ёстой гэсэн үг юм. Энэхүү баталгаа нь батлан дааж буй хүний болон өөрийнх нь дансанд тогтвортой өсөн нэмэгдсэн байдлаар байршсан байх ёстой. Байр зарсан ч хоёр хувийн татвараа төлсөн гээд бүх батлан даалт яг хуулийн дагуу байвал зохилтой. Тогтмол орлогоос үүссэн хуримтлал сайн баталгаа болдог. Батлан даагчаар эцэг эх, төрсөн ах эгч, ажил олгогч байгууллага, хадам ээж аав, зайлшгүй үед нагац болон авгууд байж болдог.

 -Оюутнууд хэдэн цаг ажиллах эрхтэй байдаг вэ. Гол төлөв ямар ажил, хэдэн төгрөгөөр олддог вэ?

-Хэлний бэлтгэл, бакалавр, магистер гээд гурван түвшний үндсэн оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Австралид суралцахад хамгийн таатай байдаг нэг шалтгаан нь гэр бүл буюу эхнэр, нөхөр, хүүхдүүд нь дагалдан визээр хамт явах боломжтой байдаг. Хэлний бэлтгэл болон бакалаврын хувьд эхнэр, нөхөр нь 20 цаг ажиллах боломжтой бол магистерийн оюутны гэр бүл 40 буюу бүтэн цагаар ажиллах боломжтой. Түүнчлэн Австралийн 10 жилийн сургууль нь төлбөртэй байдаг. Магистерт суралцаж буй оюутны хүүхэд нь тухайн хот, мужаас хамаарч сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт авах, зарим мужид үнэ төлбөргүй суралцах боломжтой.

-Дэлхий дахинд “Ковид-19” цар тахал дэгдээд хоёр жил болж байна. Цар тахлын үед зарим улс орнууд хилээ хаасан байна. Австрали улс оюутнуудын визийг хүлээн авч байгаа юу?

-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас Австрали улс руу виз мэдүүлж буй оюутны тоо буурсан. Гэхдээ энэ нь зөвхөн Монголд үүсээд буй асуудал биш. Дэлхий дахинаа цар тахалтай тэмцэж, эдийн засгийн идэвхжил буураад буйтай холбоотой. Энэ цаг үед Австрали улс оюутны визний хүсэлт хэвийн хүлээн авч, улмаар шийдвэрлэж байгаа. Аяллын визний хувьд материалыг нь хүлээн авч байгаа хэдий ч хариу нь  хүлээлгийн байдалтай байгаа. Өмнө нь буюу цар тахалгүй үед Австралийн хэлний бэлтгэл, дипломын курс, их, дээд сургуулиуд харьцангуй өндөр төлбөртэй байсан бол цар тахлаас үүдэн сургуулиуд сургалтын төлбөрөө хямдруулж, олон тэтгэлэг зарлаж, оюутны байраа үнэ төлбөргүй болгоод байна. Энэхүү боломж, цаг хугацааг ашиглаж, санхүүгийн эх үүсвэрээ сайтар бэлтгэн сургуульдаа бүртгүүлээрэй гэж дахин хэлье.

-Хил хаалттай байгаа энэ үед өөрөөр суралцах ямар нөхцөл байгаа вэ?

-Ихэнх сургуулиуд онлайн сургалтууд явуулж байгаа. Онлайнаар сурах оюутнуудад төлбөр маш хямд байгаа ба заавал тухайн улсад очихгүйгээр зайнаас суралцах хүсэлтэй хүмүүс энэ боломжыг ашиглан хямд төлбөрөөр сурах боломж бүрдсэн. Нэмж хэлэхэд, Австрали улсад сурахаар төлөвлөж байгаа бол мэргэжлийн багаас бүрдсэн албан ёсны эрхтэй агентлагт хандсанаар өөрөө сургуультай харилцаж сурсанаас илүү хямд төлбөрөөр сурах, цаг хугацаагаа хэмнэх олон төрлийн сургуулиудаас сонголтоо хийх боломжтой. Манай CECA агентлаг нь мэргэжлийн чадварлаг баг хамт олон бөгөөд таны хөтөч болоход бэлэн байна.

-Танай агентлагтай яаж холбоо барих вэ?

-Манай хаяг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны замын буюу Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах“Юнион Бюлдинг” оффисийн А байрны 16 давхарт 1606/2 тоотод байрлаж байна.

Утас: 77059797, 88059797

FB: https://www.facebook.com/CECA-Mongolia

Web: www.ceca.com.au

Email: mongolia@ceca.com.au

 

 

 

Холбоотой мэдээ