Алтаар баян тосон Заамарт хөгжил бус, тоос л үлджээ. Нийслэлтэй хаяа дэрлэн орших энэ сумаас 39 жилийн турш алт ухсан ч баялгийг нь аваад авдрыг нь хаясан мэт дүр зураг биднийг угтав. Тэртээх он жилүүдэд улсын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн атлаа ердөө 80-хан километр шороон замыг нь ч асфальтжуулж чадаагүй нь үүний хамгийн тод жишээ. 2026 оны наймдугаар сарын 22-ны өдөр энхэл донхол, тоос манаргасан тэр л замаар хоёр цаг гаруй сэгсчүүлсний эцэст бид Заамар нутагт хөл тавилаа.
АВДРЫГ НЬ УХАЖ ДУУССАН ЗААМАРТ СҮҮЛЧИЙН БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛАХ ТЭМЦЭЛ ЭХЭЛЛЭЭ
Биднийг очиход сумын Соёлын төвийн урд иргэдийн тэмцлийн хөдөлгөөн нэгэнт өрнөсөн байв. Заамарчууд “Бор булангаа аваръя”, “Нутаг орон минь бидний үр хүүхдийн ирээдүй”, “Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлье” гэх уриа лоозон барин цуглажээ. Учир нь, тус суманд үлдсэн сүүлчийн эрүүл хөндийд алт олборлохоор “Эрдэнэсийн эрэг” гэх компани хууль бусаар тусгай зөвшөөрөл авсныг эсэргүүцэж, нутгийн иргэд ийнхүү олноор цугласан нь энэ байв.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхтуяа иргэдэд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Ашиглалтын (А) лицензийг ажиллуулахгүй байх хууль зүйн боломж нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн багийн иргэд дэмжихгүй байхад оршдог. Харамсалтай нь, 2026 оны тавдугаар сарын 6-нд Төмстий багийн Иргэдийн Нийтийн Хурлаар тус төлөвлөгөөг дэмжсэн хууль бус тогтоол гарсан байсан. Заамарчууд үүнийг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж, ердөө тав хоногийн дараа буюу тавдугаар сарын 11-нд дахин хуралдаан зарлуулан, өмнөх тогтоолыг хүчингүй болгож чадсан. Гэвч “Эрдэнэсийн эрэг” компани иргэдийн дараагийн шийдвэрийг сөрөн, анхны дэмжсэн гэх хууль бус тогтоолыг барин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар менежментийн төлөвлөгөөгөө батлуулж, уулын ажлын төлөвлөгөөтэйгээ наймдугаар сарын 7-ны өдөр сумын Засаг даргад үйл ажиллагаагаа эхлүүлэх албан тоот хүргүүлсэн байна” хэмээн мэдэгдэв.

“ӨВӨР РҮҮГЭЭ ОДОО ХЭНИЙГ Ч ОРУУЛАХГҮЙ, ГАЗАР НУТГАА ӨГӨХГҮЙ”
Ингээд тал бүрээс цугласан нутгийн иргэд сумын төвөөс 40 километрийн зайтай орших “Эрдэнэсийн эрэг” компанийн уурхайн талбай руу цуван хөдөллөө. Биднийг газар дээр нь очиход “Эрдэнэсийн эрэг”-ийнхэн хэдийнээ ажилчдын байрлах 12 жижиг камп сууцыг барьж босгосон байв. Үүгээр зогсохгүй арын хэсэгт нь томоохон хэмжээний барилга барихаар хундаам, суурийн ухмал хийж, хүнд механизмууд болон техникүүдээ хэдийнээ байршуулсан байлаа.

Сум орон нутгаас барилга барих зөвшөөрөл авсан эсэхийг иргэд тэнд байсан барилга хариуцсан ажилтнаас асуухад “Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй” гэдгээ нуулгүй хэлэв. Ямар ч зөвшөөрөлгүйгээр нутаг орныг нь дураараа сүйтгэж, дурандаа авирлаж байгаад бухимдсан заамарчууд эх нутгаа хамгаалахын тулд барилгын сууринд цутгахаар бэхэлсэн угсармалыг хариуцаж байсан ажилтантай нь зөвшилцсөний үндсэн дээр хууль бус байгууламжуудыг газар дээр нь буулгасан юм.
“Зуд болдоггүй тосон Заамар, ган болдоггүй Бор булан” хэмээн дуу хуур, шүлэг найрагт мөнхөрсөн унаган нутгаа тэд ийнхүү хамгаалахаар нэгдсэн байлаа. Ухагдсан талбай дээр цугласан иргэд эсэргүүцэл, бухимдлаа ийн ярив.
Иргэн Ц: “Энэ бол зөвхөн Заамарын асуудал биш. Зуны дэлгэр цагт зэргэлдээх сумын малчид хүртэл энд малаа бэлчээрлүүлж, хадлангаа бэлтгэдэг. Нутгийнхаа ар талыг бид уул уурхайд өгөөд сүйрүүлээд дууссан. Өвөр рүүгээ харин хэзээ ч оруулахгүй. Тэмцэл хаана хүрч зогсоно, тэр хүртэл бид буцахгүй.”
Иргэн Н: “Заамар сумын Хайлааст багийг 30 жил ухлаа. Өнөөдөр 1000 гаруй километрийн цаадах Увс, Ховд, Говь-Алтай аймгийн сумдууд хүртэл бүрэн засмал замаар холбогдчихоод байхад нийслэлээс ердөө 180-хан км, Атараас салаад 80 км газарт бид шороон замаар сэгсчүүлж ирж байна. Алтыг маань 30 жил ухчихаад авчирсан хөгжил нь хаана байна вэ? Ердөө 80-хан км засмал зам тавьж чадахгүй байж “Уул уурхай хөгжил авчирдаг” гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Эдийн засаг хүнд байхад Монгол Улсыг тэжээж явсан нутаг шүү дээ. Ар талыг маань сүйрүүлж, балгас болгочихоод одоо өвөр рүү минь орох гэж үү? Хааш хаашаа 15 км буюу 13 мянган га газрыг сүйтгэчихвэл энд ямар амьдрал үлдэх юм бэ?”
Иргэн М: “30 гаруй жил нутгаа ухууллаа. Энэ хугацаанд “Төр нь юмаа мэдэж байгаа биз” гээд бид хэл ам, хэрүүл тэмцэл хийж явсангүй. Манай сум мал аж ахуйн гурван багтай. Нэг багийнх нь нутгийг тэр чигт нь сүйтгээд ухчихсан. Харамсалтай нь, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, бэлчээрт шилжүүлдэггүй. Том компаниуд нь ухаж дуусаад явахаар үлдэгдэл дээр нь бичил уурхайчид ороод л хөрс, байгалийг бүрмөсөн сүйрүүлдэг. Иймээс өвөр тал руугаа уул уурхай оруулахгүй гэсэн үе үеийн ИТХ-ын шийдвэр байдаг юм. Бид өвөг дээдсээс үлдсэн жаахан газар нутгаа авч үлдээд, мал аж ахуйгаа амар тайван эрхэлье л гэж шаардаж байна. Тусгаарлаж урсах Туул гол урдхан талд нь бий. Хааш хаашаа 15 км газрыг ухна гэвэл Заамар сумыг нүүлгэх үү, яах юм бэ? Эд нар өнөөдөр “Ердөө 1,300 га” гэж ярьж байгаа ч ингээд зогсохгүй. Нэг л хөл тавьбал энэ хөндийг тэр чигт нь ухаж байж дуусгана. Манай 1,300 га-гаар Монгол Улс арай ч дутахгүй байлгүй дээ.”
“ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ” ГЭЖ ХЭНИЙ, ЯМАР КОМПАНИ ВЭ?
Заамарчуудын эсэргүүцэлтэй тулгарч буй “Эрдэнэсийн эрэг” компанийн тусгай зөвшөөрлийн түүх анх 2017 оны долдугаар сарын 27-ноос эхтэй. Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт 15,441.08 га асар том талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байжээ. Нэгэн сумын нутаг дэвсгэрийг бүхэлд нь шахуу хамарсан энэ шийдвэрийг нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж, цуцлуулж чадсан хэдий ч тэд буцаж сэм ажилласаар өнөөдөр 2,968.87 га талбайг эзэмшиж байна.

Хамгийн аюултай нь, тэд энэхүү хайгуулын талбайнхаа 1,300 гаруй га хэсэгт нь ашигт малтмал ашиглах (ашиглалтын) тусгай зөвшөөрлийг хэдийн гаргуулаад байгаа юм.
Нээлттэй мэдээллийн санд тэмдэглэснээр тус компанийн:
- 64 хувийг “Голд Харбор” ХХК,
- 34 хувийг “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ эзэмшдэг.
- Эцсийн өмчлөгч нь: Г.Ууганхүү,
- Гүйцэтгэх захирал: Э.Оргил,
- ТУЗ-ийн дарга: Ч.Рэнчинбямба нар ажилладаг аж. Эд бол зөвхөн ил харагдаж буй эзэд бөгөөд цаана нь томоохон улстөрчид хамааралтай гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгч байлаа. Бид хоёр талын байр суурийг хангахаар “Эрдэнэсийн эрэг” компанийн гүйцэтгэх захирал Э.Оргилтой холбогдох гэсэн боловч хариу өгсөнгүй.
ТӨМСТИЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН н.НАМХАЙ ГЭЖ ХЭН БЭ?
Түүнчлэн иргэдийн дунд маш ноцтой хууль бус ажиллагаа болсон тухай яриа гарлаа. “Эрдэнэсийн эрэг” компани 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр иргэдийн саналд нөлөөлөх ажиллагааг далд хэлбэрээр зохион байгуулсан байх магадлалтай аж. Тодруулбал, Төмстий багийн иргэдээс эхний байдлаар санал хураахад дэмжигдэхгүй байсан тул гаднаас танил талаа дайчлан авчирч, 5–6 удаа дараалан санал хураан, гар өргүүлж байж саналыг хүчээр батлуулжээ. Хамгийн гайхаш төрүүлэм нь, 2026 оны тавдугаар сарын 6-ны яг тэр хурал болдог өдөр Төмстий багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар н.Намхай гэх эмэгтэй сонгогдож, энэ булай ажлыг гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Иргэдийн ирц болон санал хүрэхгүй болохоор нь нөхөр болон хамаатан саднаа авчран гар өргүүлж байсан нь бичлэгт тодорхой үлджээ. Тэрбээр энэ хууль бус хурлын тогтоолоо дараах буюу 7-ны өдөр яаравчлан баталгаажуулж явуулчихаад, иргэдийн эсэргүүцлийн хурал болсон тавдугаар сарын 11-ний өдөр “эрүүл мэндийн шалтгаан”-аар ажлаа хүлээлгэн өгч “зугтсан” байна.

Энэ талаар шинээр сонгогдсон Төмстий багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Нямдулам ийн ярилаа:
-“2026 оны тавдугаар сарын 6-ны хурлыг Намхай гэдэг хүн удирдан явуулсан. Бүрэн бус ирцтэй, маш сонин байдалтай болж өнгөрснийг би өөрөө биеэрээ харсан юм. Иймээс бид тавдугаар сарын 11-нд ээлжит бус хурал зарлан, хууль бус хурлын тогтоолыг хүчингүй болгож, намайг даргаар сонгосон. Ингээд “Эрдэнэсийн эрэг” компанид тавдугаар сарын 11-ний тогтоолыг хүргүүлж, өмнөх шийдвэр хүчингүй болсныг албан ёсоор мэдэгдсэн.
Гэтэл тэд 11-ний тогтоолыг огт тоолгүй, 6-ны өдрийн хууль бус тогтоолыг бариад л дайраад өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна. Бүр наймдугаар сарын 21-нд тус компанийн захирал Э.Оргил гэх хүн над руу ярьж “Бид таван сарын 11-ний хурлыг чинь хууль бус гэж үзээд шүүхэд өгчихсөн. Шүүх дээр уулзаарай” гээд утсаа тасалсан. Бидэнд хурлын тэмдэглэл, тогтоол, бичлэг гээд бүх баримт ил тод байгаа учир өмгөөлөгч авч, шүүх дээр үнэн мөнөө тогтоолгохоор эцсээ хүртэл явна” хэмээн ярив.

ХӨШИГНИЙ АРД: ЗАСАГ ДАРГА АСАН Л.АМГАЛАНБАЯРЫН “ГАРЫН ҮСЭГ”
Энэхүү тэмцэл, бухимдлын цаана хөшигний ард үйлдэгдсэн нэгэн баримт сөхөгдөнө. Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан энэ бүх гай гамшгийн үүдийг Заамар сумын Засаг дарга асан Л.Амгаланбаяр өөрөө нээж, гарын үсгээрээ баталгаажуулж байжээ.
Үүнийг гэрчлэх бодит баримт нь: 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр 1/129 дугаартай албан тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хаяглан илгээсэн байдаг. Уг албан бичигт:
“Эрдэнэсийн эрэг” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутагт орших “Өвөр наймганы ам” нэртэй XV-020880 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тухайн талбайн Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй болно” хэмээн зааж, тамга тэмдгээ дурайлгажээ.

Заамарчуудын амьдрах орчин, эх нутгийнх нь сүүлчийн дэлгэр хөндийг уул уурхайнхны хөлд гишгүүлж, ухах ногоон гэрлийг асаасан эхний бөгөөд гол алхмыг орон нутгаа толгойлж байсан Засаг дарга Л.Амгаланбаяр нь өөрийн гараар ийнхүү зурж, “худалдсан” байх юм. Үүнийг харсан иргэд туйлаас бухимдаж, нутгаа гэх сэтгэлгүй албан тушаалтны балгаар өнөөдөр ийнхүү сүүлчийн бэлчээрээ аврахаар тэмцлийн замаар алхахад хүрснээ илэрхийлж байлаа.
13 МЯНГАН ГА ГАЗРЫГ УХВАЛ ЗААМАР СУМ ГАЗРЫН ЗУРГААС АРЧИГДАНА
Алтыг нь ухаж аваад, ухсан нүх, бохир шалбаагтай нь хаяад явчихдаг уул уурхайн гомдол Хайлааст багт тод үлджээ. Тус багийн ихэнх нутаг сүйрсэн ч малчид эрүүл үлдсэн багахан хэсэг болох “Бор булан”-гийн хөндийгөө хамгаалахаар өнөөдөр сүүлчийн тэмцэлдээ бослоо. Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийг барьж ирсэн компаниудын дайралтыг одоо л зогсоохгүй бол Заамарт дахин бэлчих нутаг, амьдрах орчин үлдэхгүй. Энэ бол зөвхөн нэг компанийн тухай асуудал биш, Заамар сум цаашид газрын зураг дээр оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг шийдэх эцсийн зааг юм.



ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙН БАЛГИЙГ ХАРУУЛСАН ФОТО:




0 cэтгэгдэлтэй