Ковидын “оношлуураар” эерэг гарсан Монголын боловсролын халуурал

2021-04-07 4873 4

Гэрэл зургийг С.Бат/2021.03.31

Бага насны таван хүүхэд хашаандаа шороо манарган гүйлдэж, хаалга нь яльгүй онгорхой гэрт нэг ой гарантай хүүхдээ хөхүүлэн суух бүсгүйг Т.Од (Эх сурвалжийн хүсэлтээр овог, нэрийг нь өөрчлөв) гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат. Одоо 27 настай энэ бүсгүй зургаан настайгаасаа л мал маллаж, хөдөөгийн буйдад 21 нас хүртлээ амьдарчээ. “Мал дагасан хүн ам тосдоно, сургууль соёл гэж дэмий сууснаас малын дөртэй болсон нь дээр” гэцгээгээд гэрийнхэн нь түүнийг сургуулийн бараа харуулаагүй аж. Одыг нас биед хүрэх ахуйд цөөн хэдэн мал нь зуд турханд үрэгдэх нь үрэгдэж, дорвитой өссөнгүй. Иймийн учир 2014 онд эцэг эхийгээ нутагт нь үлдээж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, басхүү үеийн охидын адилаар ганган дэгжин алхахыг хүссэндээ хот хүрээ барааджээ.

Мэдээж бум бужигнаж, түм түжигнэсэн нийслэлд бүсгүйн бодсон шиг тийм ч амар хялбар амьдрал угтсангүй. Хар багаасаа малын зах дээр очсоны улмаас өөрийн нэрээ ч бүтэн бичиж чадахгүй түүнийг хаашаа л харна гадна, дотнын хэл ус бүхий хаяг, шошгоор дүүрэн хот угтах нь тэр. Тэр үед яг л харь улсад ирсэн мэт мэдрэмж төрж байснаа тэр дурсав. Амьд хүн аргатайн учгаар арайхийн нэг газарт орсон нь боорцогны цехийн хар бор ажил байв. Бичиг үсэггүй, тоо тоолохын тухайд бүр ч саналтгүй Од бүсгүйд юм бүхэн хэцүү санагдаж байж. Наанадаж сарын эцэст олгодог ажлын хөлсөө авахдаа хүн гуйж нэрээ бичүүлээд, өгсөн мөнгийг нь авдаг байж. Энэ ажлаа тэр нэг ч их удаан хийсэнгүй, хань ижилтэй болж, өдгөө гурван хүүхдийн ээж болжээ.

Түүний нөхөр Р-ын тухайд, сургууль соёлд сураагүй учир мөн л бичиг үсэг тайлагдаагүй нэгэн гэнэ. Нөхрийнх нь ээж болох 65 настай Д ч мөн мал дагасан амьдралын улмаас боловсрол эзэмшээгүй, бичиг үсэггүй. Энэ тухайгаа буурай “Намайг сургуульд ороод удаагүй байхад  ээж минь тэмээгээр оргуулаад гэртээ аваад ирдэг байсан. Тэр цагаас хойш сургууль соёлын бараа хараагүй” хэмээн дурсав. Залуу насаа малын захад өнгөрүүлсэн Д эмээ өдгөө Сонгинохайрхан дүүргийн …дугаар хороонд хоёр хүүхдээ бараадан, гурван гэрээрээ аж төрж байна.

Од бүсгүйн нөхөр Р барилгын ажил хийж байгаа бөгөөд сарын 500 мянган төгрөгийн цалинтай, зургаан ам бүлийн амьжиргааны гол эх үүсвэр. Одоохондоо төрөөс өгч буй гурван хүүхдийн 300 мянган төгрөг амьдралд нь дэм болж буйг Од бүсгүй нуулгүй хэлнэ лээ. Энэ бол Монголын 900 мянган өрхийн нэг л гэр бүлийн дүр төрх.

СХД-ийн …дугаар хорооны Т.Од-ын хашаанд/2021.03.31

Дэлхийн ядуу буурай орнуудтай харьцуулахад манай улсын хүн амын 98.4 хувь бичиг үсэг тайлагдсан. Харин яг Од бүсгүй шиг элдэв шалтгаанаар сургууль завсардаж, сурч, боловсорч чадаагүй 45 мянган хүний цаана хэчнээн хүүхэд бойжиж байгаад бид сэтгэл чилээх учиртай.

Бидний зорьж очсон Одын амьдран суудаг СХД-т 2020 оны байдлаар 327.5 мянган хүн оршин суудаг. Хүн амынх нь 1.4 хувь буюу 3888 хүн бичиг үсэггүйг Хүн ам, орон сууцны ээлжит тооллогоор бүртгэжээ. Энэ нь сүүлийн 10 жилд тус дүүрэгт бичиг үсэггүй хүний тоо 540-өөр нэмэгдсэн гэсэн үг юм. Ийм хүмүүсийн цаана дараагийн үе нь хэрхэн өсөж, хүмүүжиж байгааг таамаглахад төвөггүй. Мал маллана гэдэг шалтгаанаар хэдэн үеэрээ сургуулиас завсарддаг байдал нь ажилгүй, орлогогүй, мэдлэг мэдээлэлгүй, үг хэлээ илэрхийлэх иргэний зориггүй бүтэн үе, давхаргыг үүсгэж байна.

Од бүсгүйгээс хүүхдүүдээ цар тахлын үед хэрхэн сургаж байгаа талаар асуухад “Манай том охин ирэх намар нэгдүгээр ангид орно. Харин гурван настай хүү маань цэцэрлэгтээ үргэлжлүүлэн сурна. Ковид-19 гарснаас хойш багш, сурагчийн холбоо тасарсанд сэтгэл дундуур байна. Охины тухайд бэлтгэл бүлгийн хичээлээ үзэж чадаагүй. Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосноос хойш охины ангийн багш хүний утсаар дамжуулж нэг л удаа холбогдсон. Ингэхдээ нэг шүлэг цээжлэх даалгавар өгсөн. Миний хувьд бичиг үсэг мэдэхгүй болохоор өнөөх шүлгийг нь дуудаж өгч чадаагүй. Манай хадам эгч бидний дундаас ганцаараа коллеж төгссөн, боловсролтой нь учраас охины шүлэг цээжлэх даалгаварт тусалсан” гэлээ. Түүнээс “Бичиг үсэг сурах хүсэл эрмэлзэл бий юү, 35 үсгээ бие дааж сурах гэж хичээв үү. Фэйсбүүк ашигладаг уу” гэж лавлавал, “Бичиг заагаад өгөх хүн байхгүй. Хорооноос бичиг үсэггүй иргэндээ хичээл заавал сурах юм сан гэж боддог. Харин фейсбүүк хаягаа мөн л эгчийгээ гуйж байж нээлгэсэн. Гэхдээ бүрэн ашиглаж мэдэхгүй” гэлээ.

ХОЁР ЖИЛЭЭР УХАРСАН ХОЙЧ ҮЕИЙНХНИЙ ЗОВЛОН

Ийн цас дөнгөж л ханзарч, хаврын урь орж буй гуравдугаар сарын сүүлчийн өдөр Одынхоос гарч явахдаа “Ковид-19-ийн дараа бид хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдээ яах вэ, сургалтын агуулга, арга барил, систем, хичээлийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулах нь зөв үү. Хүүхдүүдээ улираах уу, урагшлуулах уу” хэмээх асуулт тээн СХД дэх дараагийн айл болох Цэцэгийн (Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг өөрчлөв) гэрийг зорилоо.

Цэцэг бүсгүй 33 настай бөгөөд 6-11 насны гурван хүүхэдтэй, одонгийн хүүхдээ хүлээж буй таван сартай, хөл хүнд ээж. Биднийг очиход гэрийн эзэн ажилдаа явсан байв. Ковид-19 цар тахлаас болоод жил гаруйн хугацаанд нөхөр нь ажилгүй, гэртээ суусан гэнэ. Нөхөр нь хорио цээрийн дэглэм суларснаас хойш нэгэн хувийн компанид мужаанаар ажиллаж буй аж. Тэдний бага хүү зургаан настай, ирэх намар нэгдүгээр ангид орох бол дунд хүү нь гуравдугаар анги, ууган нь долдугаар ангид орох юм байна.

Тэрбээр “Миний хувьд сургуульд сурч байгаагүй учир тодорхой мэргэжилгүй. Төв аймгийн Гурванбулаг суманд мал маллан амьдардаг байсан. Би эцэг эхээсээ есүүлээ. Айлын дунд буюу тав дахь охин нь. Аавын дүүгийнх хүүхэдгүй айл байсан учраас намайг таван настай байхад Алтанбулаг руу авч явж, мал дээр гаргасан. Ингээд би гэдэг хүн айлын ганц охин болж, хөдөө эрх дураараа өсөж торнисон. Сурах, унших, хичээлд явах тухайд ер бодож байгаагүй. Өсгөсөн аав ээж маань ч тэр талаар санаа зовнидоггүй байлаа. 18 нас хүрсэн жилээ Улаанбаатарт ажил хийхээр ирсэн юм. Мэдээж ажлын байрны шалгуур хэцүү. Тавхайгаа эргэтэл ажил хайсны эцэст “Өнхрүүш” гэх боовны үйлдвэрт орсон. Тэндээ гурван жил ажилласан. Энэ хугацаандаа нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон” гэв.

СХД-ийн …дугаар хорооны иргэн Г.Цэцэгийн гэрт/2021.03.31

Цэцэгээс хүүхдүүдийнх нь хичээлийн хоцрогдол болон ирэх намар улирч сурах асуудлын талаар юу гэж бодож байгааг асуухад нөхөр нь гадна дотнын ажлаа амжуулчихдаг болохоор өнөөдрийг хүртэл бичиг үсгийн хэрэгцээтэй төдий л тулгарч байгаагүй гэдгээ Цэцэг хэллээ. Банкнаас хүүхдийн мөнгө авах зэрэгт нөхөр нь өмнөөс нь гарын үсгийг нь зурчихдаг гэнэ. Цэцэг хэлэхдээ “Энэ бүхнийг ярьж байгаа нь амьдралд сурч, мэдэх хэрэгцээ байхгүй гэж хэлэх гэсэн юм биш ээ. Дөрвөн хүүхдүүдээ боловсролтой, бичиг үсэгтэй хүн болгоно. Манай нөхөр цаг заваараа хүүхдүүдийнхээ хичээлийг заагаад болоод л байдаг юм. Харин Ковид-19-ийн дараа яана даа гэж бодогдолгүй яах вэ. Том хүү маань гэхэд ирэх намар долдугаар ангид орно. Тав, зургадугаар ангийнхаа хичээлийг бүрэн үзсэнгүй. Теле хичээл нь зурагтаар гардаг ч эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү, тэр бүр анхаарч үзэхгүй юм. Би өөрөө унших нь бүү хэл үсгээ ч танихгүй учраас хичээлээ хий, алив заагаад өгье гэж хэлж чаддаггүй” гэв.

Үргэлжлүүлэн “Ер нь л амьдрал хэцүүдэж, ажил, орлогогүй айлууд гэр хороололд олон байна. Энэ айлуудын дунд зурагтгүй нь ч бий. Зурагтгүй, ухаалаг утасгүй айлын хүүхдүүд тэр бүр теле хичээл үзэх гээд айл руу гүйгээд байх боломжгүй. Тэгэхээр нэгэнт бүтэн үеийнхний ирээдүйг баллахгүйн тулд улираах л хэрэгтэй болов уу” хэмээн санаагаа цухалзууллаа.

Цэцгийн хэлсэн шиг, бас Одынд тулгарсан шиг зурагтгүй, ухаалаг утасгүй, цаашлаад дэд бүтэцгүйн улмаас теле хичээлд хамрагдаж чадаагүй 178 мянга гаруй сурагч байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Тэдний гуравны нэг орчим нь нийслэлд бий.

Цэцэгийн тухайд хөдөө рүү явсан цагаасаа ном, дэвтэр дэлгэж, үзэг, харандаа нийлүүлж үзээгүй бөгөөд үсчин болох мөрөөдөлтэй байжээ. Тэдний амьдардаг хорооноос байсгээд л үсчин, тогооч, гоо сайхны чиглэлийн сургалтанд урьдаг ч өөрийнхөө үсэг мэдэхгүйн бэрхшээлээс болж сурах боломжоо хязгаарлаж, хэд хэдэн удаа татгалзжээ. “Үсчин болох жаахан охины мөрөөдөл биелэх боломж байжээ. Гэхдээ яагаад…” хэмээвэл тэрбээр “Уншиж, бичдэг үү гэж асуудаг тэр шалгуураас нь болоод сургалтанд очихыг хүсдэггүй” хэмээв.

Хоёр жил дараалан танхимын сургалтыг 70-80 хувь тасалдуулаад буй цар тахлын үед сурагчид, тэр дундаа гэр хороололд аж төрдөг хүүхдүүд гэрээрээ хичээлээ үзэж, Ковид-19-ийн дараа хичээлийн хоцрогдлоо арилгахад эцэг, эхийнх нь дэмжлэг юу юунаас илүү чухал. Харамсалтай нь, бидний зорьж очсон хоёр айлын эзэгтэй нар өөрсдөө бичиг үсэггүй байгаа нь цар тахлын энэ үед болон дараа үед боловсролын салбарт тулгарах сорилт амаргүй байхыг харуулж буй юм. Монгол Улсын өнцөг булан бүрд аав, ээж, ах дүү, өвөө эмээ, ач зээ нийлсэн өрх бүл бичиг үсэггүй, хэн нь хэндээ хичээл заах арга ухаанаа олохгүй, ухаалаг утас, цахим хичээлийг хэрхэн, ямар сувгаар хүлээж авахаа мэдэхгүй хөл хорионы өдрүүдэд аж төрж байна. Од болон Цэцэг нарын боловсролын хоцрогдлын урхаг сургууль, цэцэрлэгийн насны гурван хүүхдэд нь нөлөөлөхгүй гэх баталгаа үнэндээ байхгүй.

Угаас бичиг үсэг тайлагдаагүйгээс эхлээд амьжиргаа муутай, тэгш хүртээмж алдагдсан манай боловсролын салбарын хэврэг суурийг Ковид-19 хэмээх давагдашгүй хүчин зүйл буталж орхих бодит эрсдэлтэй бид нүүр тулж байна.

Бас нэг тоо хэлье. СХД-ийн хэмжээнд 10628 хүн ямар нэгэн түвшний боловсролгүй байгаагаас тал хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр хүмүүсийн цаана мөн л боловсролын хоцрогдолтой, цахим хичээл хүлээж авах боломжгүй, хүүхдийнхээ сурах идэвхид нь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоогүй, сургууль завсардахад бэлэн, сурч боловсрохын ач холбогдлыг ойлгоогүй хойч үе олуулаа бойжиж байгаа гэсэн үг юм.

Монгол Улсад Ковид-19-ийн анхны тохиолдол илэрч, хөл хорио тогтоон, хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосноос хойш яг 14 сар өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 35 долоо хоногийн хичээлийг сурагчид танхимаар биш, дэлгэцээр хүлээж авлаа. Харамсалтай нь, дэлгэцээр дамжиж буй сургалтын шийдэл алслагдсан дүүрэг, сум, орон нутгийн сурагчдад хүртээмж муутай, эцэг эхийн оролцоо туйлын хангалтгүй үргэлжилж байгаа нь өнөөдөр Монгол Улсын хэмжээнд онцгойлон анхаарах чухал асуудал болжээ. Салбарын дэд сайд теле хичээлийн хамрагдалт, түүний үр дүн сайн байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр зөвхөн нэг дүүргийн, нэг хорооны хоёр айлаар ороход л тэс өөр дүр зурагтай байгаа нь харагдана.

Харин орон нутгийн хувьд теле хичээлийн хүртээмж тун базаахгүй үзүүлэлттэй байна. Сэлэнгэ аймгийн зургадугаар сургууль гэхэд төвөөсөө нэлээд алслагдсан бөгөөд амьдралын боломж тааруу хүүхдүүд суралцдаг тул хамрагдалт хангалтгүй байгаа аж. Тус сургууль 527 сурагчтай бөгөөд үүний 30-аад хувь нь агуулгын хоцрогдолд орсныг сургалтын менежер Г.Баярмаа хэлэв. Хичээлийн хоцрогдолтой сурагчдын ихэнх нь мал бүхий иргэдийн болон амьдралын нэн ядуу түвшний хүүхдүүд байгаа аж. 115 хүүхэд зурагтгүй, олон ам бүлтэй айлын хүүхэд тул хичээлийн суваг нь давхацдаг, мөн ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй ангилалд байгаа юм байна.

Нөгөөтэйгүүр, аймгийн хэмжээнд интернэт сүлжээгээр бүрэн хангагдаагүй, хурд удаан байгаа нь теле хичээл үзэхэд тулгарч буй том саад. Харин хичээлийн агуулгын чанар, багшийн заах арга зүй талаас нь яривал бүр өөр дүр зураг гарч ирнэ. Г.Баярмаа “Теле хичээлийн хувьд үнэхээр заах арга зүй сайтай, шалгарсан багш нар хичээлээ интеграцчилж зааж чаддаг ч танхимын чанартай адилгүй. Агуулгынхаа дөнгөж 60 хувийг л хүргэж байгаа. Ангийн 1-2 хувь л боломжийн түвшинд суралцаж байна. Ер нь теле хичээлийн агуулгаар үнэхээр хариуцлагатай, чадвартай хүүхдүүд л суралцах боломжтой байна” гэлээ.

Иймд Ковид-19-ийн дараах боловсролын орчин, ерөөс боловсролын өнөөгийн тогтолцоо, систем, хөтөлбөр, сургалт гээд түм буман асуудал тодорхой хариулт нэхэн хөвөрч байна.

Алсагдсан сум, баг, дүүрэг, гэр хороолол, тэр тусмаа амьжиргааны түвшин доогуур айл өрхийн сурагчдад боловсролын чанарыг тэгш хүртээх, тэдний гэртээ сурах орчныг судлах, эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг тандах зайлшгүй хэрэгцээ байна. Ингэхдээ сурагч хичээл, сургуулиасаа хоцорч байгаа шалтгаан нөхцөлийг зөв тодруулж байж бид хүүхдэд өгөөжгүй, нэг л дорвитой урагшлахгүй байгаа боловсролын хүртээмжийн гажигийг засаж чадна.

Хэдийгээр дэлхийг хэрсэн цар тахлын нөлөө нийгэм, эдийн засгийн бүхий л секторт нөлөөлж байгаа ч хамгийн хүнд цохилт авсан хэдхэн салбарын нэг нь боловсрол. Мэдээж Ковид-19-ийн дараа яах вэ, хэрхэн хоёр жил орчмын хугацаанд орхигдож, хоцрогдсон сурагчдаа барьж авах вэ, сургалтын агуулга, чанар, хүртээмжид яаж анхаарах вэ, үнэнтэй нүүр тулж, сурагчдаа улираах уу, теле болон цахим хичээлийн хүртээмж сайн байсан гэж өөрсдийгөө хуураад өнгөрөх үү гэдэг нь бараг л бүх хүн анхаарах асуудал болчихоод байна. Ялангуяа бодлого боловсруулдаг салбарын яам, эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид гээд Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогчид Ковидын үед боловсролын салбарт гарсан алдаа завхарлыг Ковидын дараа арилгахад өдийд манлайлж байх учиртай.

Бид шинэ мянганы эринд боловсролын хоцрогдлоос болж тээр хойно гээгдсэн, энэ цаг үед хамгийн эмзэг хэсгийнхэнд цар тахлын нөлөө хэрхэн тусаж байгааг бодитоор харуулахыг хичээлээ. Нэг ч хүүхэд, нэг ч иргэнийг боловсролоос гадуур үлдээж болохгүй гэх Тогтвортой хөгжлийн үндсэн зорилт бий. Дэлхий нийтээр хүнээ хөгжүүлэх, мэдлэг олгоход анхаарч байна. Том гүрнүүдийн амбийц болчихоод байгаа боловсролын салбарын хөгжлөөс бид ч мөн хоцорч, гээгдэх учиргүй.

Үе үеийн боловсролын салбарын сайд нар “Бидэнд дэлхийн боловсролын хөтөлбөр л хэрэгтэй” гэсээр өөр өөрсдийн сургалтын арга зүй, программ боловсруулдаг. Нөр их ажил, хөрөнгө хүч, төсөв мөнгө зарцуулсан тайлан тооцоо нь ч байдаг. Гэтэл болж байна, бүтэж байна хэмээн дэвэрч явсан Монголын боловсролын салбарыг Ковид-19 цар тахал хоёр жилийн хугацаанд бүрнээ шалгачихлаа. Харин бид техник технологи дутуу, багшлах арга зүй дулимаг, зайнаас боловсрол олгох туршлагагүй, сурагч болон багш нарын холбоо харилцаа бүрхэг байсаар өнөөдөртэй золгожээ. Сүүлийн 20 жилийн байдлаар 17 сайдын нүүр үзсэн Монголын боловсролын тогтолцоог цар тахлын оношлуураар шалгаж үзвэл эерэг гарах нь гарцаагүй. Орчин үеийн бодлого нэрээр салбарыг “өмчилдөг”, улс төржүүлдэг, мөнгөний нүдээр хардаг үе үеийн сайд, дарга нарын балгаар энэ салбар өндөр хэмийн халуунтай бас халууралтай байна.

Үргэлжлэл бий…

  • Монголын боловсролоор үе үеийн сайд нар тоглосон. Дээр үеийн боловсролоо хадгалаад явах байсан. Энэ үеийн алуурчдаас болж боловсрол маань сүйрч байна. Боловсролын сүйрэл гэдэг нь улсын сүйрлийн эх. Яалтай билээ. 1000 ширхэг буюу 1000 боловсролоор мэргэшсэн хүний болон миний үгийг сонсоод өгөөсэй. Бид эрх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй нэгэн. Бас тэр мэргэжлээр суралцсан хүмүүс. Улс төрчид биш мэргэжсэн хүмүүс нь тухайн салбарын суурь асуудлуудыг боловсруулж өгөөд та нар баталдаг болчихвол сайхансан^^

  • ene hvmvvs chini bichig vseggvi yum chini spiral gej bvr meddeggvi bololtoi. hesgiin ahlagch nar ni anhaaral tavij orh deer ni avaachij jiremsenees hamgaalah heregsel taviulahgvi bol hvvhdiin erh gedeg zvil bvr teer deer tengert l bdag bh gemeer haragdaj bn. Anhaaraldaa avah gazar ni avaach eeeee

  • Гантөмөр их шоучин хүн дээ. Юмаа ойлгохгүй мөртөө мэддэг юм шиг яриад л. Түүндээ бас хэт итгээд,  омогтой. Энэ дээрх зураг нь хүртэл найруулга. Гараа өргөж ярихаар ухаантай болохгүй. Салбараа их сэгсэрсэн. Боловсролын салбарын язгуур хэрэгцээ бол үл сэгсрэгдэх явдал. Харин, Энх-Амгалан бол бие даан сэтгэгч байж магадгүй юм билээ. Энэ салбарт тус болоосой.

Холбоотой мэдээ