Эрэгтэйчүүдийг эмнэлэгт оч гээд гуйж гувшаад бараг л нэмэргүй. Юу юугүй унаад эсвэл байж суух аргагүй болтол зовиурлаагүй л бол эмнэлэг бараадаж, эмчээс тусламж авна гэж байхгүй. Болж өгвөл гүрийж байгаад өвчнөө “дарчих” санаатай. Тэд яагаад ийм болсон бэ? Энэ зан байдлын хор уршиг үнэхээр эмгэнэлтэй дүр зураг бий болгож байна.
Хүн амын насны суваргыг харахад, 1000 амьд төрөлт тутамд эрэгтэй хүүхэд давамгайлдаг ч амьдралын явцад тэд маань янз бүрийн шалтгаанаар үрэгдсээр насны эцэст эмэгтэйчүүд нь амьдралыг ганцаараа үддэг. Энэ бол угаасаа л манай эрчүүд хэнэггүй дээ гээд орхичих зүйл биш юм. Асуудлын гол нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.3 жилээр богино байгаа нь дэлхийн дунджаас 3-4 дахин өндөр үзүүлэлт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг гурван түвшинд авч үздэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд, биеийн, сэтгэцийн, нийгмийн эрүүл мэнд гэж ангилан, тус бүрийг нь хэмжих замаар тухайн улс орны эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, цаашлаад улс орны хөгжлийн ирээдүйг тооцоолдог. Гэтэл манай эрчүүд энэ гурван үзүүлэлтэд туйлын хангалтгүй байгааг олон тоо баталлаа.
Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтээс харвал эндэгдэл гэдэг эрчүүдийг эхийн хэвлийгээс мэндэлсэн цагаас нь эхэлж отдог юм уу гэмээр. Нярайн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд эрэгтэй хүйс давамгайлж, бас ХДХВ-ийн 268 тохиолдлын 81.7 хувь нь эрчүүд байна. Улмаар 30-70 насанд нь зүрх судас, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин нас барах гол шалтгаанууд болж буй. Уг нь албан ёсны тоо баримтаар дээрх өвчлөлийн тоогоор эмэгтэйчүүд илүү байдаг. Гэвч нас баралтыг эрчүүд тэргүүлдэг бөгөөд эмэгтэйчүүдээс хоёр дахин олноороо үрэгддэг. Тухайлбал, 2013 онд 10 мянган хүн амд ногдох нас баралтаар эрчүүд 63.6 хувь байсан бол эмэгтэйчүүдийн дунд 34.3 хувьтай байжээ. Энэ тоо 2018 онд бараг өөрчлөгдөөгүй. Хүн амын 50.3 хувьд тохиолддог зүрх, судасны тогтолцооны өвчнөөр эмэгтэйчүүд эрчүүдээс 1.8 дахин их өвддөг. Гэтэл нас баралтаар эрчүүд эмэгтэйчүүдээс 1.4 дахин олон. Хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчлөл болоод нас баралтад яг л ийм зүй тогтол үйлчилж байна. Үүнийг эрчүүдийн хорт зуршил, амьдралын буруу хэв маягтай холбоотой гэж мэргэжилтэн, бодлого боловсруулагчид тайлбарладаг. Гэвч энэ тайлбар хангалттай биш.
Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ч эрчүүд “ялагдаж” байгаа. 2018 онд СЭМҮТ-өөс монгол эрчүүдийн хамгийн тулгамдсан асуудал нь архаг ядаргаа, нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, үргүйдэл хэмээн тодорхойлжээ. Үргүйдлийн гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин бөгөөд үүний “сайн найз” нь архи, тамхи зэрэг хорт зуршил. БЗХӨ тусаад хагас жил болоход л эрчүүдийн үрийн суваг битүүрдгийг хэр зэрэг олон хүн мэддэг бол? Олон улсад таван гэр бүл тутмын нэг нь үр удмаа үлдээх чадваргүй гэж үздэг бол Монголд үүнийг хангалттай илэрхийлэх, дэлгээд тавих тоон мэдээлэл, судалгаа алга. Харин АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүгийн хэлж буйгаар 25-45 насны монгол эрчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй аж. Түрүү булчирхайн үрэвсэл бол БЗХӨ-ний улмаас бий болж буй олдмол үргүйдлийн гол шалтгаан юм. Эрчүүд маань сэтгэцийн хувьд хямарч, даван туулж чадахгүй болсныг илтгэх бас нэг шинж тэмдэг нь амиа хорлолт. Сэтгэл гутрал, түгшилт зэрэг гадаад орчны дарамтаас болж 10-34 насандаа амиа хорлож буй хүмүүсийн 66.7-91.2 хувь нь эрэгтэйчүүд байна.
XXI зууны эрчүүдэд нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө үнэлэх үнэлэмж, боловсрол, мэдлэг гэсэн дөрвөн үзүүлэлт хамгийн чухал гэдгийг 2000-аад оны эхээр хийсэн олон судалгааны үр дүн харуулдгийг нийгмийн ажилтан, багш Д.Ундраа тайлбарлалаа. Манай улсад нийт массаар нь харвал эрэгтэйчүүд улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд оролцоо сайтай, дундаж цалин ч гэсэн эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Гэсэн хэдий ч боловсрол, хөдөлмөрийн нөхцөл, хоол хүнс, амьдралын хэв маяг, гэр бүлийн санхүүтэй холбоотой асуудалд туйлын эмзэг байгаа билээ. Зөвхөн 2019 онд гэхэд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн 80.8 хувь нь эрчүүд бөгөөд дээд боловсролын тоон үзүүлэлтээр ч эмэгтэйчүүд илүүрхсээр байна. НҮБ-ын Хүн амын сан болон ҮСХ-ноос хамтран гаргасан судалгаанд архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт, зам тээврийн осол, амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэжээ. Хатуу чанга байх, бусдад тийм харагдах нь хүч чадалтай эр хүнийг илтгэсэн шинж бөгөөд булчин шөрмөстэй байвал хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй байвал сул дорой гэж үзэх уламжлалт хандлага бий. Тиймээс ч эрчүүд сул дорой харагдахаас айдаг нь эрчүүдийг эмнэлэгт хандаж, үйлчлүүлэх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө бүхий өндөр эрсдэлтэй зан үйлээс зайлсхийхэд сөргөөр нөлөөлдөг аж. Энэ буруу хандлага, зан үйлийг зассанаар эрчүүдийг бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ач холбогдолтой.
Тэгвэл энэ бүхнийг бодлогын хувьд зангиадах, чиг үүргийг нь хэрэгжүүлэх газар нь ЭМЯ, ХНХЯ, БСШУСЯ билээ. Гэтэл ЭМЯ өнөөдөр эрчүүдийн эрүүл мэндийн статистикийн хүйсийн үзүүлэлтийг боловсруулахад л харьцуулалт хийхээс хэтэрдэггүй. ХНХЯ нь тэр чигтээ халамжийн бодлого хэрэгжүүлдэг аппарат болсон учраас хүн амын хөгжилд зориулсан бодлого арга хэмжээг огт авч хэрэгжүүлж, ажиллахгүй байна. Харин боловсрол хариуцсан яам нөгөө хоёр яамтайгаа яг энэ асуудал дээр хэрэг зэрэг уялдаатай ажилладгийг ёстой чөтгөр л мэдэх биз. Бөөн хэл ам болж эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулсан нь яах аргагүй үнэн ч жендерийн мэдрэмжтэй эсэх нь туйлын эргэлзээтэй.
Жендерийн мэдрэмжгүй уламжлалт ойлголт дээр 1990-ээд оноос хөвгүүдийн боловсрол хөгжлийг хөсөрдүүлсний горыг сүүлийн жилүүдэд хангалттай амслаа. Гэмт хэрэгтнүүдийн 87 хувь, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97 хувь нь эрчүүд. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл байнгын сэдэв болж, өрх толгойлсон эхчүүдийн тоо 2003 онд 63 мянга гаруй байсан бол 2018 онд 69 мянгыг давжээ. Эрчүүдийн эндэгдлийг дагаад эмэгтэйчүүд, гэр бүлүүд эндэж байна. Энэ улс ерөөсөө тэр чигтээ эндэж эхлээд байна.
0 cэтгэгдэлтэй