ЭММАНУЭЛ МАКРОНЫ АЙЛЧЛАЛ БА ЕРӨНХИЙ САЙДЫН АЛСЫН ХАРААТАЙ НҮҮДЭЛ

2023-05-22 550 0

Монгол Улсад анхны түүхэн айлчлалаа хийж байгаа БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байна. Японы Хирошимад “болзсон” “Их долоогийн бүлэг”-ийн өндөр дээд уулзалтаас шууд Монголд яарсан түүний айлчлал Монгол Францын дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийн дараа гэдгээрээ сонирхолтой, ач холбогдолтой, түүхэн.

Бөмбөрцгийн хоёр том гүрний дунд орших Монгол Улсад Баруун Европт орших тив дамнасан улсын Ерөнхийлөгч анх удаа өөрийн биеэр айлчилна гэдэг яах аргагүй анхаарал татсан, чих тавих түүхэн үйл явдал, онцгой гадаад харилцаа, олон өнцөгтэй таавар. Ерөнхийлөгч Эммануэл Макрон ямар учраас Монгол Улсыг “тоов”, манай төрийн тэргүүнүүд юу ярив, ямар хэлэлцээ хийв, тэдний ашиг сонирхол, амбиц юу байв гээд хариулт хүлээсэн асуултууд өчигдрөөс цахим орчинд давалгаалж байна. Улс төрийн аналитикчид, ОУ-ын харилцааны мэргэжилтнүүд Украйны дайны нөхцөл байдалтай түүний Монгол дахь айлчлалыг уяж байгаа ч түүгээр явж байгаа хүн төрөлхтний зовлонг үүгээр авчирч наамааргүй гэх бодол эрхгүй төрөх юм.

Учир нь, манай улсын мөнхийн эрх ашиг бол хөрш гүрнүүдтэйгээ энх тайвнаар харилцан хүндэтгэлтэй орших. Тэд ч Монголын тусгаар байдалд халдашгүй байх билээ. Тиймээс Монгол Улс ямагт төвийг сахих нь зүй ёсных юм. Түүнээс хэн нэгэн Макрон ирснээр манай улсын гадаад харилцааны бодлого ганхахгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч зочин Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, бараалхах үеэрээ харилцааны “шугам”-аа тодорхой хэлж байна билээ. Монгол Улсын Ерөнхий сайд “НҮБ болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсье. Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц шүү” гэчихлээ. Энэ тал дээр Монгол Улс хамтарч болно, чадамж бий, бодлогодоо ч тусгаснаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн-Хөрс-Хүнс” гэх Үндэсний гол зорилтоо онцолсон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо онцолж “Их долоо”-гийн нэг, дэлхийн том удирдагчийн өмнө бадар барихаа зорилго болгосонгүй, том байж чадлаа. Геополитикийн ашигтай байршил, далайд биш ч эдийн засгийн гарцтай, эрчим хүч үйлдвэрлэлийн “атар хөрс”-тэй, геоэкологийн бодлого нь дэлхийн эко системд өгөөжөө өгөх алсын хараатай улсын Ерөнхий сайд гэх бардамналаар уулзлаа гэчихвэл гойд зөрөхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Эммануэл Макроныг ашиглаад, дэлхийн олон олон удирдагчдын шүлсийг гоожуулах улс төр хийчихлээ. Тэр “Их долоо”-д үг дайхаас гадна Монгол Улсын хөгжлийн луужин болгон хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хавчуурганд нь гулсуулж орхив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монголд айлчилсан БНФУ-ын Ерөнхийлөгч  Эммануэл Макроныг Монгол Улсад яагаад яарсныг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна. Далайд гарцгүй ч эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудлаа тодорхой ярилаа. Одоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, уулзалтын сэдвээ “услах” л үлдэв.

Холбоотой мэдээ