Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Агаарын тээврийн либералчлал хийнэ

2021-02-25 760 0

КОВИД-19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар. Нэгтгэсэн тоон мэдээллүүд ч үүнийг нотолж буй. КОВИД-19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар 13-17 сарын сул зогсолт хийгээд буй бөгөөд 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болжээ. 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7.2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65.8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97.6 хувь хүртэл буурчээ.

Иймд тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь хэрхэн босгож, үйл ажиллагааг алсын хараатай, шинэ арга барилаар хөгжүүлэх вэ гэдгийг ярилцахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй Засгийн газрын танхимын таван сайдын хамт уулзалт хийлээ.

Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллах бөгөөд үүний тулд салбар дахь асуудлаа ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд онцолсон байна.

Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд төр хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Урт хугацаандаа дэлхийн зах зээлд чиглэсэн Монголын аялал жуулчлалын таван кластер хөгжлийн төв бий болгон ажиллах зураглалыг ч мөн танилцуулсан.

“Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдсэн энэхүү хямралыг боломж гэж харах хэрэгтэй. Монгол Улс 2029 он гэхэд ГУРВАН сая жуулчин хүлээж авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Алсын хараа” хөгжлийн хөтөлбөртэй нийцнэ гэж үзэж байна. Манай бүс нутгийн Орос, Хятад, Хонконг, Солонгос гэсэн дөрвөн улсад дэлхийн өнцөг булан бүрээс жилд 1.7 тэрбум жуулчин ирдэг бөгөөд үүний 0.2 хувийг л хүлээж авахад бид дээрх зорилтдоо хүрнэ.

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоооны тэргүүн Н.Нарангэрэл: КОВИД19-ийн хамгийн том хохирогч бөгөөд ажилгүй болсон 88 мянган хүний нэг би өөрөө. Бидний ажил эрхлэлт бүрэн зогссон. 100 хувь орлогогүй болсон байна. Тиймээс ХНХ-ын сайд болон БОАЖ-ын сайдад тодорхой хүсэлт тавья. Сайн дурын даатгалд хамрагддаг хүмүүсийн тасалдсан даатгалын асуудлыг шийдэж өгнө үү.

Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.

  • КОВИД19- ын хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ
  • Агаарын тээврийн либералчлал хийнэ
  • 2021.05.01-ээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ
  • Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  • Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана” гэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ