З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

“Нарт хангай”-н амь нэгтэй гэр бүл хаачив?

2021-03-29 1116 0

Одоогоос гурван жил гурван сарын өмнө Багахангай дүүрэгт хараа хяналтгүй хүүхдүүдийн сургалт хөгжлийн “Нарт хангай” төв байгуулагдаж байв. Эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутсанаас арга буюу гэрээсээ дайжсан хүүхдүүдийн баяртай, гунигтай баялаг амьдралын гэрч болж байсан тус төв одоо даанч байхгүй. Байшин нь хөндий хонгил мэт эзэнгүйрчээ.

2018 оны өвөл “Нарт хангай”-аас хоёр хүүхэд оргож, хөлдөлтийн байдалтай олдсон гэдэг мэдээллийн дараа тус төвийн талаарх мэдээлэл усанд хаясан чулуу мэт таг чиг болсон юм. Тиймээс бид Улаанбаатар хотоос зүүн урд зүгийг чиглэн явсаар 97 км-ийн зайтай оршдог Багахангай дүүрэгт “Нарт хангай”-н сургийг гаргахаар ирэв. Дундаж сумын дайтай тус дүүргийн хүн бүр “Нарт хангай”-г мэддэг тул анх очиж буй бидний хувьд олоход төвөгтэй байсангүй.

Гаднаа нэр хаяггүй, хаалга үүд нь цоожтой нэг давхар байшин дүнсийн угтах нь тэр. Манаач ч алга. Сураг ажгийг нь гаргахаар хажуугийнх нь “Хангай” цогцолбор сургууль руу ортол ашгүй жижүүр болон захиргааны ганц нэг ажилтан нь байх аж. Хэрэг зоригоо хэлж, учир явдлыг тодруулав.“Нарт хангай” төв хаагдаад хоёр жил гаруй болж байна, хаагдсан шалтгааныг нь мэдэхгүй, оронд нь дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн (ГБХЗХ)-ийн хэлтсийнхэн байрлаж байгааг тэд ярилаа.

Төрийн албан хаагчдын цайны цаг дуусаад нэлээд хугацаа өнгөрчээ. Уг нь “Нарт хангай”-г шууд удирдлагаар хангадаг байсны хувьд дүүргийн ГБХЗХ-ийн хэлтсийнхэнтэй уулзчихвал гол мэдээлэлээ авах тул тэднийг хэсэг хүлээв. Хүлээх зуураа цонхных нь гаднаас доторх байдалтай танилцлаа. Хичээлийн танхимын хэдэн ширээ, ганц нэг тавиур, номын сангаас бусад өрөөнд нь эд хогшил гэхээр зүйл байхгүй аж. Хааяа нэг эвдэрч хэмхэрсэн эд зүйлс мэр сэр харагдана. Харин 3-4 өрөөг нь албан хэрэгцээнд зориулан тохижуулсан бололтой.

Бид цаг алдахыг хүссэнгүй, учир явдлыг тодруулахаар “Нарт хангай”-д ажиллаж байсан хүмүүстэй холбогдож эхлэв. Одоо ГБХЗХХ- т ажиллаж байгаа, өмнө нь “Нарт хангай”-д албаны даргын албыг хашиж байсан н.Тогмидтой утсаар холбогдсон ч тэрбээр “Нарт хангай” төв яагаад гэнэт хаагдсан шалтгааныг хэлсэнгүй. н.Тогмид бидний хооронд ийм яриа өрнөв.

-“Нарт хангай” хэзээ, яагаад татан буугдсан юм бол?

-2019 оны нэгдүгээр сард татан буугдсан. Ямар шалтгаанаар татан буугдсаныг нь мэдэхгүй.

-Хүүхдүүдийг нь яасан бэ?

-ГБХЗХГ-аас асуусан нь дээр байх. Би ер нь тэр үед ирэн очин байсан. Би 2018 оны дөрөвдүгээр сард ажлаа авч, 2019 оны нэгдүгээр сард төв татан буугдсан. Тухайн үед 20 гаруй хүүхэд байсан.

-Эмэгтэй хүүхэд байсан уу. Тэднийг яасан бэ?

-Анх ирсэн хүүхдүүд дотор хоёр эмэгтэй хүүхэд байсан. Гэхдээ эмэгтэй хүүхдүүд байх нөхцөлгүй гээд өөр асрамжийн газар шилжүүлсэн. Татан буугдах үед хүүхдүүдийг нь хэд хэдэн асрамжийн газар хуваарилсан.

-Хүүхдүүд оргосон тохиолдол гарсан. Ер нь хэр зэрэг давтамжтай оргодог байсан бэ?

-Тэр тухай нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Дээд газраас асуусан нь дээр. Эд хөрөнгийг нь ч гэсэн тухайн харьяаллын газарт шилжүүлсэн. Түүнээс биш бид мэдэхгүй гээд утсаа таслав.

ТЭД АМЬ НЭГТЭЙ ГЭР БҮЛ БАЙСАН

Түүнээс гадна бид тус төвд ажиллаж байсан 3-4 хүнтэй холбогдож уулзсан ч хэн хэн нь энэ талаар ярихаас татгалзаж, дээд байгууллагаас асуу гэдэг л хариулт өгч байсан юм. Харин хүүхдүүдтэй нэлээн ойр ажилладаг байсан нийгмийн ажилтантай уулзаж, хүүхдүүдэд ямар үйлчилгээ үзүүлдэг байсан талаар асуухад тэрбээр “Анх хараа хяналтгүй хүүхдүүдийг авчирч, засаж хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулна гэхэд бид ч гэсэн айж л байсан. Гэсэн ч хүүхдүүдтэйгээ олон зүйлийг даван туулсан. Төв хаагдаж, салж хагацсанаа бодоход маш хэцүү байдаг. Чухам яагаад хаагдсаныг нь мэдэхгүй. Тэр талаар дээд газраас л асуусан нь дээр байх. Одоо ч гэсэн хааяа багшаа гээд зарим нь утсаар ярьж, мессэж бичдэг ч би тэр бүрт нь харилцаад, туслаад, гэр орондоо байлгах боломжгүй. Гэсэн ч үнэн сэтгэлээсээ тэр хүүхдүүдийг хайрласны үр дүнд маш олон хүүхэд засарч хүмүүжсэнийг би бардам хэлнэ. Нэг жилийн турш 47 хүүхэд үйлчилгээнд хамрагдсан. Сүүлд хаагдахад 28 хүүхэд байсан. Нэг гэр бүл болж амьдарч байсан хүүхдүүдийг тал тал тийш нь аваад явахад маш их уйлаан майлаан болсон. Одоо эргээд бодохоор уйлчих гээд байх юм. Том хүүхдүүд маань “Багш аа, гэртээ харья” гэж уйлаад, зарим нь гар хуруугаа зүснэ, цусаа ханана гэж хүртэл хэлж байсан” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Төр нэг ч гэсэн хэрэгтэй үйлчилгээгээ татаад авчихсанд харамсдаг. Бид муу ажилласан гэж бодохгүй байна. Цоо шинэ үйлчилгээ тул манай үйл ажиллагаатай танилцах гэж олон хүн ойр ойрхон ирдэг байсан. Харамсалтай нь тэр бүрт хүүхдүүдийн маань сэтгэл зүй тогтворгүй болж, бидний ажилд хүндрэл гардаг байсан. Миний ажигласнаар, бидний ажлын үр дүнг унагадаг байсан нэг зүйл бол хүүхдүүдийн ар гэртэй нь ажиллах асуудал маш хангалтгүй байсан. Эндээс хүүхдүүд хайрыг мэдэрчихсэн очиж байгаа. Гэтэл эцэг эх нь хүүхдээ хайрладаггүй. Ээжээ гээд очоод тэврэхэд ямар ч өөрчлөлтгүй ээж нь зогсож л байдаг” гэсэн юм.

ХҮҮХЭД ОРГОСОН УЧРААС “НАРТ ХАНГАЙ”-Г ХААВ

2018 оны 12 дугаар сард 11 ба 14 настай хоёр хүүхэд оргосон нь тус төвийг хаах шалтгаан болсон талаар ГБХЗХГ-ын тамгын газрын дарга Ш.Чинбат хэллээ. Тэрбээр“Өвлийн улиралд хот руу явах, оргох, мөн 100-гаад км-ийн зайтай газраас замын унаанд суух зэрэг эргээд хүүхэд өөрсдөө эрсдэлд орох нөхцөл болсон учраас төвийг татан буулгасан” гэв. Асрамжийн газраас ч гэсэн хүүхэд оргох тохиолдол байдаг. Та бүхэн энд төвөө байгуулахдаа оргоно гэдгийг тооцоолоогүй юм уу. Ер нь яагаад энд байгуулсан юм бэ? гэсэн асуултад тэрбээр “Тооцоололгүй яах вэ. Гэхдээ бидэнд байрны асуудал мөн тодорхой орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байсан. Тиймээс боломжтой хувилбар нь Багахангай байсан” гэлээ. Гэвч ХЭҮК “Нарт Хангай” төвийн зөрчлүүдийг илрүүлж, “Хууль бус шийдвэр гарган, хүүхдийн эрхийг зөрчсөн үр дүнгүй үйл ажиллагаа явуулсан” гэж дүгнэсэн юм. Энэ нь тус төвийн үйл ажиллагааг зогсоох нэг шалтгаан болсон аж.

Эх сурвалжуудын хэлж буйгаар 2019 оны нэгдүгээр сард “Нарт хангай”-г татан буулгах үед байсан хүүхдүүдийг “Өнөр бүл” асрамж, халамжийн төв, нийслэлийн “Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болон бусад газар хуваарилсан байна. Зарим нэг нь хулгайн хэргээр баригдаж хоригдсон, газ үнэртэж байгаад харамсалтайгаар амиа алдсан, шилжиж очсон асрамжийн газраасаа зугтсан гээд эргээд маш өндөр эрсдэлд орсон тохиолдлууд ч бас байна.

НЭГ ЖИЛИЙН НАСТАЙ ТӨРИЙН БОДЛОГО

Уг нь 2017 онд “Нарт хангай”-г байгуулахдаа хараа хяналтгүй хүүхдүүдэд бусадтай адилхан хөгжлийн үйлчилгээ тохиромжгүй, заавал тусгайлсан хариу үйлчилгээ хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс ч 2017 оны 10 дугаар сард улсын хэмжээнд илрүүлэлт судалгаа хийхэд нийтдээ 97 хүүхэд хараа хяналтгүй, гудамжаар гэр хийж, орц хонгилоор оромж хийж явсныг тогтоожээ. Улмаар тэдгээр хүүхдийг гэр бүлд нь нэгтгэхийг нь нэгтгэж, үлдсэн 17 хүүхдийг “Нарт хангай”-д авчирч хариу үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Тэд 8-16 насны, 1-3 дугаар ангийн боловсролтой, хорт зуршлын хэрэглээтэй, PC тоглоомд донтсон, эрсдэлийн зэрэг өндөртэй хүүхдүүд байсан юм. “Нарт хангай” үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт 47 хүүхдэд үйлчилсэн аж. Энэ бол зүгээр нэг тохиолдлоор хийсэн ажил биш юм. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хараа хяналтгүй хүүхдүүдийн бүртгэл хяналтыг сайжруулж насанд хүртэл нь хамгаалах, амьдралд хөлөө олоход нь туслах бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнийх нь бодит илрэл “Нарт хангай” хараа хяналтгүй хүүхдийн сургалт хөгжлийн төв байсан юм. Харамсалтай нь сүртэй эхэлсэн энэ бодлого нам жимхэн бөхөв. Бодлого бөхдөг юм байж. Хүүхдүүд нь харин хаачсан бэ. Тэднийг анх бүртгэсэн шигээ араас нь санаа тавьж, эрсдэлээс сэргийлсэн нь хэд вэ?

Үүнээс гадна татвар төлөгчдийн мөнгө ямар ёолох биш гэсэн шиг нэгхэн жилийн настай бодлого хэрэгжүүлэхийн тулд улсаас 377 сая төгрөг зарцуулсан байдаг аж. Энэ мөнгийг үр дүнгүй гэж үзэх шалтгаан хангалттай бий.

Тамгын газрын дарга Ш.Чинбат “Анхны хөрөнгө оруулалт нь 200 гаруй сая төгрөг байсан. Тухайн үедээ манай газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа тавилга хийдэг хүмүүсээр тохижилтыг нь хийлгэсэн. Тэр нь нэлээд эвдэрч хэмхэрсэн. Одоо “Нарт хангай” дээрээ байгаа. ДСП хавтангаар хийсэн учраас хүүхдүүдийн гарын ая даагаагүй. Хаалга үүд, номын сан, гал тогооны сэлбэг хэрэгсэл гээд бүгд жилийн дараа гэхэд ашиглах ямар ч боломжгүй болсон байсан” гэлээ. Тэрбээр анхны хөрөнгө оруулалтын талаарх тодорхой тоог цээжээр мэдэхгүй, доод албан тушаалтнаараа дамжуулан эргээд мэдээлье хэмээсэн юм.

Харин эрх бүхий байгууллагын дүгнэлтээр “Нарт хангай”-г 377 сая төгрөгөөр байгуулсан боловч үр дүнгүй ажил болсон гэж үзжээ. Үнэндээ ширхэг хадаасыг ч татвар төлөгчдийн мөнгөөр авч, тохижуулж байсан тус төвийн үлдсэн эд хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна. Багахангайд бидний уулзсан хүмүүсийн хэлж буйгаар хаагдахад нь ГБХЗХГ-ынханд нэг ширхэг ширээний бүтээлэг, цонхны хөшгийг нь ч дутаалгүй хүлээлгэж өгсөн аж.
Татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан тэрхүү эд хэрэгслүүд болон хүүхдүүдийн талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас утсаар лавлахад тэрбээр

-Би наад мэдээллийн чинь талаар юу ч мэдэхгүй.

-Та агентлагийн хүүхдийн газрын даргаар ажиллаж байхдаа энэ төвийн тохижилт бүх зүйлийг нь хариуцаж байсан биз дээ?

-Тийм. Гэхдээ тэрнээс хойш яасан ийсэн, нүүж суусан талаарх мэдээлэл нь надад байхгүй. Эхлээд би ямар ч байсан мэдэх хэрэгтэй байна.

-Та одоо ч хүүхдийн газрын даргаар ажиллаж байгаа биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ би яагаад татан буугдсан, яасан ийсэн гэх мэт урьд өмнөх мэдээллүүдээ бэлдэх хэрэгтэй байна гэсэн хариу өгсөн юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Ц.Алтанзаяа дарга “Нарт хангай” төвийг татан буугдах үед үүрэгт ажилдаа байгаагүй бөгөөд зөрчил гаргасан гэдэг шалтгаанаар халагдаж, эргээд жил гаруйн хугацаанд шүүхээр явсаар буцаж орж иржээ. Гэхдээ тэрбээр хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлийн мэргэжлийн хүн биш аж.

Хүүхдийн төлөө гэх сэтэртэй төрийн байгууллага нь ийм байгаа учраас л хүүхэд хамгаалал одоог хүртэл өсөж өндийж чадахгүй, улсаас тэрбум тэрбумаар нь төсөв баталдаг ч тэрхүү мөнгө зорилтот хүүхдүүддээ, хүрэх ёстой газартаа хүрэхгүй байгааг тайлбарлаж болно. Энэ бүхний хамгийн тод илрэл нь “Нарт хангай” төв учраас бид очиж сурвалжилсан хэрэг. “Нарт хангай” татан буугдсан ч хараа хяналтгүй хүүхдүүдийн хамгаалал, аюулгүй байдал шийдэгдээгүй. Хүүхдийн төлөөх төрийн бодлогыг ингэж хэрэгжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй цацсаар байгаа нь Засгийн газар, салбар хариуцсан яам, агентлагийн үйл ажиллагаанд муу дүн тавих хангалттай том шалтгаан юм.

 

Холбоотой мэдээ