Дарханд гурван охин, тогтоол халианд дөрвөн хүү эндэхэд Ерөнхий сайд та уучлал гуйсан юм уу

2021-01-21 3533 0

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээж огцрох хүсэлтээ өгч байна. Ингэхдээ “Би аав хүн. Охинтой. Өмөлзөх үртэй хүн. Нялх биетэй ээжийг хараад, тавчиктай нь эмнэлгээс аваад явсан хүнлэг бус үйлдэлд эмзэглэж байна. Би албан тушаалтай зууралддаггүй. Төрийн өндөр албан тушаалыг хүлээж авдаг, хүлээлгэн өгч сурсан. Би эргэж ирнэ” гэх мэт мэдэгдлээ хийгээд бууж байна. Улстөрч хариуцлага хүлээдэг жишиг тогтоолоо хэмээн танхимын нөхөд нь үгээ хэлцгээж байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд аа, Дархан-Уул аймагт нэг айлын гурван хүүхэд гэртээ амиа алдсан харамсалтай үйл явдал болж байхад төрд суугаа аав ээжүүд яагаад чимээгүй байсан юм бэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглохоор очсон өсвөр насны дөрвөн хүүхэд живж эндэхэд мөн л таг чиг сууцгаасан. 2020 онд зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж,  29 хүүхэд амиа алдсан тоо бий. Тэдний 12 нь 8 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд гэрийнхээ хашаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тоо баримт ар араасаа хөврөв. Зүрх нь зогссон энэ олон хүүхдийнхээ өмнө яагаад улстөрч аав ээжүүдийн хэн нь ч толгой гудайгаагүй юм бэ.

Мөн л өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдсан бол энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт мөн л 4 болон 6 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, эндлээ.

Коронагаас болоод гаднын улсад эх орондоо ирэх эрхээ хасуулж, Элчин сайдын яамныхаа үүдэнд хонож буй бяцхан үрс олон бий. Тэдний дуу хоолойг сонссон ч сонсоогүй мэт, харсан ч хараагүй мэт нүд нь сохор, чих нь дүлий сууцгааж байгаа Ерөнхий сайд тэргүүтэй МАН-ын “поп” ултөрчид гэнэт өнөөдөр зүүд нойрноосоо сэрэв үү. Хэчнээн хүүхэд угаартаж үхэв, хэчнээн хүүхэд аав, ээжийнхээ гарт зэрэмдэглүүлэв ээ. Энэ бүхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх та болон таны танхимын нөхөд уучлал гуйсан бил үү. Гэтэл гэв гэнэтхэн яагаад толгой бөхөлзүүлэн, намынхандаа, танхимын сайд нартаа, олон түмэнд бялууртал хайр зарлаж, уучлал гуйв. Таны уучлал цагаа олсонгүй ээ.

Таны өнөөдрийн гаргаж буй энэ бүх арга ядсан эр зориг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль угтсан сүржин шийдэл болж харагдаад байгааг энд онцлоё. Хүүхдийн цус, нулимстай мэдээ ар араасаа хөвөрч байхад хэлээ хазаад чимээгүй суусан Ерөнхий сайд ердөө дөрөвхөн сарын дараа эхлэх Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэхээр ийнхүү уснаас хуурай гарах хувийн тоглолтоо базааж эхэллээ.

Ингэхдээ зүгээр ч явсангүй, Монгол Улсын Ерөнхийлөгч “өмхий тавьчихлаа” хэмээн чанга хашхираад, суудлаасаа бууж байгаа нь хардлага төрүүлж байна. Ямар вэ, гэж үү. Тэр Монголын улс төрийн сэнтийгээс иргэдийн итгэл үнэмшил, үнэт зүйлээр хэн бүхэн, яаж л бол яаж тоглож болдгийг харуулаад явахаар зэхэв.

Холбоотой мэдээ