Д.Энхбатын эхнэр Д.Оюунцэцэг гэр бүлийнхээ түүхээс хуваалцаж байна

2021-05-28 3605 5

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын гэргий Дашдаваагийн Оюунцэцэг гэр бүлийнхээ амьдралын түүхийг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Та өөрийн ээж, аавынхаа талаар уншигчдад ярьж өгөөч?

Би бол гандангийн хүрдэн дээр тавигдсан өнчин ээжийн өргөмөл ганц охин. Манай эмээ төрөхийн хүндрэлээс болж нас барсны дараа өвөө маань ганцаараа хүүхэд өсгөж чадахгүй гээд охиноо хүрдэн дээр орхисон. Гэхдээ хүн ирж аваагүй. Улмаар найман настай байхад нь өөрөө нас барснаар ээж маань яг л Японы “Ошин” кинон дээр гардаг охин шиг айл айлд зарцлагдсан хоол олж иддэг байсан гэсэн. Аз болж ээж сургуульд орж, хожим нь эмч болсон.

Архангайд эмчээр ажиллаж байхдаа аавтай хувь заяагаа холбосон. Аав нүд хөмсөг сайтай, хөрслөг сайхан залуу байсан. Ээжтэй суугаад хүүхэд гарахгүй болохоор нь нутгийн залуучууд “Хүүхэд гарахгүй хүүхнээ яах гэж байна?” гэх маягийн юм их ярьдаг байж. Тэгэхээр нь эмээ “Өнчин өрөөсөн өссөн хүнийг эхнэрээ болгож авчихаад сална гэж бодолтгүй. Би та хоёрт сайн айлаас хүүхэд олж өгнө” гэж хэлсэн байна. Тэгэхэд би төрсөн ээжийнхээ гэдсэнд байж таарсан. Хоёр охинтой, хүүгүй айл байсан учраас эмээг очиход “Охин гарвал аваарай, хүү гарвал өгөхгүй” гэж хэлж л дээ. Тэгээд л би нөгөө “гологдсон хүүхэн” гэдэг шиг төрөнгүүтээ айлд өргөгдсөн түүхтэй. Тэр үед айлууд нэг нэгэндээ хүүхдээ өргүүлэх тохиолдол их байсан.

Ээж маань өсөхийн жаргал үзээгүй ч аавтай учирснаас хойш ханийн жаргал эдэлсээр бурхан болтлоо сэтгэл тэнүүн амьдарсан. Аав ээжийг сайхан асардаг байлаа. Хааяа хуушуур хайраад ууц нуруугаар нь халуун жин тавиад сууж байдагсан. Байрны хөгшчүүл ээжийг сайхан буянтай хүн юмаа гэлцдэг байв. Ээжийг бурхан болсны дараа аав “Хөгшнийхөө буянд хамрын ханиад ч бага хүрдэг, ямар юманд ямар эм уухаа ч мэдэхгүй энэ насыг барлаа даа” гээд уйлж байсныг санаж байна.

Нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ гэдэг асуултыг тавихгүй бол болохгүй байх?

1978 оны хоёр сарын эхээр, өвлийнхөө амралтаар Монголд ирчихээд галт тэргээр буцаж явахдаа би анх ханийгаа харсан юм. Нэг бүлтгэр нүдтэй залуу л яваад байсан. Бидэнд дундын найзууд байсан болохоор нөгөөх чинь тэднийгээ дагаад манай вагоноос салахгүй. Над руу сэмхэн хараад, би бас сэмхэн хараад л. Гэхдээ хоорондоо үг сольж чадаагүй явсаар Свердловск хүрсэн.

Тэгтэл яг галт тэрэгнээс буухынхаа өмнө нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэсэн. Найзаараа далимдуулж надад захиа бичих гэж байгааг нь мэдсэн учраас Воронеж хотод сургуульдаа очингуутаа захиа хүлээгээд суучихсан. Анхны захиа сар орчмын дараа ирсэн. Тэрнээс хойш бид мөн ч их захиа бичсэн.

Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихоод дотуур байрандаа ирэхэд Энхтайван хүрч ирээд “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэж хэлдэг юм байна. Яваад орсон чинь нөгөөх маань бүлтийчихсэн сууж байсан. Тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалсан. Сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “Хичээлээ тасалж болохгүй” гээд буцсан юм.

70, 80-аад онд хамтын амьдралаа эхлүүлж байсан хүмүүс голдуу “Бид хоёр нэг 100-гийн ортой, хажуу өрөөнд л эхэлж байлаа” гэж ярьдаг. Та хоёрын хувьд яаж эхэлсэн бэ?

Бид 1982 онд хуримаа хийсэн. Хурим болохоос өмнө нөхөр маань манайд нүүж ирсэн юм. Манайх тавдугаар хороо буюу одоогоор Тээврийн товчооны тэнд амьдардаг байсан. Тэр цагт машин тэрэг ховор байсан болохоор нүүж ирэхдээ хайрцагтай номнууд, номынхоо том бор шүүгээг морин тэргэн дээр ачаад хадмындаа ирж билээ. Одоо тэр шүүгээ манай гэрийн хүндтэй тавилга.

Ээж маань хүргэндээ их хайртай байсан. Миний тухай хэлэхдээ “Наадах чинь эрхийн тэнэг. Толгой дээрээ гаргачихав аа” гэж ирээд л захина. Нэг удаа ээжийн бие муудаад бид хоёрыг дуудуулсан юм. Дуу нь цаашаа орчихсон, дамжлуулаад гуравдугаар эмнэлгийн шатаар бууж явахдаа “Миний хүү цайны цагаар ирвэл хөлдөөсөн банш байгаа шүү, чанаад идээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлд маш тод үлдсэн. Тэгтлээ их нөхрийг маань хайрладаг байсан.

Д.Энхбат гуай бол интернэтийг Монголыг холбосон хүн. Та интернэттэй яаж танилцсан бэ?

Манай гэрт байнга ярьдаг байсан сэдэв бол интернэт. Мэйл гэдэг зүйл болохоор хэдэн мянган километрын зайтай байгаа хоёр хүн нэг нэгэндээ захиа бичихээр хэдхэн секундэд яваад оччихдог юм гэх мэтээр Ээгий ээж, бид хоёрт тайлбарлана. “Пээ, ямар сонин эд вэ?” гэж ээж уулга алдана. Иймэрхүү байдлаар л бид аав, ээж болон хоёр хүүхэдтэйгээ хоёр өрөө байрандаа бужигнаад хэдэн жил амьдарсан.

Дараа нь өөрийн гэсэн байртай болсон. Нөхөр маань ажлаасаа оройтож ирнэ. Компьютерынхаа ард олон цагаар сууж ажилладаг байсан. Залуу байсан болоод ч тэр үү би хийж байгаа ажлынх нь утга учрыг сайн ойлгохгүй “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу” гэж үе үе уурлана.

1997 онд манай хүний байгуулсан Датаком компани Монгол Улсыг албан ёсоор Интернэтэд холбож, нээлтэн дээр Ерөнхийлөгч П.Очирбат зарим сайдуудтайгаа, Орос, Америкийн Элчин сайдууд ирсэн юм. Нөхрийгөө гараад үг хэлж зогсоход нь тэр олон нойргүй шөнө ажиллаж байж улсынхаа түүхэнд чухал зүйлийг бүтээж байгаа хөдөлмөр, тэвчээрийг нь санаад өөрийнх эрхгүй нулимс гарсан. Компанийнх нь хамт зүтгэсэн тэр залуучуудаар нь үнэхээр бахархаж, бүгдийг нь тэвэрч аваад үнсмээр санагдсан.

Танай гэр бүлийн амьдралд тулгарч байсан хэцүү мөчүүд юу вэ? Хэрхэн даван туулж байв?

Би ЗХУ-д ойн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст хэдэн жил ажилласан. Дараа нь Зах зээл судлалын хүрээлэнд хэсэгхэн хугацаанд байхдаа бие өвдөж ухаанд алддаг болоод нэлээн удаан эмнэлгээр явсан юм. Бие маань маш их дордож, эцэстээ бүр хөлд орж байгаа хүүхэд шиг болчихсон. Тэр олон хоног нөхөр маань дэргэдээс холдолгүй намайг асарсан. Хааяа шөнө нүдээ нээгээд харахад халаадтай сууж л байна. Эцэст нь нэг юм бүрэн сэргээд босоход надтай нэг палатанд хэвтэж байсан хөгшчүүл “Ямар их халамжтай сайн хүү вэ?” гэж ярьцгааж байсан.

1997 онд ээжийгээ бурхан болсны дараа миний өвчин дахин сэдэрсэн юм.  Эмч нар шинжилгээнд оруулж үзээд “Тархины хорт хавдартай” гэсэн онош тавьсан. Монголд эмчлэх боломжгүй учраас гадаадад сайн эмнэлэг олох хэрэг гарсан.

Тэр хэцүү үед миний нөхрийн мэдлэг, хийсэн ажил нь аминд орсон.  Интернэт сайн мэддэг хүн учраас интернэтээр гадаадын эмнэлгүүдтэй холбогдож нэлээн их судалсан. Эцэст нь Монголд сайн дурын ажилтан байсан Америк найз нь “Оюунааг манайд Чикагод аваад ир” гэж хэлсэн.

Америк эмнэлэгт очоод нээх гоё сансрын хөлөг шиг төхөөрөмжинд шинжилгээнд орсон. Долоо хоногийн дараа хариу нь гарна гэж хэллээ. Нөхөр маань Монголоос байн байн утасдаж “Одоо яаж байна?” гэж асууна.

Долоо хоногийн дараа нэг удаа залгахад нь “Одоо яг хариугаа авах гээд явж байна. Хариугаа авангуутаа хэлнэ ээ” гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл “Та тархины хавдаргүй юм байна” гэсэн хариу гарсан. Бөөн баяр болсондоо Ээгийдээ утасдаж хэлэхээ ч мартчихсан. Хамт явсан монгол найз бүсгүйнхээ хамт Чикагогийн хамгийн тансаг ресторанд тэмдэглэнэ гээд гараад явчихсан.

Тэр хооронд хөөрхий Ээгий маань хичнээн ч залгасан юм бүү мэд. Тээр хойно орж ирэхэд утас хангинаастай угтсан. Манай найз жаахан даажигная гээд “Хариугаа авчихаад л байж байна даа” гэж жигтэйхэн дорой дуугаар хэллээ. Би нөхрөө өрөвдөөд тэсэлгүй үнэнийг хэлж сайхан мэдээгээ дуулгасан. Тэр үед хажууд нь чагнаж суусан аав маань эхэр татан уйлж байгаа нь утасны цаанаас сонсогдсон. Дараа нь эргээд санахад бид дэндүү болчимгүй тоглоом хийж байснаа ойлгосон доо.

Монголд буцаж ирээд хэдэн сар болсны дараа Датаком компанийн нэг залуутай уулзахад намайг Америк руу эмчилгээнд явсны дараа Ээгийд маш хэцүү байсан тухай ярьсан. “Ямар ч байсан би Оюунаагаа эмчилнэ, мөнгө олно. Байраа, компаниа зараад ч хамаагүй мөнгө олно. Тархи, гар хоёр маань ажиллаж байгаа цагт дахиад л босгоод ирнэ” гэж ярьж байсан тухай надад хэлсэн юм. Гэтэл өөрөөр надад сэтгэлээр унасан гэдгээ харуулж санааг минь зовоохгүй гэсэндээ чимээгүй л яваад байсныг тэгж мэдсэн.

Танай гэр бүлд баримталдаг гол зарчим гэвэл?

Бид хамтын амьдралаа эхлүүлснээс 40 орчим жил өнгөрчээ. Одоо бид хоёр хүү, нэг охинтой. Таван ач зээтэй. Хөвгүүд маань өөрсдийн бизнестэй, охин маань зураач.

Манай гэр бүлд баримталдаг нэг зарчим бий. Гэр бүлийн хоёр бие биенээ өөрийнхөөрөө явахыг зөвшөөрч чадаж байвал гэр бүл аз жаргалтай байна гэж үздэг.Адилхан биш ч бие биенээ нөхөж чаддаг. Өөртэйгээ адилхан болгох гэвэл тэр нь хамгийн том асуудал болж хувирна шүү дээ.

Манай нөхөр аавын хувьд хүүхэддээ гурван зүйлийг л захиж хэлдэг. Нэгд, бусдын санаа бодолд нийцүүлж, тэдэнд таалагдах гэж биш өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээгээрэй. Заавал аав шигээ нийгмийн зүтгэлтэн эсвэл том бизнесмэн болох албагүй. Хоёрт, амьдрах эрдэм, чадварт суралцаж байгаарай. Эрүүл байж, хүнтэй харьцаж, мөнгөө удирдаж сурах ёстой. Гуравт, хүүхдүүддээ жинхэнэ ээж, аав шиг байж, хүүхдүүдээ хайрлаж чаддаг эцэг эх байгаарай гэж хэлдэг. Компаниа өвлүүлж, өөрийнхөө мөрөөдлийг тэдэнд тулгах шаардлагагүй гэж боддог.

Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн.

 

Холбоотой мэдээ