Яармагийн 63 дугаар сургуулийн хашаанд 200 суулгац тарилаа

2021-05-15 494 0

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид, Иргэний нисэхийн үндэсний төвийн аюулгүй байдал хамгаалалтын албаны  хамт олонтой хамтран Яармагийн 63 дугаар сургуулийн орчин тойронд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 200 ширхэг суулгацыг тарилаа. Тус сургууль нь Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хороодын  хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургаж, тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургууль юм.

Ой мод нь агаар бохирдуулагч нүүрс хүчлийн хийг өөртөө хамгийн ихээр шингээн авч агаарын бохирдлыг бууруулдаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Мөн нарны тусламжтайгаар хүчил төрөгч үйлдвэрлэж усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гээд модны ач холбогдол маш их.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас уриалж байна.

Холбоотой мэдээ