Д.ӨЛЗИЙБАТ: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй

2024-12-11 50 2

“Тавантолгой түлш” компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээсэн. Үүнтэй холбогдуулан тус компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбатаас энэ талаар тодруулж, тайлбар авлаа.

-Танай компанийг химийн бодис хэрэглэж байсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу. Үнэхээр химийн бодис хэрэглэж байв уу?

-Манай компани 2023 онд дэргэдээ лабораторитой болж бүтээгдэхүүнийхээ техникийн шинжилгээг бүрэн хийж, хэрэглэгчдэд хүрэх шахмал түлшийг борлуулалтад гарахаас өмнө хяналт хийдэг болсон. Мөн дотоод болон хөндлөнгийн хяналтыг хийлгэдэг. Бид  үндсэн түүхий эд болох мидлинг шахмал түлш хоёрынхоо шинж чанарыг дотооддоо хийдэг байсан бол өнгөрсөн 4 сард Стандартчилал хэмжил зүйн газраас барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг байгууллагын стандарт болгож батлуулж чадсан. Энэ бидний хувьд томоохон дэвшил гэж харж байна. Учир нь бид өмнө нь барьцалдуулагчын шинжилгээг зөвхөн Хими, хими технологийн хүрээлэнгээр хийлгэдэг байсан бол одоо бид дотооддоо хийж чадах чадамжтай болсон. Энэ хүрээнд бид лабораторитоо барьцалдуулагчын цардуул болон ислэгийг тодорхойлох зорилгоор химийн бодис ашиглаж байгаа. Энэ бол бүтээгдэхүүнд ашиглаж байгаа гэсэн үг биш бүтээгдэхүүнийхээ чанарыг хянахын тулд химийн бодис ашигласан. Ер нь бол аливаа лаборатори химийн бодисын зөвшөөрөл авах ёстой. Бид хуулийн дагуу шаардлагатай бичиг баримтуудыг холбогдох байгууллагуудад өгсөн. Харамсалтай нь Баруун үйлдвэрийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт өнөөдрийг хүртэл гарахгүй хойшилж байна. Дүгнэлт гарвал бид Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлттэйгээ уялдаад химийн бодисын зөвшөөрөл гарна. Бүтээгдэхүүндээ химийн бодис огт хэрэглээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

-Шахмал түлшний түүхий эдийн орц найрлага өөрчлөгдсөн үү. Өөр зүйл хольж хэрэглэж байна гэсэн хардлага байна?

-Шахмал түлшний найрлага үндсэн хоёр түүхий эдээс бүрддэг. 95 хувь нь мидлинг, 4-5 хувь барьцалдуулагч буюу холбогч эдийг ашиглаж байна. Анх 2019 онд манай үйлдвэр байгуулагдсан цагаас хойш түлшний орц, найрлага огт өөрчлөгдөөгүй. Технологийн горим маш энгийн. Мидлингийг 5мм хүртэл нунтаглаж барьцалдуулагчтай хольж хэвлэж шахаад хатаагаад л болно. Технологийн горим зөрчих нарийн төвөгтэй үйлдвэр биш учраас технологийн горим алдагдаагүй.

Бүтээгдэхүүний түүхий эд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ирэх онд бид бүтээгдэхүүнээ сайжруулж, түүхий эдээ солих судалгааны ажлуудыг хийж байна. Утааг 30-40 хувь бууруулах судалгааны ажлуудыг хийсэн.

-Иргэдийн зүгээс утаа их байна, хоруу чанартай байна гэж шүүмжилж байна. Тэгэхээр утаа их байгааг та бүхэн юу гэж дүгнэж байна вэ?

-Агаарын бохирдол маш олон эх үүсвэрээс үүдэлтэй. Гэр хороололд хэрэглэж байгаа шахмал түлш, автомашины утаа, тоосонцор, станцын утаа зэрэг олон эх үүсвэрээс үүдэлтэй. Бид өнөөдрийг хүртэл шахмал түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй гэдгийг л хариуцлагатайгаар хэлье. Бидний хувьд нууж хаагаад байх зүйлгүй. Үйлвэрт очоод ямар технологиор, ямар орц найрлагаар түлш хийж байгааг үзэж болно. Өнгөрсөн хугацаанд ч бид хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ирсэн.

-Шахмал түлш хэрэглэж эхэлсэн хоёр жилийн хугацаанд утаа буурсан ч эргээд нэмэгдсэн гэдгийг иргэд, олон нийт хэлж байгаа шүү дээ. Үүнийг хатаалтын горим алдагдсан ч гэж хэлж, тайлбарлаж байна?

-2021 онд Зүүн үйлдвэр Солонгосын гадна орчны температураар хатаах технологиор баригдсан боловч манай орны цаг уурт тохироогүй. Стандартад зааснаар түлш 10 хувийн чийгтэй байх ёстой ч 12-13 хувьд хүрч чийгтэй гэдэг гомдол гардаг байсан. Энэ гомдлыг бид технологи сайжруулалтын хүрээнд үйлдвэрийн бүх шугаманд хатаах шугам тавьж 2022 оноос MNS 5679 2022 стандартын шаардлага хангасан 6 хувиас бага чийгтэй түлш гаргаж эхэлсэн. Анх эхэлж байхад Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилт, хяналт шалгалт маш сайн байсан. Сүүлийн үед хяналт шалгалт муудсан.

Нийслэлд нийт 174 аж ахуй нэгж дунд болон бага оврын ДЦС-ууд түүхий нүүрс ашиглаж байна. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот түүхий нүүрснээсээ салж чадаагүй л байна. Тухайн ААН-үүд жилдээ 120,000 тонн түүхий нүүрс түлж байгаа учраас магадгүй иргэд аваад түлж байхыг үгүйсгэхгүй. Өөр бусад эх үүсвэрээс гарч буй утааг мэргэжлийн байгууллагууд тайлбар өгөх байх. Би Тавантолгой түлш компанийг төлөөлж байгаа ерөнхий технологичийн хувьд түүхий эд өөрчлөгдөөгүй гэдгийг хэлж байна.

-Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн шалгах ажлын хэсэг гарсан юм билээ. Ямар санал дүгнэлт өгсөн бэ? Цаашид шахмал түлшээ хэрэглэсээр байх уу?

Аж үйлдвэржилтийн байнгын хороонд бид уулзаж тайлбараа өгсөн. УИХ дээр ТТТ шалгах ажлын хэсэг гарсан байгаа. Манайхыг Нийслэл аудитаас бас шалгаж байгаа. Бид шалгалтыг эерэгээр хүлээж авч байна. Энэ олон шалгалтын үр дүн биднийг зөв талаас нь харуулах байх.

Шахмал түлш нэг алхам байсан уу гэвэл бид урагш алхаж утааг 50 хувь бууруулж чадсан. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт JAICA, УЦУОШГ, НАОБТГ-ын хяналт шинжилгээгээр агаарт харагдах тоосонцрын хэмжээ 40-50 хувь буурсан нь тодорхой байгаа. Ирээдүйд шахмал түлшийг халах нь зөв. Ер нь хөгжлийн шатанд түүхий нүүрс, шахмал түлш гээд явж байна.  цаашлаад хийн түлш зоригтой шийдлүүдийг гаргаж байна. Ирэх жил 20000 айлыг хийн түлш рүү шилжүүлнэ. Мөн зуух солих асуудал яригдаж байна. Хийн түлш рүү шат дараатай шилжинэ. Энэ хэрээрээ жилд түлэх шахмал түлшний хэмжээ буурна. Мөн бүтээгдэхүүн сайжруулалтын туршилт судалгааг тогтмол хийж байна. Ирэх жил бүтээгдэхүүндээ дорвитой өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

-Барьцалдуулагчийн тухай дахин мэдээлэл өгөөч. Шохойн чулуугаар барьцалдуулж байгаа гэх мэдээлэл бий?

Манайх 2 төрлийн барьцалдуулагч ашиглаж байна. Ургамлын гаралтай эрдэнэ шишийн цардуул суурьтай бентонитийн дүүргэгчтэй целлюлоз, доломит болон байгалийн шохойн чулуун дүүргэгчтэй хоёр төрлийн барьцалдуулагч хэрэглэж байна. Түүхий эд болон барьцалдуулагч байгалийн гаралтай. Бидний барьцалдуулагчийн шинж чанарын судалгааг НЭМҮТөвөөс хүн байгальд хортой юу гэдэг дүгнэлтийг гаргадаг. Хими, хими технологийн хүрээлэнгээс агуулагдаж буй цардуул болон ислэгийн агууламж нь техникийн шаардлага хангаж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Мөн Гаалийн хяналтын лаборатори энэ бол цардуулд суурилсан цавуулаг бүтээгдэхүүн мөн юм гэдэг дүгнэлтийг өгсөний үндсэн дээр бид энэ түүхий эдийг ашигладаг. Бүх зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийж байгаа учраас энэ барьцалдуулагч болон түүхий эдийг бид ашиглаж байна.

 

Холбоотой мэдээ