Хувийнхаа телевизийн эфирийг соёлын өв дэлгэдэг музей болгох гээ юү, Ч.Номин сайд

2021-03-19 1114 0

Оюуны өмчөөр баталгаажсан, хаалтын гэрээгүй ганц телевиз гэх уриатай HD Монголын захирал бүсгүй Ч.Номин гэнэт л төрийн сайд болж томорсон. Л.Оюун-Эрдэнийн Загийн газрын сайд нарын дунд ганц “битүү морь” цээжинд гарч ирсэн нь тэр. Дэлхийн томоохон телевизүүдийн шоуг оюуны эрхтэйгээр, албан ёсоор хуулбарлаж үзэгчдэд хүргэхдээ гаршсан түүнийг музейн үнэт үзмэрийг эрх мэдлээ ашиглан хувийн телевизийнхээ эфирээр дэлгэснийг олон нийт шүүмжилж байна. Ямар сайндаа л “Хувийнхаа телевизийн эфирийг соёлын өв дэлгэдэг музей болгох гээ юү, Ч.Номин сайд аа” хэмээн цахим орчинд асууцгааж байна.

Холоос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэж үг бий. Нялх сайдын тухайд, насан залуугаасаа л хувийн бизнесээ хэрхэн томруулах вэ, хэр хэмжээний ашиг хүртэх вэ, хэрхэн жижиг чулуугаар томыг онох вэ гэсэн сэтгэхүйгээр бүхэнд хандаад хэвшсэн учраас өөрийн ашиг л өсөж байвал… гэсэн бизнес сэтгэлгээтэй.

Яг л энэ зарчмаар тэрбээр, Монголын Үндэсний музейн үзмэрийн сан хөмрөгт багтах их жанжин Д.Сүхбаатарын эд өлөг болох малгай, дээл, хоёр уран зураг, тамганы сав зэргээс бүрдсэн 11 үзмэрийн замыг өөрчлөн өнгөрөгч 18-ны өглөөний эфиртээ дэлгэсэн нь баримтаар ил болсон.Түүхийн ховор, нандин, эмзэг үзмэр, дурсгалыг хэн эрх мэдэлтэй, хэн давуу эрхтэй нь хаана л бол хаана дэлгэн тээвэрлээд, зөөвөрлөн авч яваад байж болдог юм бол музей түүний үйл ажиллагаа, сэргээн засварлалт, түүхийн эх сурвалж хэмээх ойлголт хэрэггүй юм биш үү.  Гэнэт баяжигч гэдэг шиг төрийн ажлын туршлагагүй бизнесмэнүүдийг төрд сайд болгон өргөмжлөхийн уршиг нь Ч.Номингийн дээрх үйлдлээр батлагдана.

Сайдын суудалд тухалсан л бол алтан загасны эмгэн шиг авирладаг үзэгдэл эрх мэдэлтнүүдийн дунд нийтлэг боллоо. Тэд өөрийн бизнесийг өргөжүүлэхийн тулд ямар ч арга хэрэглэж мэдэх бөгөөд энэ мэт Монголын ард түмний түүх, соёлын гайхамшигт өвүүдээр тоглохыг үгүйсгэх аргагүй.

Монголын үндэсний музейн гол, чухал үзмэрийг зориулалтын бусаар тээвэрлэн, үзэгчдийнхээ хандалтыг ахиулахыг хүссэн сайд маань эрх мэдэл, албан тушаалаараа далайлган юуг л бол юуг байр савнаас нь хөдөлгөж, хаашаа л бол хаашаа оруулж, гаргаж болдгийг сайдын тамгаа хүлээн авсан хоёрхон сарын хугацаанд харуулж чадлаа.

Монголчуудын түүх соёлын үнэт өвүүд телевизийн эфирээр дэлгэгдэх нь ч дүүрч, сайдын гэр бүлийн томоохон бизнес, тансаг харш “Тэрэлж” зочид буудалд л байршчихгүй бол яамай, яамай хэмээн залбиръя.

Холбоотой мэдээ