Хугацаа нь дууссан цэцийн гишүүн гадаад руу “зугтах” гэж байгаа гэв үү

2021-03-20 1234 0

Үндсэн хуулийн цэц гэх хууль сахиулах дээд шүүх манайд бий. Энэ газрын дээр зөвхөн хөх тэнгэр л цэлийдэг гэхээр бүрэн эрхийнх нь хязгаарыг баримжаалах ямар ч боломжгүй нь харагдана. Тэгэвч бүрэн эрх нь далай шиг энэ газар элдэв сонгууль ойртохтой зэрэгцэн айлын нандин хүүхэд шиг сэвтчихлээ, бүрэн эрхэд маань халдлаа, гаднын нөлөөнд автлаа гэх мэтээр сүржигнэх нь инээдтэй. Хөх тэнгэрээс өөрийг хүлээн зөвшөөрдөггүй Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэх байгууллагын босгоор улсынх нь  Ерөнхийлөгч ороод гарах хооронд л сэвтчихдэг байвал өөрсдөө улс төрийн нөлөөнд бүрэн орсноо юу гэж тайлбарлах юм бол доо.

Монгол хүн бүрийг ялгаварлахгүйгээр эрхийг нь хангаж байх ёстой энэ газар Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн гэдэг талаас нь бус АН-аас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг өнцгөөс нь хараад, олон нийтэд ойлгуулж байгаа нь улс төрийн эрх ашигтай гишүүд Үндсэн хуулийн цэцэд байгааг батална.

Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч ҮХЦ-ийн даргатай өөрийн биеэр уулзаж, тодорхой хуулийн хүрээллийг лавлаж, асууж, санал солилцож болохгүй гэж. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс ард түмэндээ хандаж ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйл гэж юу болох тухай ам нээж, үг хэлж, уриалж болохгүй гэж.

АН-аас нэр дэвшин сонгогдож, үнэмлэхүй олны дэмжлэг, саналаар Ерөнхийлөгч болсон болохоор МАН-ынханд ч, бусад жижиг намуудад түүнийг бөөрөлхөх, хавчин хяхах, аливаа санал санаачлагыг нь харлуулах, дэмжихгүй байх, ганцаардуулах, ҮХЦ-ээр дамжуулан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах оролдлого хийгээд байгаа нь ард түмний нүдэнд даанч илхэн байна шүү дээ.

Үүний учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд багтдаг гишүүдийн олонх нь МАН-ын харьяалалтай байгаа нь Монголын улс төрийн өнгийг харлуулахад ихээхэн нэмэр болж байгааг тодруулмаар байна. Тиймээс л хэт намчирхал, хийрхэл гаараад байна.

Тодруулбал, ҮХЦ-ийн дарга Н.Чинбат МАН-ын гишүүн бөгөөд ХЗДХЯ-ны агентлагийн дарга байсан нэгэн бол ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр нь мөн л МАН гэх малгайтай. Харийн нутагт Монголын нэрийг хүүхний өгзөг илж дуурсгаж байсан “гавьяатай” тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өвөртөлж, ХЗДХ-ийн Сайдын албан тушаал хашиж байсан. ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан нар мөн л МАН-аас элдэв албан тушаалд томилогдож ҮХЦ-д суудлаа засагчид юм.

ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар нь намын харьяалалгүй гэх бол Ц.Нанзаддорж МАН-ын үед хууль шүүхийн томоохон алба хашиж байсан нэгэн. Ийм алдаа завхарлаас болж, хуулийн хамгийн том эрх мэдэл бүхий шүүх байгууллагын дийлэнх гишүүд нэг намд харьяалагддаг байх нь хүссэн хүсээгүй эрх ашиг, зөрчил, хуваагдал, хагарлын шалтгаан болж байна.

Үүнтэй зэрэгцээд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгыг ирэх долоо хоногоос сольж, гадаад улсад суух консулаар явуулах яриа чих дэлсэх болов. Яагаад гэхээр тэр Үндсэн хуулийн бус маргааныг хэлэлцэх ёстой хэмээснийхээ төлөө “гай” ч юм шиг “гавьяа” ч юм шиг гадаад томилгоо өвөртөлж байгаа нь энэ аж.

Учрыг тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар Үндсэн хуулийн цэц нь УИХ-аас баталсан хуулийн зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх ёстой юм.

Гэвч, Д.Солонго нь “… өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэж хуульд бичээгүй байна гэх иргэний гомдлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэхээр болсон нь цэц дотроо ч маргааны эхлэл болчихоод байгаа юм.

Эмч хүн өвчтнийхөө өвчинтэй бус өвчний учир шалтгааныг олж эмчлэх ёстой гэсэн философитой байдаг шиг бид ч мөн өнөөгийн улс төрийн ялзрал, завхрал хаана, юунд байгааг оношлодог байх ёстой. Оношловол, олон ургальч үзэлгүй улсад мафижсан бүлэглэл, цагаан захтнуудын хэрэг, хөшигний ар дахь наймаа, хүч түрэмгийлсэн луйвар хэрээс хэтэрдгийг дурдах нь туйлын илүүц биз ээ. Гэвч хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш хэмээх үгтэй. Нэг нам хүч түрэх үзэгдлийг зогсоохын тулд ҮХЦ-ийн гишүүдийг улс төрийн намын харьяаллаас нь гаргая, Ерөнхийлөгч өө.

Холбоотой мэдээ