Улаанбаатарын намрын сэрүүн өглөө. Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхимд “Оюу толгой”-н уурхайчидтай мөр зэрэгцэн суусаар нислэгтээ бүртгүүлэв. “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ийн сэтгүүлчдийн баг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгой үйлдвэрийн усны менежментийг сурвалжлахаар хөлгийн жолоо залсан нь энэ юм.
Ханбогд хүрэх агаарын замд МИАТ компанийн хөлөг сүнгэнэн хөөрч, газраар бол 700 гаруй километр үргэлжлэх урт замыг цаг гаруйн дотор торох юмгүй гэтэллээ. Онгоцны цонхоор алсад цэнхэртэх Галбын говийн уудам тал тодрон харагдсаар, өглөөний 09.10 цагийн алдад “Ханбумбат” нисэх буудалд газардав. Үндэсний хэв шинжийг хадгалсан монгол гэрийн хэлбэртэй энэхүү цогцолборыг уурхайн ажилтнууд өөрсдөө гардан ажиллуулдаг нь нүдэнд тусна.
Онгоцноос буумагц говийн салхи сэнгэнэж, бид цаг алдалгүй сурвалжилгаа эхлүүлэхээр “Оюу толгой” үйлдвэрийн усан сангийн талбай руу хөдөллөө. Хөдлөхийн өмнө биднийг хариуцаж явсан медиа багийнхан аюулгүй ажиллагааг хангах зорилгоор зориулалтын гутал, каск, нүдний шил, шар өнгийн хантаазыг хүн бүрд өгснөөр аялал албан ёсоор эхлэв.
Гүний хоолойн симуляци ба технологийн битүү цикл

Уурхайн төв хэсгээс 10 гаруй километрийн зайтай, Галбын говийн дунд өндөрлөн босгосон далан болон цэнхэр өнгийн сэндвичэн барилга сүндэрлэнэ. Биднийг очиход “Оюу толгой” үйлдвэрийн Усны хяналт, шинжилгээний зөвлөх Б.Сод-Эрдэнэ болон Дэд бүтцийн усан хангамжийн ахлах ажилтан Ж.Туяа нар найрсгаар угтан авлаа.
Ж.Туяа (Дэд бүтцийн усан хангамжийн ахлах ажилтан):
“Манай усан хангамжийн систем Гүний хоолойн бүсэд байрладаг бөгөөд үйлдвэрийн сайтаас хамгийн холдоо 70 орчим км зайд оршдог. Нийт таван ус цуглуулах, нэг өргөх байгууламжтай, тус бүр нь 200 мянган шоо метрийн багтаамжтай хоёр хиймэл нуураас бүрддэг. Газрын гүнээс 150–190 метрт байрлах 28 худгаас усаа соруулан, 900-ийн шугамаар өөрийн урсгалаар нь үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээг хангах системтэй. Ахуйн бохир усыг цэвэрлэж 100% дахин ашигладаг.”
Уул уурхайн салбарт ус бол зүгээр нэг байгалийн баялаг биш, үйлдвэрлэлийн цус нь юм. Харин говийн эмзэг экосистемд энэ нь санхүүгийн болон байгаль орчны асар том хариуцлага дагуулдаг.
Б.Сод-Эрдэнэ (Усны хяналт, шинжилгээний зөвлөх):
“Ашигласан усны метр куб тутамд 1,678 төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, 2026 оны эхний 9 сарын байдлаар л гэхэд бид нийт 24 орчим тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төлөөд байна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу 2019 оноос 2026 оны эхний хоёр улирлын байдлаар нийт 11 тэрбум орчим төгрөг төлж барагдууллаа.”
Эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй энэ баялгийг гамнах үүднээс Оюу толгой дэлхийн жишигт нийцсэн технологийн шийдлүүдийг нэвтрүүлжээ. Бидний ирсэн лагун буюу битүү геомембран бүрхүүлтэй хиймэл нуур нь усыг нарны гэрэлд уурших болон бохирдохоос бүрэн хамгаалдаг. Баяжуулах үйлдвэрт ашигласан усыг “тикнер” буюу өтгөрүүлэгчээр дамжуулан дахин эргэлдүүлж, хаягдал хадгалах байгууламжаас эргүүлэн татсаар нийт усынхаа 85 гаруй хувийг битүү системээр эргүүлэн ашигладаг байна.

Гүний ус ба малчдын худаг: Бодит байдал юу хэлэв?
Олон нийтийн дунд “Оюу толгой говийн усыг ширгээж, малчдын худгийг үгүй хийж байна” гэх хар яриа олон жил хөвөрсөн. Тэгвэл судалгаа, бодит тоо баримт өөр түүх өүүлнэ.
| Үзүүлэлт | Гүний хоолойн усны орд | Малчдын гар худаг |
| Ашиглах гүн | 100 – 400 метр (Насос: 150–190м) | 5 метр хүртэл (Хуурай сайр дагасан) |
| Чанар / Эрдэсжилт | 3,000 мг/л (Шарж, давстай, ундны стандартаас 3 дахин өндөр) | Бага эрдэсжилттэй (Гадаргын шүүрэл) |
| Хамаарал | Гүний чулуулаг хоорондын ус | Хөрсний өнгөн үеийн ус |
Аудит болон эрдэмтдийн мониторингийн дүнгээр 400 метрийн гүний ус болон малчдын ашигладаг өнгөн хөрсний 5 хүртэлх метрийн ус нь хоорондоо ямар ч гидрогеологийн хамааралгүй болох нь тогтоогджээ.

Уурхайн бүс рүү нэвтрэхийн тулд аюулгүй ажиллагааны хатуу заавартай танилцаж, суудлын бүсээ бүсэлсээр бид дараагийн байгууламж болох Хаягдал тунгаах сан болон Хаягдал хадгалах 2 дугаар сан руу хөдөллөө. Замд байгалийн унаган төрхийг сэргээхээр 9 га газарт биологийн нөхөн сэргээлтийн туршилт хийж буй бор шаргал хөрс, сүүдэртэх Хаягдал хадгалах 1 дүгээр сангийн хэсэг налуу талбай харагдана.
Б.Аюуш (Хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн):
“Өтгөрүүлэгчээс гарсан хаягдлын 60 хувь нь хатуулаг, 40 хувь нь ус байдаг. Санд ус тунасны дараа насосоор баяжуулах үйлдвэр рүү буцаан татдаг. Тогтворжилтыг хангах үүднээс газар доогуур шүүрсэн усыг шуудуугаар цуглуулан эргэлтэд оруулдаг. Нийт 830 сая тонны хүчин чадалтай хоёр сантайгаас 1 дүгээр санг 10 жил ашиглаад биологийн нөхөн сэргээлтэд шилжүүлсэн. 2 дугаао санг 2034 он хүртэл ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.”
Галбын говийн гүний усыг Оюу толгой бараад дуусгах уу?
Энэ асуултад инженерүүдийн тооцоолол, эдийн засгийн тоо баримтууд “Үгүй” гэж хариулж байна.
Оюу толгой ус дахин ашиглалтын түвшинг 10 гаруй жил тогтмол 80-85 хувиас дээш түвшинд барьж байгаа нь дэлхийн уул уурхайн салбарын шилдэг үзүүлэлттэй шууд дүйцдэг. Түүнчлэн нэг тонн хүдэр боловсруулахад 0.44 метр куб ус зарцуулж байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин бага үзүүлэлт юм. Говийн эрдэсжилт өндөртэй, ундны зориулалтаар ашиглах боломжгүй 150-400 метрийн гүний усыг технологийн өндөр нарийвчлалтайгаар, битүү циклээр ашиглаж буй нь байгалийн баялаг ба эдийн засгийн үр ашгийн тэнцвэрийг хангаж чаджээ.
Ийнхүү намрын наран говийн өндөр даланг ээж, Ханбогд хайрхны хоймор дахь их бүтээн байгуулалт нүргэлсээр үлдлээ. Ногоон эдийн засаг, хариуцлагатай уул уурхай гэдэг суртал ухуулга биш, харин дусал ус бүрийг тоолууржуулж, эргэлтэд оруулдаг “Гүний хоолой”-н битүү технологиос эхэлдэг ажээ.



0 cэтгэгдэлтэй