Улаанбаатар хотод нэг сая мод тарих “Сая уушги-Сая мод” уриалга гаргалаа

2021-03-30 1687 0

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Сая уушги-Сая мод” уриалгыг харьяа нутгийн захиргааны байгууллагуудад гаргалаа. Энэхүү уриалгын хүрээнд агаарын бохирдлын хор уршиг, экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, улмаар шинээр нэг сая мод тарих зорилго тавьсан байна. Мод тарих ажил маргаашнаас эхлэх бөгөөд ирэх 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ингэхдээ хаврын болон намтын мод тарилт гэсэн хугацаагаар явагдах юм байна.

Энэхүү нэг сая мод тарих зорилгын хүрээнд шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхон, гэр хорооллын гудамж, талбайд мод тарих тусгайлсан талбай гаргах, шинээр гэр бүл болж буй хосууд, анхны хүүхэдтэй болсон гэр бүлд зориулсан “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн байгуулах, дүүрэг бүр бүх нийтээр мод тарих ажлыг уламжлал болгон зохион явуулах, ингэхдээ 1200 ам метрээс доошгүй талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргажээ. Мөн орон сууцны хотхон дунд 100 ам метр газарт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрх бүр хашаандаа гурваас доошгүй, орон сууц, гэр хорооллын гудамж, талбайд аж ахуйн нэгж, байгууллага бүр таваас доошгүй мод тарих уриалгыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хамгийн гол нь мод тарих нэг хэрэг харин түүнийг ургуулах нь хамгаас чухал ажил байдаг. Тиймээс тарьсан модоо таваас доошгүй жил арчлан хамгаалж, ургуулахад чиглэсэн сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах юм байна. Улмаар Улаанбаатар хотын ЗАА-наас мод тарих ажилд идэвх санаачилгатай оролцсон дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, “Манай хороо-Миний гудамж” аянд нэгтгэн урамшуулна. Түүнчлэн “Бидний гудамж-бидний эрүүл мэнд” өдөрлөгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 1-ний өдрүүдэд өрнүүлэхээр болжээ.

Нэмж мэдээлэхэд, ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны бохирдолтой орчинд 50 сая гаруй хүн амьдарч буй бөгөөд тэдний 3.1 сая нь жил бүр энддэг гэжээ. Эдгээр нас барсан хүний дийлэнх нь зүрхний ишеми, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт болон хавдрын шалтгаант өвчнөөр хорвоог орхисон байдаг аж. Тэрчлэн гадаад орчны бохирдлоос шалтгаалсан амьсгалын тогтолцооны өвчнөөр өвчлөгчсдийн 48 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь анхаарал хандуулах асуудал болжээ.

Нөгөөтэйгүүр, манай улсын нийт хүн амын 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй, жирэмсэн эхчүүдийн 20-27 хувь нь эрт болон хожуу үеийн хордлоготой, Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөө орон нутгийн хүүхдүүдээс 5-10 дахин илүү гуурсан хоолойн үрэвсэлтэй байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар тогтоосон байна.

Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд ойлгуулах нь чухал юм. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар нэмэгдүүлж, агаарын хэмийг бууруулдаг ба дуу чимээ, шороо тоосны 40-50 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Тиймээс иргэд нэг сая мод тарих аянд идэвхтэй оролцож, “Сая уушги-Сая мод” уриалгыг дэмжих нь чухал юм.

 

Холбоотой мэдээ