4033 иргэнд ₮152.3 тэрбум, 712 аж ахуйн нэгжид ₮168.7 тэрбумын ажлын байр дэмжих зээл олгожээ

2021-04-05 728 0

Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 4033 иргэнд 152.3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168.7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгоод байгаа аж. Энэ талаар өнөөдөр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар мэдээлэл өглөө.

Олгосон зээлийн 1661 нь Улаанбаатарт 3084 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна. Нийт дүнгээр 4745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгоод буй аж. Ажлын байр дэмжих зээл олгож эхэлснээс хойш одоогийн байдлаар 29,321 ажлын байрыг хадгалж үлдээд буй аж.

Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Тэрбээр “Ковидын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг  гол хэсэг нь хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн явдал. Ингэснээр өрхүүд эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. Сар бүрийн 20-нд олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ны өдөр олгоно. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119.8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0.8 тэрбум төгрөг олгож байна” гэв.

Холбоотой мэдээ