Ковидын “оношлуураар” эерэг гарсан Монголын боловсролын халуурал-2

2021-04-11 1883 1

Гэрэл зургийг С.Бат/2021.03.31

Ковид-19 цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийг хаасан нь боловсролын тэгш бус байдлыг улам ихэсгэж байгааг бид өмнөх сурвалжилгаараа хөндсөн. Цахим сургалтын арга нь бүх сурагчдад тэгш, хүртээмжтэй байж чадахгүй байгаа ч сурагчдын тодорхой хувьд үр өгөөжөө өгч байгаа. Нийслэлээс алслагдсан гэр хорооллын сурагчид теле хичээлдээ хэрхэн хамрагдаж, ямар нөхцөл байдалд амьдарч байгааг хөндсөн сурвалжилгын дагуу уншигчдаас захидал, санал ирүүлж байгаагаас Ковидын үед Япон хэрхэн хичээлээ үргэлжлүүлж буй жишээ анхаарал татаж байгаа юм. “Японд ЕБС болон цэцэрлэгээ урт хугацаагаар хаагаагүй. Гэхдээ ариутгал маш сайн хийж хүүхдүүдэд гараа яаж угаахыг төгс зааж өгсөн. Цэцэрлэгт явдаг нэг настай хүү маань гараа үргэлж угаана. Цас дарсан өвлийн хүйтэнд ЕБС-иуд ковидоос сэргийлж цонхоо бүтэн өдрийн турш нээчихээд хичээллэдэг байсан. Өвлийн хүйтэнд онгорхой цонхтой ангид ороолт, бээлий, куртиктайгаа хичээлдээ сууж байгаа охиноо хараад эхэндээ өрөвддөг байсан. Японд Ковид-19-ийн сэжигтэй тохиолдол, халдвар илэрвэл хариу арга хэмжээг хурдан авч эргээд л 1-2 хоногийн дараа хичээлээ нээдэг байсан” гэжээ. 

Ковид-19-өөс болж анги танхимын сургалтаар дамжуулан хүүхдийн олж авдаг мэдлэг, ур чадвар хоцрогдолд орох нь эргээд тухайн улс орны хөгжилд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ихэнх орон аль болох хичээлийн хоцрогдол үүсгэхгүйг хичээж буйн нэг жишээ нь Япон юм. ЮНЕСКО-ийн дата мэдээллээс харвал олон хоногоор цэцэрлэг, сургуулийг бүрэн карентилсан улс орнууд тун цөөхөн аж. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар ЮНЕСКО Монгол Улсыг “academic break” буюу хичээлийн жилийг тэр чигт нь хаасан гэдэг ангилалд оруулсан байв.

ГАРАА ТЭГШ БУС Ч БАРИА ТЭГШ БАЙХЫН ТӨЛӨӨ

Өнгөрсөн 30 жилд чанар, хүртээмж нь дордсоор ирсэн манай боловсролын салбарын нөхцөл байдал цар тахлын улмаас өндөр “халуурч” байна. Хүн амаа вакцинжуулж дуусмагц “халуун”-ыг нь бууруулж, богино хугацаанд тэнхрүүлж авахгүй бол туниа муутай, давжаа биетэй үлдэж мэдэхээр. Энэ нь боловсролын салбарыг байгалийн шалгаралд нь даатгаад орхиж болохгүй гэсэн үг. Хэрэв хоцрогдолтой сурагчид, заах аргаа зайны сургалттай интеграцчилж чадахгүй байгаа багш нараа харсан ч хараагүй мэт үлдээвэл боловсролын тэгш хүртээмж гэх үг цаасан дээр л үлдэх уриалга болно. Угтаа цар тахлын дараа жинхэнэ бодлогын мэргэн шийдэл боловсролын салбарт буцлах учиртай гэсэн үг. Ингэж чадвал хамгийн өөдрөг эхлэл тавигдана. Эмзэг, бодлогын гацаанд байгаа энэ салбарын ковидын дараах ирээдүйг өөдрөгөөр харахын тулд бидэнд ямар шалгуур, сорилт  үүсэхийг таамаглах гээд үзье. Энэ бүхнийг ажралгүй давбал Ковид-19-ийн дараах боловсролын орчинд гэрэл тусна.  

Жил хагасын хугацаанд үүссэн хичээлийн хоцрогдлоо нөхөхөд оюутан, сурагчдад 24 цаг хүрэлцэхгүй ч цар тахлын дараа хичээлийн хоцрогдол арилгах сургалт, энэ чиглэлээр мэдлэг олгох багш, боловсон хүчний эрэлт ихсэх нь тодорхой.

Тиймээс бид яг энэ асуудлаар салбарынхнаас саналыг нь сонссон юм. “Хичээлийн хоцрогдлыг арилгахгүй бол юу тохиолдох вэ” гэсэн асуултанд Боловсролын сайд асан Л.Гантөмөр “Хоцрогдлыг аль болох богино хугацаанд арилгах арга хэмжээ авахгүй бол олон жил сунжрах нь аюултай” гэв. Салбарын яам ч хоцрогдол арилгах 2-3 жилийн хугацаатай төлөвлөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж буйгаа мэдээлсэн. Тиймээс богино хугацаанд асар их хоцрогдлыг арилгахад яалт ч үгүй багш, сурагчид ирэх ачаалал эрс нэмэгдэж, тэд өөрсдийгөө дайчлахаас аргагүйд хүрэх нь.

Үүнээс гадна, багш нарт цар тахлын үед зайнаас хичээл сургалтаа явуулахын тулд и-мэйл хаяг, үүлэн технологи, Google-ийн программууд ашиглаж сурах гээд дэлгэцтэй дэндүү “ойртохоос” өөр сонголт байгаагүй. Гэвч одоо дахиад буцаад танхимын хичээлээ ороход харилцан адилгүй мэдлэг, чадварын түвшинтэй сурагчидтай тулна. Энэ бол цар тахлын дараах багш нарын амьдралд тулгарах том сорилт. Сурагчид нэг хичээлийн жилд 170-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэг, чадвараа олж авдаг. Гэтэл сүүлийн хоёр жилд танхимын хичээлийн 80 орчим хувь нь тасалдаад буй. 

Мөн аав ээж нь гадаадад байдаг, уул уурхайн компанид ажилладаг, магадгүй хүүхдийнхээ хичээлийг хэрхэн хийлгэхээ мэдэхгүй шалтгаанаар боловсролын хоцрогдолд орсон хэчнээн сурагч байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

Уншиж бичих нь бүүхэл хичээлийн танхимдаа ч орж үзээгүй 2-3 дугаар ангийн хүүхэдтэй багш нар нүүр тулна. Мөн их дээд сургуульд элсэгчид ч толгойн өвчин болно. Тэдний хоцрогдол даамжирсаар хөдөлмөрийн зах зээл дээр гологдож ч магадгүй бэрхшээл үүснэ.


ДИЖИТАЛ ХУВААГДЛЫГ АРИЛГАЖ БАЙЖ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ САЙЖИРНА

Ковид-19 хүссэн, хүсээгүй манай улсын боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгасан. Өдгөө их, дээд сургуулийн оюутнууд зайнаас хичээллэж, нийслэлийн сургуулиуд ZOOM, Google Classroom, Google Meet-ийг ашиглан сурагч бүр и-мэйл хаягаар нэвтэрч, багштайгаа хичээллэх боломж бүрдсэн. Харин орон нутгийн ЕБС-иуд энэхүү нэгдсэн сүлжээнд холбогдоогүй тул дийлэнх нь Facebook-т үүсгэсэн ангийнхаа нэгдсэн чатаар хичээлээ явуулж буй. Тухайлбал, орон нутагт теле хичээл үзэх суваг, цаг нь давхацсан, мөн нэг удаа үзээд агуулгаа бүрэн ойлгохгүй, зайлшгүй тэмдэглэл хөтлөх хэрэгтэй нөхцөлд сурагчид теле хичээлийг давтаж үзэх хэрэгцээ бий. Тиймээс ангийн багш теле хичээлийн холбоос, тараах материал зэргийг ангийн группдээ оруулах, хувийн зурвасаар илгээх замаар зайны сургалтыг явуулж байна. Тэгээд ийнхүү зүтгүүлж буй хичээлийг нь сурагчид мөн өөр өөрсдийн амьдралын харилцан адилгүй ялгаатай түвшинд хүлээн авч буй. 

Үүнээс үзвэл дижитал хуваагдал буюу сургуулиас гадуурх орчны интернэт сүлжээ, дэд бүтэц, хэрэглэгдэхүүний хүртээмжийг юуны өмнө шийдэхгүйгээр боловсролын цахим шилжилт гэж ярих нь туйлын өрөөсгөл. Шуудхан хэлэхэд, цар тахлаар үүссэн сэтгэл хөдлөлийн халуурлаар Ковид-19-ийн дараах үеийг төлөвлөж болохгүй.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр цар тахлын эхэн үед улс орнуудын 90 хувь нь хичээл сургуулийн үйл ажиллагааг зайнаас явуулсан. Харамсалтай нь, манайх шиг хөгжиж буй орнуудын ЕБС-ийн сурагчдын 31 хувь нь дижитал хуваагдлын улмаас зайны сургалтад хамрагдаж чадаагүй байна. Манай улсын хувьд зөвхөн теле хичээлд гэхэд алслагдсан бүс нутагт амьдарч буйгаасаа болж нийт сурагчдын 26 хувь нь хамрагдаж чадаагүй. Харин цахим хичээлийг аваад үзвэл 21 аймаг, 330 сумын сургуулиуд нэгдсэн платформд холбогдоогүй учраас хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй биз. Энэ хичээлийн жилийн сурагчдын тоог харвал орон нутагт ЕБС-ийн нийт сурагчдын 53 орчим хувь аж төрж байна. 

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Цар тахлын үед бүх сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг илтгэх дижитал хуваагдал дэлхийн бүх улс оронд тулгарсан” гэлээ. Урьдчилсан тооцоогоор хатуу дэд бүтэц буюу интернэтийн сүлжээ, түүнд шаардагдах тоног төхөөрөмжийг сургууль бүрд байрлуулахад 150 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж.

Тиймээс улсын нэгдсэн төсвийн зарлагын 12.2 хувийг эзэлдэг боловсролын салбарын санхүүжилт ирэх жилүүдэд нэмэгдэх нь зайлшгүй. Цар тахлын улмаас улс орнууд эдийн засгаа дэмжиж, эрүүл мэндийн салбарынхаа дархлааг сайжруулахын тулд төсөвтөө ихээхэн хэмжээний ачаалал авч буй. Гэвч энэ нь боловсролын салбарын санхүүжилтийг хойш тавьж, бууруулах шалтгаан болж болохгүйг олон улсын хөгжлийн байгууллагууд уриалаад эхэлжээ. Манай боловсролын яам ирэх онд шаардлагатай санхүүжилтээ хэрхэн шийдвэрлэх нь Ковид-19-ийн улмаас үүссэн тэгш бус байдлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төсвийнх нь 85 хувь урсгал зардалд явчихдаг боловсролын салбар энэ үрэлгэн схемдээ бүтцийн өөрчлөлт хийх замаар дижитал хуваагдлыг багасгах арга хэмжээ авах уу, эсвэл санхүүжилтээ улам нэмэгдүүлэх үү гэдэг нь Л.Энх-Амгалан сайдын тооцоо судалгаатай, эрэмбэ дараатай боловсролын бодлого, төсвийн шийдлээс шалтгаалах биз ээ.

Хэрэв хичээлийн хоцрогдол үргэлжилсээр байвал тухайн улсын нэг хүнд ногдох жилийн орлого 865 ам.доллараар буурах тооцоотойг дэлхийн боловсролын сайд нарын цахим уулзалтаар оролцогчид анхааруулжээ. 865 ам.доллар гэдэг манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий тавны нэгтэй ойролцоо дүн юм. Харин өнөөгийн үнэ цэнээр тооцвол Зүүн Ази, Номхон далайн орнууд 2.8 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Тиймээс бие даан суралцах, хоцрогдлоо аль болох хурдан арилгах боломжийг бүрдүүлэх интернэт сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжлийн урт хугацааны шийдлийн эхлэл болж таарах нь.

БАГШ НАРТ ИРСЭН “БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛ”

“Гүрэн академи” улсын хэмжээнд ЕБС-ийн 1000 багшийн ур чадварыг хөгжүүлэхээр сургаж байна. Багш нарын технологи ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь тус сургалтын нэг зорилго. Google Drive, Google Sheet-тэй ажиллаж, мэйлээ байнга ашиглах дадал эзэмшээд удаагүй байгаа орон нутгийн багш нарын хувьд технологийн ур чадвараа нэмэгдүүлэх нь наанадаж зайны сургалтыг үр дүнтэй явуулах, цаанадаж салбартаа оршин тогтнох үзүүлэлт болж таарах нь. Үнэхээр сурагчдаасаа илүү гардаггүй юм гэхэд ижил түвшинд ухаалаг төхөөрөмж, апп, программ ашигладаг болохын тулд багш нар технологийн мэдлэг, ур чадвараа сайжруулах хэрэгцээ асар их бий.

Гэхдээ энэ нь дунд болон ахлах ангийн багш нарт илүүтэй тулгарна. Харин бага ангийн багш нарын хувьд танхимын хичээлээ улам чанаржуулах хэрэгцээ бий. Бага ангийн хүүхдүүд технологи ашиглан суралцаж чадахгүй. Дэлхий нийтэд хүүхдийн ур чадвар, танин мэдэхүйг хөгжүүлэхэд танхимын сургалтыг орлох хэмжээний цахим сургалтын шийдэл гарч ирээгүй байна. “Хүүхэд нэг цагийн хичээлийг үзэх явцдаа унших, бодох, анхаарлаа төвлөрүүлэх чадварт суралцдаг. Яагаад багш бүтэн нэг цагийн турш хичээл ордог гээч? Хүүхдүүдийн анхаарлыг тухайн зааж буй сэдэвт төвлөрүүлж, улмаар хүүхдийг бодуулж, уншуулж, ойлгуулах гэж шүү дээ. Гэтэл ийм амьд харилцаанаас үүсэх ёстой чадварыг хүүхэд телевизээр, дэлгэцийн цаанаас эзэмшиж, хөгжиж боловсорч чадна гэдэг эргэлзээтэй” гэж Л.Гантөмөр сайд тайлбарлалаа.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр ирэх хичээлийн жилд сурагчдын хоцрогдлыг арилгахад ангийн багшаас гадна дэмжих багш ажиллуулахаар судалж байгаа юм байна. Ийм багш нар тухайн өдрийн хичээлийг ойлгоогүй, хоцрогдолтой хүүхдүүдтэй тулж ажиллана. Нэг ёсондоо сурагчид цахим ба танхимын гэсэн хос сургалтаар хичээлийн хоцрогдлоо нөхнө. Цаашлаад сургалтын энэхүү хос орчин нь байнгын болж мэдэх юм. Ингэснээр Ковид-19-ийн дараа багшлах боловсон хүчний зардал нэмэгдэнэ гэсэн үг.

Нэгэнт багшлах боловсон хүчний нөөц багатай манай орны хувьд энэ нь багш нараас танхимын болон цахим сургалтын заах арга зүйгээ сайжруулах чадварыг шаардана. Танхимаар хичээл заах, дэлгэцийн цаанаас заах нь арга зүйн хувьд ихээхэн ялгаатайг Ковид-19-ийн үеэр салбарынхнаас гадна илүү олон хүн ойлгосон байх. “Манай сургуульд төгсөх ангийнханд математикийн цахим давтлагыг гурван багш өгч байгаа. Гэтэл сурагчид хоёрынх нь хичээлийг ойлгохгүй байна гэж хэлдэг. Хэдийгээр их, дээд сургуульд багшилдаг эрдэмтэн хүмүүс боловч ЕБС-д хичээл зааж үзээгүй тул арга барил өөр, өндөр түвшинд хэлж ярьдаг нь мэдээж. Харин хувийн юм уу, “Шинэ-Эрин” зэрэг ЕБС-д заадаг багшийн хичээлийг хүүхдүүд маш сайн ойлгодог, “үнэхээр мундаг багш” гэж үнэлдэг” хэмээн Сэлэнгэ аймгийн зургадугаар сургуулийн сургалтын менежер Г.Баярмаа ярилаа.

ХОНХ НЬ ДУУГАРСАН Ч ДАМАР НЬ ТАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

Гадаад хэлний апп-ууд, виртуаль хичээл, видео хурал зохион байгуулах, цахим сургалтын программууд нь Ковид-19-ийн дараах боловсролын салбарт хүч түрэн орж ирэх төлөвтэй байгааг Дэлхийн эдийн засгийн форум онцолжээ.

Ковид-19 эхлэхээс өмнө дэлхий даяар боловсролын технологид оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оны байдлаар 18.66 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2025 он гэхэд цахим боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл 350 тэрбум ам.долларт хүрнэ гэж ResearchAndMarkets.com таамагласан байна. Дэлхий даяар өрнөх зах зээлийн энэхүү тэлэлтийг хиймэл оюуны технологид суурилсан хөгжүүлэлтүүд бий болгох аж.

Энэ бол технологи ашиглах чадвартай, гадаад хэлний бэрхшээл багатай л бол боловсролын хоцрогдлоо арилгаж, цаашлаад манлайлах хил хязгааргүй боломж байгаагийн илрэл. Хувь хүн талаас нь харвал боловсролыг хямд, үр дүнтэй, өргөн сонголттойгоор эзэмших боломж билээ. 

Тэгвэл энэ орон зайд Монгол Улс, Монголын боловсрол хаана нь байх вэ, Ковид-19-ийн дараах боловсролын салбарын сэргэлтэд энэ нь хэрхэн нөлөөлөх вэ гэдэг сонирхолтой асуулт юм. Хариулт хайж үзье.

Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг сууриар нь авч үзвэл арав хүрэхгүй хувь нь хувийн өмчийн статустай, өөр өөр орны боловсролын хөтөлбөрөөр суралцаж байна. Харин үлдсэн нь үндэсний гэгдэх ч дэлхийн боловсролын өрсөлдөөний тээр хойно хаягдсан сургалтын хөтөлбөрөөр суралцаж буй. Үүн дээр нэмэх нь Ковид-19-ийн улмаас улам гүнзгийрээд буй боловсролын тэгш бус байдал. Ийм жигд бус, дахиад нэг хазгай гишгэвэл тэр чигээрээ чөлөөт уналтын хурдаар улс орноороо боловсролын ядуурлын ангал руу унах эрсдэлтэй орчинд бид байна.

Гэтэл нөгөө талд залуу үеийг байлдан дагуулж буй технологи, старт-аппууд нь боловсролын агуулгыг бүтээгчид болчихлоо. Монгол хүүхдүүд мэдлэг, ур чадварыг зөвхөн албан ёсны сургуулиас биш олон эх үүсвэрээс авах боломжтой болно гэсэн үг. Манайх шиг хүн ам цөөтэй, дархлаа султай, нээлттэй улсын хувьд гаднын боловсролын контент нэг нэвтэрчихвэл хурдан түгэж дэлгэрнэ. Тэр хэрээр хүүхдийн мэдлэг, ур чадварын олон янзын ялгаатай байдал үүсч магадгүй юм.

Харин үүнийг сөрөх нэг гарц нь технологид авъяастай монголчууд дэлхийн боловсролын контентийн өрсөлдөөнд мөр зэрэгцэн орших явдал. Энэхүү хил хязгааргүй боломжийг овжин нэг нь олж харсан байхыг үгүйсгэхгүй. Бусад улс орон, зах зээлийг байлдан дагуулдаггүй юмаа гэхэд ядаж эх хэл дээрээ, монгол хүүхдүүдийнхээ сэтгэхүйд тохирсон боловсролын контент үйлдвэрлэх үндэсний технологийн компаниудаа бодлогоор дэмжиж бойжуулъя, хойч ирээдүйнхээ төлөө. 

Хэдийгээр Ковид-19-ийн үед боловсролын салбарт сургалтын арга зүй дутмаг, технологийн шийдэл нэвтрүүлэхдээ хойрго байгаа ч боловсролын яам, хүрээлэнгүүд, бизнес эрхлэгчид түншлэн технологийн компаниудыг бодлогоор дэмжвэл урт хугацаандаа өгөөжөө өгөх нь дамжиггүй. Тэд боловсролын тэгш хүртээмж гэх үзэл санааг шийдлээ болгож шат дамжлагагүй нэг л талбараар мэдлэг хүртдэг систем бий болгог. Ингэж чадвал боловсролын салбарт технологид суурилсан контент бүтээгч компаниудын өрсөлдөөн бий болж тэр хэрээр мэдлэг, ур чадварын тэгш хүртээмж Монголын өнцөг булан бүрд суугаа сурагчдад жигд хүрэх нэг гарц болно. Гэхдээ боловсролд зориулсан дижитал контент бүтээхэд болгоомжтой хандах хэрэгтэйг “Боловсролын реформ” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг онцлов. Тэрбээр “Дижитал контент боловсруулах нь маш чухал. Гэхдээ сэтгэл хөдлөлд авталгүй, шинжлэх ухаан, сурган хүмүүжүүлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэлт хийх нь чухал. Сүүлийн үед ямар нэг судалгаа, онол дээр үндэслээгүй, цоо шинэ, туршигдаагүй аргачлалыг дижитал хувьсгал нэрээр боловсролын системд нэвтрүүлэх оролдлого гарч байгаад санаа зовдог” гэлээ.

Ийнхүү бид хоёр удаагийн цуврал сурвалжилгаараа боловсролын хоцрогдол, хичээл завсардалт, багшлах боловсон хүчнийг чадваржуулах асуудлыг хөндлөө. Сурагч хүүхэд хичээлээс хоцрогдож, сургууль завсарддаг нь олон шалтгаантай ч мөнгө, санхүүгийн бэрхшээл, ядуурал, амьжиргааны дорой байдал, хөгжлийн бэрхшээл, хэл, соёлын ялгаатай байдал, гэрийн ажил, ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл, хараа хяналтгүй орчин, алслагдмал байршил, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх, хурдан морь унах гэх мэт монголчуудын уламжлалт ахуйн соёлтой багагүй хувь нь уялдаж байна.

Нийслэлийн хувьд амьжиргааны түвшин доогуур, шилжих хөдөлгөөн, бүртгэл хийгдээгүй, хөгжлийн бэрхшээл, багш нарын ялгаварлал, дарамт шахалт, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдал голлож байна. Аймаг, сумын хувьд хөгжлийн бэрхшээл, амьжиргааны түвшин доогуур, газар зүйн байршил, алслагдмал байдал, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдлаас болж сургууль завсардалт голлон нөлөөлж байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ бүх гажуудлыг богино хугацаанд оношилж, тохирох бодлогын “эмчилгээ” хийж чадвал Монгол Улсын боловсролын салбарт гэрэл асах боломж хол биш гэж найднам.

Холбоотой мэдээ