Ойн хөнөөлт шавжийг агаарын хөлөг ашиглан устгаж байна

2021-07-04 532 2

“Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс хийсэн судалгаанд үндэслэн энэ жил Монгол Улсын хэмжээнд нэн шаардлагатай 60 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл Архангай, Завхан болон бусад аймагт агаарын хөлөг болон механик аргаар тэмцлийн ажлыг явуулж байна. Энэ жилийн хувьд хоёр төрлийн ойн хортон шавжийн хэт олшрох үе таарч байгаа. Иймээс тухайн зүйлийн шавжид тохирсон тэмцлийн аргыг хэрэглэх юм.

Улаанбаатар хот орчмын ногоон бүс болох Богдхан уулын орчимд өнгөрсөн долоо хоногоос эхлэн тэмцлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Богдхан уулын “Хүрхэрээ”, “Хүрэл тогоот”, “Түр хурах” зэрэг хортон шавжийн хэт олшрол үүсээд байгаа газруудад тэмцлийн ажлыг зориулалтын агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээт бэлдмэл ашиглан явуулж байна.

Тархалт ихтэй нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, хортонтой тэмцэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн Судалгаа Хөгжлийн Төв, Нийслэлийн Байгаль орчны газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хортон шавж 2000 орчим га талбайг хамарсан бөгөөд ойн хөнөөлт хортон, шавжтай тэмцлийн ажил үргэлжилж байгаа тул тухайн бүсын иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, журмыг баримтлан хамтран ажиллахыг хүсье.

Холбоотой мэдээ