З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

П.Оюун: Хүүхэд хүчирхийлэгчдийн олонх нь явуулын хүмүүс

2020-11-05 1558 0

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюунтай ярилцлаа. Цагдаагийн байгууллагын бүртгэлээр тус аймагт энэ оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар нийт 30 хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон бөгөөд дийлэнх нь гэр бүл, ураг төрлийн хүчирхийлэлд өртөгсөд юм. Нийгэм, эдийн засгийн онцлогоос шалтгаалан явуулын хүмүүс ихтэй байдаг нь хүчирхийлэл үйлдэгдэх том шалтгаан болдогийг П.Оюун онцлов. 

-Аймгийн хэмжээнд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалахад тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Манай салбарт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр гарсан бодлогын баримт бичиг, түүнийг дагаж гарсан хуулиуд, дүрэм журмууд хангалттай бий. Дүрэм журам гэхэд нийтдээ 54-ийг мөрдөж ажиллаж байна. Төсвийн хувьд ч гэсэн харьцангуй боломжийн болж, энэ онд гэхэд хүүхэд хамгааллын зардал 109 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Хамтарсан багуудад, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна кейс үйлчилгээний зардал, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг олон нийтэд таниулах зэрэг үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Мөн Залуучуудын хөгжлийн төвд төсөв хуваарилагддаггүй тул зорилтот бүлгийн залуучуудтай ажиллах үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын зардлаас илүүчлээд явдаг. Тиймээс төсөв мөнгө хүрэлцэхээ больсон гэдэг зовлон ярихгүй.

Манай аймаг бол Монгол Улсын хойд хилтэй залгаа, эдийн засгийн чөлөөт бүстэй. Мандал сум төмөр зам болон авто замын зангилаа цэг болдог бол Хүдэр, Ерөө, Мандал суманд уул уурхайтайн дээр газар нутгийн маань ихэнх нь газар тариалангийн бүс. Дэд бүтэц, уул уурхай, эдийн засгийн энэ онцлогоос шалтгаалаад байнгын биш түр оршин суугчид, шилжин ирэгсэд улирлын чанартайгаар их ирдэг. Энэ хугацаандаа өрх толгойлсон болон ганц бие эмэгтэйтэй гэр бүл болох эсвэл хамтран амьдардаг. Улмаар манай аймагт хүүхэд хүчирхийлэлд өртөх маш том хүчин зүйл болдгийг бид судалгаагаар харсан.

-Албан ёсны статистикаар харагддаг гэсэн үг үү?

-Сэлэнгэ аймагт, Мандал, Цагааннуур суманд яагаад хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийлэл гараад байгааг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд судалсан. Нэг хэсэг манай аймаг бэлгийн хүчирхийллээр нэлээд өндөр үзүүлэлттэй явсан. Манай мэргэжилтнүүдийн болон хамтарсан багийн илрүүлэлт, цагдаагийн болон утасны дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа нь дээрх шалтгаантай байсан. Үүнд ахуйн архидалт бас их нөлөөлдөг.

-Тэгэхээр аймгийн гэр бүл, хүн ам зүйн бодлого орхигдоод байна уу эсвэл өөр шалтгаан бий юу?

-Хүний сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа үнэхээр үгүйлэгдээд байгаа. Уг нь хүний хөгжлийг сайжруулах бодлогууд бий. Гэвч хэрэгжүүлэхэд хүний нөөц үнэхээр дутагдаж байна. Аймгийн хэмжээнд 39 мянган хүүхэд, ЕБС 35, СӨБ-ын байгууллага мөн 30 гаруй бий.

Эдгээр байгууллагад хүүхэд хамгааллын асуудлыг 5-6 хүн л хариуцаж байна. Манай газарт гэхэд дөрвөн мэргэжилтэн бий. 28 мянган өрх айлтай атлаа нэг сэтгэлзүйч, нэг л мэргэжилтэнтэй. Яаж хүрч ажиллах юм бэ.

Тиймээс анхан шатандаа, сум бүр гэр бүл, хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэнтэй байвал ГБХЗХГ-аас хийж буй ажлууд үр дүнтэй байна.

-Хуулиар анхан шатанд ажиллах үүрэгтэй хүмүүс нь хамтарсан баг болон сумын нийгмийн ажилтан байдаг. Тэд хүчрэхгүй байна гэж үү?

-Сумын захиргаа болон багуудад нийгмийн ажилтан бий. Бидэнтэй мэдээж хамгийн ойр, хамтарч ажилладаг нь яалт ч үгүй сумын нийгмийн ажилтан. Өрх гэрт хандсан бүх ажлаа хамтарч төлөвлөөд хийдэг. Гэхдээ сумын мэргэжилтэн манай асуудлаас гадна боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёл урлаг гээд том салбаруудыг давхар хариуцдаг.

Ажлын ачааллаа дийлэхгүй бол хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлыг халамж хариуцсан мэргэжилтэнд давхар даатгадаг тохиолдол бий. Тэгэхээр аль аль нь өөрсдийнхөө үндсэн ажлыг хийгээд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын ажил хавсарга байдлаар яваад байгаа юм. Энэ бол манай аймагт бодитой гарч буй асуудал.

Анхан шатанд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил хийх үүрэгтэй хамтарсан баг маань бидэнд түшиг тулгуур болж ажилладаг. Эхлээд байгуулагдаж байснаа бодвол өнөөдөр юу хийхээ мэддэг, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Гэвч багийн гишүүд дөрвөн жилийн мөчлөгтэй солигдож, баг задраад байна. Шинэ хүнээ бэлдэж гаргах хооронд нөхцөл байдал буцаад муудаад байдаг юм.

-Аравдугаар сард Цагааннуур суманд ой таван сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэр өрх танай эрсдэлийн бүртгэлд орсон байсан уу. Мэргэжлийн хүний хувьд хаана, ямар алдаа гарсан учраас ийм зүйл болсон гэж та дүгнэх вэ?

-Манай эрсдэлийн программд бүртгэгдээгүй өрх байсан. Цагдаагийн байгууллагад өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн бүртгэлгүй, сум, багийн хамтарсан багийн хяналтад ч байдаггүй байсан. Гэхдээ сэжигтэн тэнд байнга оршин суудаггүй. Жилийн өмнөөс л ирэн очин байрлаж байсан. Хэрэг гарах үед согтуу байсан.

Ер нь орон нутагт хөдөлмөр эрхлэлт муу, архины хамаарал их учраас бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх явдал газар авах шинжтэй байна.

-Та бүхэн эрсдэлтэй хүүхдүүдээ хэр зэрэг бүртэж, бүртгэлийн дата мэдээллээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэр ашиглаж байна вэ?

-Бид судалгаанд суурилж ажлаа төлөвлөдөг. Аймгийн үндсэн статистикаас гадна сум орон нутгийн нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, багийн засаг дарга зорилтот бүлгийн өрх айл, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, архины хамааралтай зэрэг өрх гэрүүдийн мэдээллийг авч, эрсдэлийн зэргээр нь ангилж, байнга хамтран ажилладаг. Өндөр эрсдэлтэй өрх, хүүхдүүдийг хяналтдаа авч ажилладаг. Хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн буюу орон нутгийн засаг дарга нартай хамтран тухайн айлын эцэг, эх эсвэл ядаж хэн нэгийг нь ажилтай орлоготой болгох, хүүхдийн боловсролын үйлчилгээг нь тасалдуулахгүй явуулах зэрэг төрийн шаардлагатай үйлчилгээг үзүүлээд явдаг. Төрийн үйлчилгээнээс гадна ТББ-уудтайгаа хамтраад эмзэг бүлгийн өрхөд гэр олгох, байшинтай болгох зэрэг ажлыг хийсэн сайн туршлагатай сумууд ч бий.

Гэвч миний харж буйгаар эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн өөрсдийнх нь үүрэг хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхчүүдийг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг л бид авдаг. Манай салбарын хувьд үүнээс өөр зүйл хийх хууль эрх зүйн боломж байхгүй. Тиймээс хугацаа шаардагдах ч гэсэн эцэг, эхийн өөрсдийнх нь хандлагыг өөрчлөх л хамгийн чухал. Ухамсар, төлөвшлөөс нь их зүйл шалтгаалж байна.

Мөн залуу гэр бүлүүдэд төлөвшил дутагдаж байгаа. Ерөөсөө ЕБС-аас нь эхлэн зөв хүн болгож төлөвшүүлэх, эерэг хандлагатай болгоход сургаж баймаар байна.

-Нэгэнт явуулын хүн ихтэй бол дахиад ч олон хүүхэд хохирох эрсдэл өндөр байна. Үүний эсрэг аймаг, орон нутгийн удирдлага ямар бодлого явуулж, ажил хийдэг юм бэ?

-Сум болгонд улсын бүртгэлийн мэргэжилтэн бий. Багийн засаг дарга, нийгмийн ажилтан нар орон нутагт нь хэн ирж, явж байгааг, түр оршин суугч уу эсвэл бүр шилжиж ирж байна уу гэдгийг мэдэж, бүртгэж байх ёстой. Айл өрх бүрийг 10 хуруу шигээ мэдэж байх ёстой хүмүүс. Энэ бүртгэлээ бидэнтэй байнга солилцож, харилцан бие биенээ мэдээллээр хангаж хамтран ажиллах учиртай. Гэтэл хүүхэд, гэр бүлийн аливаа асуудал нь зөвхөн манай байгууллагын хийх ажил мэт хандах явдал нийт улс даяар байна. Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, төр, олон нийт тал талаасаа зүтгэвэл энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй биш, чадна. Бас хувь хүмүүсийн суурь хүмүүжил, өсөж төрсөн орчин зэрэг төрөөс биш хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл олон байгаа.

-Хүүхэд хамгаалах нь хүн бүрийн ажил хэдий ч хуулиар илүү их үүрэг хүлээсэн хүмүүс бий. Яг одоогийн нөхцөлд хүүхдээ хүчирхийллээс сэргийлэхэд юу хамгийн чухал байна вэ?

-Бидний хамгийн ойрхон ажилладаг байгууллага бол цагдаа, эрүүл мэнд, боловсрол соёл урлагийн газар, шүүх, прокурор. Бид тав маш нягт хамтын ажиллагаатай, харилцан бие биетэйгээ мэдээлэл солилцож, хамтын шийдвэр гаргаж явдаг. Сум орон нутгийн түвшинд өмнө хэлсэнчлэн нийгмийн бодлогын мэргэжилтнээ л түшиж ажилладаг. Тиймээс тухайн орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн буюу сумын Засаг даргаас маш их зүйл шалтгаалдаг.

Үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй засаг дарга томилогдоод ажиллахад тэнд хүүхдийн асуудал бүрэн шийдэгддэг.

Харин боловсролын салбарын тухайд бид сургуулийн нийгмийн ажилтнуудыг жил бүр л чадавхжуулдаг. Нийгмийн ажилтнуудын холбоотой хамтарч ажилладаг. Манай сургуулиудын нийгмийн ажилтнууд маш сайн ажилладаг. Хамгийн гол нь сургуулийн удирдлага захирлууд маань өөрсдөө нийгмийн ажилтнуудынхаа хүүхэд хамгааллын ажлыг ойлгож, дэмжих нь чухал. 2018 оноос хойш манайх ЕБС, СӨБ-ын байгууллагын удирдах ажилтнуудад хүүхэд хамгааллын сургалт хоёр удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд 10 дугаар сард “Дэлхийн зөн” ОУБ-ын дэмжлэгтэй “Хүүхдийн эрх хамгаалал төв”-ийн захирал Д.Ундраа багшаар чадавхжуулах сургалт оруулсан. Зорилго нь боловсролын орчинд нийгмийн ажилтнууд хүүхдүүдээ сайн хамгаалахын тулд удирдлагуудынх нь хүүхэд хамгааллын ойлголтыг нэмэгдүүлэх явдал. Нэг сайн мэдээ дуулгахад, аймгийн хүүхэд ихтэй сургуулиуд бүгд хоёр нийгмийн ажилтантай болсон. Нэг үеэ бодвол манай аймгийн боловсролын орчинд мэдээж хүүхэд хамгаалал сайжирсан.

Гэвч өнөөдөр ямар айлын хүүхэд зодуулаад ирж байна, хэн гэдэг хүүхдийн сэтгэл санаа таагүй болов, хүүхэд хичээлдээ ирэхгүй байгаагийн шалтгаан юу вэ гэх зэрэг  нарийн зүйлийг олж харахын тулд анги удирдсан багш нарын оролцоо их юм.

-Гэр бүл салалт залуужиж байна гэж байна. Үүний нөгөө талд хоёрдох амьдралаа зохиодог гэр бүл нэмэгдэж байна. Гэтэл ийм гэр бүлд дагавар хүүхдийн эрх их зөрчигддөг. Эдгээр гэр бүлд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Та нар хоёрдох амьдралаа эхлүүлж байгаа учраас гээд тэр хүмүүсийг цуглуулах аргагүй. Гэхдээ бидэнд хандаад ирдэг гэр бүлүүд бий.

Та хоёрын хоёрдох амьдралаас энэ хүүхэд хохирч болохгүй, хүчирхийлэлд өртөх шалтгаан болж болохгүй, сэтгэл санааны дарамтад орох ёсгүй, гагцхүү эцэг, эх нь байна гэдэг ухамсар та хоёрт суусан байх ёстой гэж манай сэтгэлзүйчид зөвлөдөг.

Зөвлөн туслах үйлчилгээнээс гадна өмгөөллийн үйлчилгээндээ ч энэ асуудлыг тусгадаг. Хүүхдийн эрхийг зөрчиж, хохироовол хуулийн ийм ийм хариуцлага хүлээнэ гэдгийг амьдралаа дахин зохиож буй гэр бүлд хэлж зөвлөдөг. Гэхдээ ийм үйлчилгээг цөөн тооны, ухамсар өндөртэй хүмүүс л авч байна даа.

-Аймгийн хэмжээнд зорилтот өрх хэчнээн байна вэ. Бүгдэд нь хүрч ажиллаж байна уу?

-Нийтдээ 28 мянган өрхтэй бөгөөд энэ жилийн хувьд үүний нэг хүрэхгүй хувь буюу 270 өрхөд хүрч ажиллах зорилт тавьсан. Нэлээд олон үзүүлэлтээр эдгээр 270 өрхийг сонгож авсан. Ер нь байнга ажилладаг өрхүүдээ оруулбал  нийт өрхийн 10 хувьтай ажиллаж байгаа. Заавал ажиллах ёстой зорилтот өрхийн тоонд архины хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардагддаг, өрх толгойлсон ээжүүд ба аавууд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй буюу өмнө нь энэ төрлийн дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн гэр бүлүүд багтдаг.

Үүнээс гадна шилжин ирэгсэд тэр дундаа баруун аймгаас ирээд амьдарч байгаа хүмүүсээс бас зорилтот бүлэгт оруулж авсан.

Шилжин ирэгсэд дунд  амьжиргааны доод түвшингээс бага орлоготой, олон хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, өрхийн аж ахуйгүй тул ямарваа нэг эрсдэлд орох магадлал өндөртэй гэр бүлүүд бий. Тиймээс тэдэнтэй ажиллахаас аргагүй.

-Тэгэхээр хамтарсан багууд зөвхөн тухайн орон нутгаасаа гадна тухайн шилжин ирэгсдийн аймаг орон нутгийн хамтарсан баг, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах хэрэгцээ гарч ирж байна, тийм үү?

-Тийм ээ. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн нэг ч төрийн албан хаагч манайхаас танайд тийм хүн шилжиж очиж байгаа шүү гэж хэлэхгүй. Бүр мэдэх ч үгүй. Иргэн шилжилт хөдөлгөөнөө улсын бүртгэлд бүртгүүлсэн бол улсын бүртгэгч мэдэж байгаа. Хамгийн хүнд кейсүүд Цагааннуур, Мандал зэрэг явуулын хөдөлгөөн ихтэй сумдад гардаг. Цагаан нуур бол газар тариалангийн нутаг. Бүх газар тариалангийн компани тэнд бий. Тиймээс орон нутгийн иргэдээс гадна компаниудын боловсон хүчнүүд олон сараар байрлаж ажилладаг.

Мандал сум бол уул уурхайтай, тэр дунд гар аргаар ашигт малтмал олборлогчид бий. Мөн төмөр замын зангилаа тул төмөр замын бүх төрлийн тээвэр дайран өнгөрдөг. Ирэн очин байхаас гадна дамжаад өнгөрөхдөө ч асуудал үүсгэдэг тохиолдол олон. Тэндэхийн хорих ангиас суллагдсан хүмүүсээс зарим нь тэндээ суурьшаад үлддэг. Ийм олон асуудал байдаг учраас гэр бүлийн болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдээд байдаг.

Статистикийг харахад хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх ихэнх нь ураг төрлийн хэн нэгэн, нарийвчилж харвал хойд эцэг, эсвэл хойд эцгийнх нь аав байдаг.

Ураг төрлийнх учраас шүүхийн шатанд асуудал ёстой жанхуу шиг юм болно. Анхан шатны шүүхийн ажил овоо урагшилж байтал ураг төрлийнхөн нь хохирогч хүүхдэд нөлөөлж, улмаар мэдүүлгээсээ эргэж буцдаг. Энэ мэтээр жил дамжин явж байгаа кейсүүд ч бий.

-Таны хэлж буй энэхүү шалтгаанаас гадна хэрэг шийдвэрлэх шат хүүхдэд ээлгүй байгаагаас хохирогч мэдүүлгээсээ эргэж буцах, гомдлоо буцааж татах тохиолдол байнга гардаг. Энэ манай улсад байдаг нийтлэг үзэгдэл. Танай аймагт хэрэг шийдвэрлэх шат хохирогч хүүхдэд хэр зэрэг ээлтэй байдаг вэ?

-Хамтарсан баг, манайх болон цагдаагийн байгууллага ямар нэг тохиолдол боллоо гэхэд хурдан шуурхай арга хэмжээ авдаг ч байцаалт, шүүхийн шатанд маш удаашралтай байгааг нуугаад яах вэ. Хүүхэд хохирогч болсон аливаа хэргийг онцгойлон авч үзэн, богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна. Би Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурал дээр шүүх, прокурорын байгууллагын удирдлагад үүнийг онцолж хэлсэн.

Удаашрах тусмаа л хохирогч хүүхэд мэдүүлгээсээ эргэж буцсаар болсон явдал баларч, дээрээс нь бидний хүч хөдөлмөр ч байхгүй болдог. Эсрэгээрээ хохирогч маань шүүх дээр миний ялыг багасгаад өгөөч гээд явдаг тохиолдол ч бий.

Гэмт хэрэгтэн өөрийгөө аврахын тулд амь тэмцээд явж байхад хохирсон хүүхэд ураг төрлийнхөө дарамтад орж, хохирсон чигээрээ үлддэг. Улмаар хүүхэд төрсөн гэр, нутаг орондоо амьдрах аргагүй болж, дүрвэж байна. Би энд амьдарч чадахгүй, өөр сургууль руу шилжүүлж өгөөч, Дарханд очиж амьдармаар байна гэж манайд ханддаг хохирогч хүүхдүүд маш олон бий.

-Хохирогч хүүхдүүдтэй хэр зэрэг эргэх холбоотой ажилладаг вэ?

-Байнга эргэж тойролгүй яах вэ. Бидний байнга харилцдаг Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд бүртгэлтэй 20 гаруй хүүхэд бий. Тус бүрийнх нь хамтарсан багт хариуцуулж, эндээс манай хүүхэд хамгааллын хоёр мэргэжилтэн арга зүйгээр хангаад, хяналт тавьдаг.

-Хараа хяналтгүй хүүхэд хэр олон байгаа вэ?

-2017 оны байдлаар мьжиргааны доод түвшнээс бага орлогтой, өрх толгойлсон эмэгтэйн хоёр хүүхэд PC тоглоомонд донтсоноос гуйлга гуйж, хулгай хийгээд явдаг байсан. Гэрийнхэн нь мэддэггүй байсан юм билээ. Бас архины хамааралтай таван өрхийн хүүхэд гээд нийтдээ долоо байсан. Цагдаа, хамтарсан багтайгаа нийлж “Дэлхийн зөн” ОУБ-ын туслалцаатайгаар тэднийг орон гэртэй болгож, сэтгэцийн эмч болон АА-ын тэргүүнтэй хамтарч тэдгээр өрхийг сургалтад суулгасан. Үр дүнд нь таван өрх архины хамаарлаасаа гарсан. Харин хулгай хийдэг хоёр хүүхэд PC-нд донтсоноос хулгай хийдэг байсан. Насан туршийн боловсролын төвийн хүүхдүүд байсан тул бид захирал, багш, ээжтэй нь бөөндөө хэлэлцүүлэг хийж, хоёр хүүхдээ засаж авсан. Одоо аймагт хараа хяналтгүй хүүхэд байхгүй.

-Бүтэн өнчин хүүхэд хэр олон байгаа вэ. Тэдний хамгааллын бодлого яаж явдаг юм бэ?

-2019 оны байдлаар бүтэн өнчин 102 хүүхэд бий. “Өнөр бүл” төвд нэг хүүхэд, бас нэгийг ТББ-д хариуцуулж өгсөн. Бүтэн өнчин хүүхдүүддээ жилд нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Бие биенээ таньдаг бас манай хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдтэй байнгын холбоотой байж, болж байгаа болон болохгүй байгаа бүхнээ хуваалцдаг. Нэг хэсэг хүүхэд нь маш нээлттэй болсон. Тэдэнд чиглэсэн гол үйлчилгээ маань холбон зуучлах. Сум, орон нутгийн бүх л шатны удирдлагатай  мэдээллийг нь солилцож, дэмжиж тусалж, анхаарал тавьж байхыг захидаг. Иймэрхүү байдлаар л явж байна. Үүнээс гадна сумын нийгмийн бодлоготой хамтран хагас өнчин хүүхдүүдийн хөгжилд ихээхэн анхаарч, дугуйланд суралцах, их дээд сургуульд ороход нь дэмжлэг үзүүлдэг.

Хамгийн сүүлд Баянгол сумын нэг хүүхдийг “Идэр” дээд сургуульд оруулахаар боллоо. “Идэр” дээд сургуульд улсын хэмжээнд дөрвөн хүүхэд орсны нэг нь манай Баянгол сумынх. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд энэ асуудалд маш нааштай ханддаг болсон.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их байдаг юм байна. Яагаад ийм өндөр байдаг юм бэ?

-Төрөлхийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маш их байна. Жирэмслэлт, төрөлттэй холбоотой байх гэж боддог. Олдмол бэрхшээл мэдээж байгаа, гэхдээ зам тээврийн ослын шалтгаантай нь маш бага. Энэ бүлгийнхэн манай байгууллагын хамгийн ойрхон байдаг хүүхдүүд л дээ. Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтраад хүүхдүүддээ тусалдаг. Төрийн шаардлагатай бүхий л үйлчилгээг авахад нь дэмжлэг үзүүлдэг. Дээрээс нь биднээс хамгийн их хүсдэг зүйл нь эдийн засгийн туслалцаа. Зарим жил бид тусгайлан төсөв хуваарилаад шаардлагатай дэмжлэгийг нь үзүүлдэг.

-Гэгээлэг зүйл яръя. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр аймгийнхаа сайн туршлагыг уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай аймаг 2014 оноос залуу хосын гэр бүлийн ёслолын ажиллагаанд зориулсан танхимыг улсын хэмжээнд анх удаа байгуулсан. Залуу гэр бүл гэрлэлтийн баталгаагаа “нэг цонх”-ны үйлчилгээнээс авах төдий биш манай танхимаар үйлчлүүлэнгээ гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын анхан шатны сургалтад хамрагдаж, батламжаа ёслол хүндэтгэлтэй гардаж авдаг. Энэ үйл ажиллагаа залуу хосын гэр бүл төлөвлөлт, тогтвортой харилцаанд нь тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг.

Мөн Дулаанхаан тосгоны хамтарсан баг улсад жишиг болохуйц туршлагатай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд архины хамааралтай гэр бүлүүдтэй үе шаттай ажиллаж, шийдвэрлаж чадсан.

Архины хамааралтай иргэдээ эхний ээлжинд архинаас гаргах эмчилгээнд явуулж, дараа нь төрийн болон хувийн байгууллагад ажилтай болгосон. Улмаар хандивын аян зарлаж хоёр сая төгрөгт багтаагаад байшин сууцтай болгосон. Хамгийн гол нь муу зуршлаас нь салгаж, орлоготой болгож, амьдрах нөхцлийг нь сайжруулсан тул хангалттай гээд орхиогүй. Хамтарсан баг хяналтдаа авч, байнга эргэж тойрсноор нэлээд олон гэр бүлийн амьдрал ахуй цэгцэрсэн. Энэ туршлагыг одоо зарим сум хэрэгжүүлж байгаа.

-Ирэх жил ямар асуудалд анхаарлаа хандуулж, хүчээ хаяхаар төлөвлөж байна вэ?

-Ирэх онд хамгийн их анхаарах ажил бол мэдээж хүүхдийн хөгжил, хамгаалал. Хамтарсан багуудаа улам чадавхжуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог дэмжих, нэгэнт жигдэрсэн салбар дундын хамтын ажиллагаандаа салбарыг татан оролцуулах, байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлийг өргөжүүлж, үйл ажиллагааг нь чанаржуулна. Аймагт нийтдээ 84 байгууллага Эцэг, эхийн зөвлөлөө байгуулаад байна.

Мөн тун саяхнаас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Сайхан, Мандал, Сүхбаатар гэсэн гурван том сумын бүх багийн өрх бүрд тулж ажиллахаар эхлүүлсэн. Ингэснээр бид айл өрхөө танин мэдэх, эргээд ард иргэддээ үйл ажиллагаагаа таниулан сурталчлах ач холбогдолтой. Салбар дундын хамтын ажиллагаа нэлээд сайжирсан учраас одоо шат ахиж иргэдтэйгээ ойртож нягтрахаар зорьж байна.

Ямар ч байсан ард иргэдийн зүгээс хүүхдийн байгууллага гэж юу хийдэг, ямар газар байдаг юм гэсэн тодорхойгүй хандлагыг бий болгохгүйн төлөө хичээдэг.

Өрхийн гишүүн бүр бидний үйл ажиллагааг мэддэг, шаардлагатай үедээ ханддаг, мэдээлэл солилцдог байх нь чухал. Энэ ажлын үр дүнг ирэх оны төгсгөлөөр үзэх болов уу гэж найдаж байгаа.

Бид анхан шатандаа “хөл”-гүй гээд зүгээр суугаагүй. Дэмжих бүлгүүдийг ажиллуулж эхэлсэн. Тун саяхан Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан 17 сумандаа залуучуудын элчтэй боллоо. Тэд бол орон нутгийг манайхтай холбох гүүр юм. Мөн аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад сайн дурын ажилтнуудыг бэлдсэн. Тэд маань Хүүхдийн хөгжил, хамгаалал, зорилтот бүлгийн залуучууд гэх мэт бүхий л чиглэлээр биднийг дэмжиж хамтарч ажиллаж байна.

Мөн бид “Хүүхэд хамгааллын жишиг сум”, “Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч жишиг сургууль” гэсэн хоёр төрлийн уралдаан зарласан. Бид өнгөрсөн хугацаанд хуулиар үүрэг хүлээгчдийг боломжийн хэмжээнд чадавхжуулсан. Одоо бүгдийг нь өмнөөс нь хийгээд байж болохгүй учраас энэ удаагийн уралдаанд санхүүгийн асуудлаа өөрсдөө ямар нэг байдлаар шийдээд сум, сургуулийн аль аль нь хаашаа ч явсан хүүхдэд ээлтэй орчинтой болоосой гэж зорьж байгаа. Шалгарсан багийг мэдээж хүүхдэд ээлтэй орчноо үргэлжлүүлэн сайжруул гэдэг үүднээс мөнгөн шагналаар урамшуулна.

Бас нэг ажил нь сурагчид маань сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой болж байгаа.

Энэ жил манай байгууллага хоёр сэтгэлзүйчтэй болсон. Сургуулиуд маш их хандаж байна. Тиймээс хоёр сэтгэлзүйчээ ажлын ачааллыг тааруулаад долоо хоногт нэг удаа сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Сэтгэлзүйчид маань хүүхэд ирэхийг хүлээх биш өөрсдөө сургууль дээр сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байгаа.

-Орон нутаг хүний хөгжлөө дэмжихэд хэр зэрэг анхаарч байна вэ?

Аймгийн ИТХ-аас Төрийн бүх шатны байгууллагын бодлогын бичиг баримт нь хүүхдэд ээлтэй байна гэсэн тогтоол гаргасан. Засаг даргын захирамжаар бүх байгууллага хүүхэд хамгаалын бодлоготой болж, энэ чиг үүргийг мөрдөж ажиллаж эхэллээ. Мөн хүүхдийн хүчирхийлэлгүй болох, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Жаргалтай гэр бүл”, залуучуудыг дэмжих зорилготой “Залууст боломж” хөтөлбөр, “Бид Сэлэнгийн ирээдүй” гэсэн гурван дэд хөтөлбөрийг өнгөрсөн дөрвөн жилд батлуулж хэрэгжүүлсэн. “Залууст боломж” хөтөлбөрөөр Засаг дарга залуу гэр бүлийг дэмжиж 120 айлын орон сууц барьж, тэнд салбар бүрийн залуучууд гал голомтоо бадраалаа. “Бид Сэлэнгийн ирээдүй” хөтөлбөрийн нэг том илрэл нь аймгийн Засаг даргын шийдвэрээр хүүхдийн парктай болж байна. Эдгээр ажлаас орон нутгийн сонгуульд мөрийн хөтөлбөртөө оруулж үргэлжлүүлсэн дарга, төлөөлөгчид бий.

 

Холбоотой мэдээ