З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Зүүн бүсийнхэн “Үжин” төвийн хүүхэд хамгаалдаг арга барилыг нэвтрүүлнэ

2020-12-31 916 0
Зүүн аймгуудын бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Дорнод аймагт “Үжин”-ийн бүсийн төвийг ирэх онд байгуулахаар болжээ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгтэйгээр “Үжин”-ийн бүсийн төвийн байр болоод засвар, тохижилтийн санхүүжилт болох 34 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргахаар аймгийн ИТХ шийдвэрлэсэн байна.
Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан “Хохирогч хүүхдүүдэд зориулсан байр нэлээд том. Он гараад байрны засвар, тохижилтийг хийж гүйцэтгэх тендэр зарлагдаж, ирэх хавар гэхэд хохирогч хүүхдүүддээ үйлчлээд эхлэх байх” гэв. “Үжин” төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа “Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлдэг аймаг, дүүргийн засаг дарга нараас анх удаа Дорнод аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Бадамсүрэн төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд зүүн бүсийн нөхөн сэргээх төвийг манай байгууллагатай хамтран байгуулах болсонд үнэхээр их баяртай байна” гэлээ. Салбар төвийг байгуулахаар аймгийн ГБХЗХГ болон “Үжин”-ийн удирдлагууд есдүгээр сараас бэлтгэл ажлаа эрчимтэй хангаж эхэлжээ.
“Үжин”-ийн бүсийн төв нэг дор 8-12 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай байх бөгөөд тусгайлан бэлтгэсэн таван мэргэжилтэн 24 цагийн турш хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх, хөгжлийн, сэтгэл зүйн гээд нийт 12 төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн зуслангийн сургалт, өвөл болоод зуны улиралд сувилалд явуулах, ялангуяа бүлгийн сэтгэл зүйн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

Энэ оны байдлаар зөвхөн Дорнод аймагт гэхэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол буюу Эрүүгийн хуулийн 12.1-12.6-д хамаарах хэрэг найм бүртгэгджээ. Хэдийгээр хууль хяналтын байгууллагаар гэмт хэрэгтэнд зохих ялыг нь эдлүүлэх явц үргэлжилж байгаа ч хохирогч хүүхдүүдийг бие махбод, сэтгэл зүй, сэтгэцийн хувьд эмчлэх, анагаах, нөхөн сэргээх үйлчилгээ хүртээмж муутай байгааг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.
Зөвхөн аймгийн ГБХЗХГ-ын харъяа нэг цэгийн үйлчилгээний төв болох хохирогчийг түр хамгаалах байранд л бэлгийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхэд дөрвөн сарын турш байрлаж буй аж. Э.Жавхлан www.tand.mn сайтад өгсөн тайлбартаа “Өнөөг хүртэл бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төвдөө л авсаар ирсэн. Гэтэл бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй харилцахад тусгайлсан арга зүй, мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг. Гэвч бидэнд ийм туршлага нэлээд дутмаг. Тиймээс “Үжин”-ийн өнөөг хүртэл явж ирсэн туршлага, хүүхдүүдтэйгээ харилцаж буй арга барилаас суралцаж, нэвтрүүлнэ гэж төлөвлөсөн. Алсдаа хохирогч хүүхэд маань ирээдүйдээ итгэх итгэлтэй, нас биед хүрээд гэр бүлийн амьдрал зохиож, эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаанд ороход сэтгэл зүйн хувьд ямар нэг айдас түгшүүргүй болох нь маш чухал. Тиймээс урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээг хохирогч хүүхэд бүрт хүргэх ёстой” гэж ярилаа. Цаашдаа өдөр тутмын үйл ажиллагааг нь бодлого, арга зүйгээр хангахад аймгийн ГБХЗХГ түлхүү ажиллаж явах аж.
Харин “Үжин” төвийн зүгээс бэлгийн хүчирхийллийн хохирогч буюу даван туулагч хүүхдэд олон улсын жишигт нийцсэн нийгэм-сэтгэл зүйн болоод хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд сайн жишиг тогтоож, аргачлал бий болгох, ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бол хүүхдийг гэр бүлийн орчноос нь тусгаарлаж, насанд хүрээгүй хохирогчийг аюулгүй газар хамгаалах, мөрдөн байцаалт, шүүх хуралд оролцоход бэлтгэх, хоёр шатны шүүх хурлыг дуусгах, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нөхөн сэргээх зорилготой аж.
Мөн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорын хохиролыг шүүхээр нэхэмжлүүлэн хохирогч хүүхдэд нөхөн олговор олгуулахад анхаарч ажиллах нь чухал байгааг Д.Ундраа онцоллоо.
Цаашдаа төвийн үйл ажиллагааг тогтвортой авч явахад ажилчдын цалин хөлс, тогтмол болоод урсгал зардлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэйг түншлэгч талууд хэлж байгаа юм. Мөн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тул Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлага, ГБХЗХГ-ын зүгээс идэвх оролцоотой байж, хамтарч ажиллах нь хохирогч хүүхдийг хамгаалах төрийн үйлчилгээ хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжих нөхцөл болно.
Төр хохирогч хүүхдэд зориулсан тусгайлсан нөхөн сэргээх нэгдсэн үйлчилгээг бий болгох ажил эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан. Энэ нь цаашдаа хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, нэгэнт өртсөн тохиолдолд хамгаалал, нөхөн сэргээлтийн хариу үйлчилгээ чанартай үзүүлэх ажлууд улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хэрэгжих итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 481 бүртгэгдсэний 387 нь хүчиндэх гэмт хэрэг байна. Уг гэмт хэргийн хохирогчийн 260 гаруй нь хүүхэд, тэр дундаа гурав нь бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон харамсалтай мэдээ байна. Гэвч өнөөг хүртэл энэ төрлийн хохирогчдод урт хугацаагаар нөхөн сэргээх тусгайлсан, мэргэжлийн үйлчилгээг хүргэх ажил хангалтгүй, хүрэлцээ муутай явж ирсэн юм. Харин 2018 оны 11 дүгээр сард төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд “Үжин” төв байгуулагдсанаар бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхэд, багачуудад нөхөн сэргээх үйлчилгээг хүргэж эхэлсэн. Гэвч зөвхөн Улаанбаатар хотод төвлөрдөг тул үйлчилгээний хүртээмж 21 аймагт хангалтгүй байгааг онцлох хэрэгтэй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Үжин” төв нь 1-17 насны 335 хүүхдийг 1-12 сарын хугацаанд буюу нийт 6119 хоногийн түр хамгаалан байрлуулах, нийгэм-сэтгэлзүй, хууль-эрх зүй, өмгөөлөл, нөхөн сэргээх 12 төрлийн цогц хариу үйлчилгээг үзүүлжээ.

Холбоотой мэдээ