
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд бүтэн жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд тус хөдөлгөөний хүрээнд цагдаа, эрүүл мэндийн байгууллага, аймаг сум, хороо дүүргийн нийгмийн ажилтан гээд олон байгууллага, хамт олон хамтран ажиллаж чамгүй олон ажил амжуулж, хэрэгжүүлсэн байна.
Төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь нийгмийн сэтгэц сэтгэл зүйг сэргээн засах, гамшгийн хэмжээнд хүрчихсэн яваа хар тамхи, архины донтолтоос ангижруулах зорилготой юм. Тодруулбал,, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгон архины хэрэглээний эмгэгтэй хүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх нь төслийн гол зорилго, үйл ажиллагаа чиглэж байгаа.
Эрүүл Монгол Хүн хөдөлгөөний гол тулгуур нь Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний төв. Тус төв нь гамшигт тооцогдож буй архинд донтох эмгэгийн улмаас сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаанд саатал учирсан хүмүүсийн хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.
Өнөө цагт архи болон хар тамхины донтолт, өвчлөл нь гамшигт тооцогдохоор хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол Улс шиг цөөн хүн амтай оронд гамшгийн хэмжээнээс давчихвал үндэстэн мөхлийн ирмэгт хүрэх аюул нүүрлэх юм. Цар тахалтай зүйрлэж, оюун санааны доротолд оруулдаг энэхүү аймшигт хорыг газар авахаас өмнө, өнөөдөр ба ирээдүйгээ тэр чигт нь үгүй хийж мөхөлд хүргэхгүйн тулд үндэстэнээ эрүүлжүүлэхийн төлөө дээрх арга хэмжээг ийнхүү яаравчлан авч хэрэгжүүлжээ. Хатуу дарс, хар тамхины гамшгаас ангижрах Эрүүл Монгол Хүн Үндэсний хөдөлгөөн гэдэг хүчтэй ерөндөгний мөөгийг ийнхүү дотоодын хөрсөнд суулгасны нэг насны ой тохиож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, хар тамхины хамаарал бүхий хүмүүсийн өвчлөл гамшигт хүрснийг олж харснаар дээрх хөдөлгөөнийг санаачилсан хэрэг. Үүний үр шимээр арга хэмжээний хүрээнд олон зуун хүн архи болон хар тамхины хамаарал гэх аймшигт өвчинөөсөө ангижирч, амьдралаа сэргээж чадсан. Тэд харанхуйд бүдэрч, хор ууж, хар тамхи хэрэглэсэн ч өнөөдөр гэрэл гэгээг олж мэдрэн, алдсан боломж, орхигдсон амьдралаа олж гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар амьдарч явна.
Хөрстийн амьдралд хөл алдаж, архи болон мансууруулах бодисын хамааралд орсон нэгнийг амьдралын зөв хэмнэлд нь оруулж, орчлонг сайхнаар харах боломж бүрдүүлсэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлцгээж байгаа нь гарцаагүй биз ээ. Мөн уг санаачилгыг гаргасан Ерөнхийлөгчид ч талархаж буй.
Цаашид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөн олон зуун хүнд амьдрах итгэл хайрлаж, зөв алхах, сайхан ирээдүйгээ бүтээх, гэр бүлийн халуун дулаан амьсгал бүрдүүлэх алтан түлхүүр атгуулж, аз жаргалтай амьдралын хаалгыг нээнэ гэдэгт хэн хүнгүй итгэлтэй байна.
0 cэтгэгдэлтэй