Ерөнхий сайд спортын салбарт ийм их мөнгө зарцуулж байсангүй

2020-12-15 854 0

Монгол Улсын Ерөнхий сайд ирэх онд спортын салбарт 66.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын 2021 оны төсвийн зарцуулалтаас харахад спортын салбарын зардал Ерөнхий сайдын ирэх онд зарцуулахаар тусгасан нийт төсвийн 37.4 хувьтай тэнцэж байгаа юм.

Зарцуулахаар төлөвлөсөн нийт мөнгөний тал илүү хэсгийг хөрөнгө оруулалт, их засварт, үлдсэнийг нь Биеийн тамир спортын улсын хороо, нийслэл болоод аймгийн Биеийн тамир, спортын газар, мөн Спортыг дэмжих санд зарцуулах юм байна.

2013 оноос хойшхи төсвийн гүйцэтгэлийг харахад энэ удаагийнх шиг ийм их хэмжээний мөнгийг Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс спортын салбарт зарцуулж байгаагүй аж. Олимптой жилүүдэд ч ялгаагүй зардал хуваарилдаггүй байж ээ. Зөвхөн энэ онд л Биеийн тамир спортын улсын хороонд 28.5 тэрбум төгрөг зарцуулахаар наймдугаар сард баталсан 2020 оны төсвийн тодотголд тусгасан байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны төсвийн зарцуулалтаас харахад ирэх онд Монгол Улсын Ерөнхий сайдын төсөв 176.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд энэ оныхоос даруй 16 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Сүүлийн найман жилийн төсвийн гүйцэтгэлээс харахад 2019 онд Ерөнхий сайдын төсөв хамгийн өндөр буюу 298.6 тэрбум төгрөг байсан бөгөөд энэ мөнгөний 46.5 хувь нь Үндэсний хөгжлийн газар, 42 хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардал болсон байна.

Холбоотой мэдээ