З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчөө ил тод болголоо

2022-01-28 282 0

Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгоод байна.

Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4 хувь нь Монголд бүртгэлтэй компаниуд юм. Харин аж ахуйн нэгжээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна. Эдгээрийн 68.6 хувь нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байгаа юм.

Харамсалтай нь, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн ашиг хүртдэг уурхайнууд бараа сураггүй байна. 2200 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ердөө найм нь л улс төрд нөлөө бүхий этгээдийн мэдээллээ өгчээ. Өөрөөр хэлбэл, эх орныхоо газрын хэвлийн баялгийг ухаж, экспортолж ашиг олдог эрх баригчид, шийдвэр гаргагчид, эрх мэдлийн төлөө улс төрийн тогоонд чанагддаг эрхмүүдийн эзэмшлийн компаниуд хариуцлагагүй уул уурхай явуулдаг юм байна гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй нь.

Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэл бөгөөд 2020 оноос ОҮИТБС-д нэгдсэн орнууд ашиг хүртэгч жинхэнэ эздээ заавал ил тод болгох үүрэгтэй болсон. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2013 онд 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан бол  2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өсчээ.

2020 онд олборлох салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчид орон нутагтаа 76.3 тэрбум, улсад дөрвөн их наяд гаруй төгрөгийн татвар хураамж, хандив дэмжлэг, төрөл бүрийн төлбөр төлжээ. Үүнээс багахан хэсгийг л эцсийн өмчлөгч нь ил болсон компаниуд бүрдүүлсэн байна.

Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь буюу 38.4 тэрбум, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувь буюу 881.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.

Холбоотой мэдээ