Яндантай өрхийн хэрэглээг хэрхэн хязгаарлаж болдгийг харуулж буй “Тавантолгой түлш” компанийн дарга, даамалд алслагдсан гэр хорооллынхон хэд хэдэн асуудал дайж байна. Утаагүй Улаанбаатар болох зорилт дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлын тэргүүнд нэрлэгддэг сайжруулсан шахмал түлшний хэрэглээг олон нийт онц, сайн гэж үнэлэхээсээ өмнө хэдэн хүний амины үнэтэйг асууж байсан цаг өчигдөрхөн.
2019 оноос эхэлж бидний танил болсон бөөрөнхий хар нүүрсийг энэ өвөл зад хямдруулж нүүрс дагасан олон хэл амыг дарах шалтгаан боллоо. Зөвхөн уутныхаа үнээр борлуулагдах болсон сайжруулсан шахмал түлш энэ жил технологидоо шинэчлэл хийв үү, хямд үнээр ам таглав уу хүн угаартсан гэх мэдээлэл “ашгүй” намжлаа. Байсгээд л “Угаартаж нас барсан иргэд яндангаа аваад, өрхөө битүүлсэн байжээ” гэх жигтэй тайлбартай учир битүүлэг угаарын мэдээг өглөө бүр бид сонсдог байв. Нэгээр тогтохгүй, нэг хэсэг айл өрхөө битүүлж, яндангаа авч, угаар мэдрэгчээ унтраагаад, бидний дундаас буцсан харамсалтай тохиолдлууд дүүрэг бүрд гарсаар байсан ч энэ жил яагаад ч юм энэ төрлийн мэдээ “хав дарагдав”.
Ингээд сүүлийн дөрвөн жилийн угаарын мэдээллийг харвал, улсын хэмжээнд 2016 онд есөн тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан гэх тоо байна. 2017 онд 15 тохиолдлоос 10 хүн нас баржээ. 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас барсан бол 2019 онд угаартсан гэх хэчнээн тохиолдол гарсан, хэд нь нас барсан, хэчнээн нь хүүхэд байв, хэд нь яаралтай тусламж авч эмчлэгдэв гэх нарийн мэдээлэл алга. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшнээс үүдэлтэй угаарын мэдээллийг нууцалсан байж магадгүй гэх хардлага төрж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас угаартсан иргэдийн мэдээллийг ил болгохыг хүсье. “Иргэн угаартлаа” гэх сэтгэл сэрдхийлгэм явдал үнэхээр гарахгүй, багассан бол үүнээс өөр сайн мэдээ гэж үнэндээ юу сан билээ.
Үнээ хямдруулсан, борлуулалтын цэгээ нэмсэн гэх “Тавантолгой түлш” компанийнханд нохой гаслам хүйтэн энэ өдрүүдэд гэр хорооллынхон, тэр дундаа хотоос алслагдсан хороо, дүүргийнхэн арай өөр төрлийн гомдол ярьж байна.
“Хөрсөн дээрээ хасах 40 хэм хүртэл цочир хүйтэрч буй энэ өдрүүдэд Улаанбаатарын гэр хорооллын иргэд даарахын зовлонг хямд үнэтэй нүүрс түлж гэтлэнэ” хэмээсэн дарга нарын гоё мэдэгдлийг иргэд эхнээсээ няцааж байна. Мэдээж ард түмэнд хэрэгтэй шийдвэр гарсан. Гэр хорооллынхон хямд нүүрс түлэхийн таатайг мэдэрч байгаа нь үнэн. Олон өрхөд нэмэр болж буй хямд үнэтэй нүүрс борлуулалтыг харлуулах гэсэнгүй.
Харин бодит байдал дээр иргэдэд долоо хоногт олгодог зургаан уут нүүрсний квот хүрэлцэхгүй, борлуулалтын цэгт нүүрс хангалт нэг, хоёр өдрөөр тасардаг, алслагдсан цэгүүдэд нүүрс тээвэрлэгчид тогтсон цагтаа түгээлт хийхгүй байгаад иргэд бухимдаж байна.
Яг ийм гомдлыг бидэнд хаягласан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн З-ийн хүсэлтээр Гачуурт тосгоныг зорилоо. Иргэд болон нүүрс борлуулагч, хяналтын ажилчдаас дээрх асуудлаар байр суурийг нь сонссоноо хүргэж байна.
Б.Отгон: Долоо хоногийн нүүрсний хэмжээг найм болгох санал их ирж байна
(БЗД-ийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон хариуцсан Хяналтын ажилтан)
-Одоогийн байдлаар бид түлшний картыг цахим бүртгэлд оруулах ажил хийж байна. Иргэдийн тухайд, карт цахимжуулах ажлын давуу талыг ойлгоогүй учраас нүүрс авах бүрдээ иргэний үнэмлэхээ үзүүлэх ёстой юү хэмээн бухимдаж байна. Гэвч энэ бол уурлаж, бухимдах, чирэгдэл үүсгэх асуудал биш. Хэрэв иргэн та түлшний картаа хаяж үрэгдүүлсэн бол таны гээсэн картыг олж авсан иргэн ашиглах боломжгүй юм. Мөн дахин шинэ карт олгох процессыг хөнгөвчлөх гэсэн чухал ажил. Манайх 2300-2600 өрхтэй, зуслангийн бүсийн айл өрх ихтэй, хотоос алслагдсан хороо. Энэ нутаг дэвсгэрт шахмал түлш борлуулалдаг есөн цэг ажиллаж байна. Нэг цэгт өдөрт 5-10 тонн нүүрс буудаг. Манай хороонд иргэдийн гомдол гэхээсээ илүү том буюу хоёр давхар байшинтай айл долоо хоногтоо хоёр удаа картаа ашиглаж нүүрс авъя гэх санал гарсан. Мөн гэрт амьдардаг иргэдээс долоо хоногт өгч байгаа зургаан шуудай нүүрсийг найман шуудай болгомоор байна гэсэн санал их ирдэг. Манай хороонд 5-8 км-ийн цаанаас ирж нүүрсээ авдаг иргэн олон. Ингэхдээ 5000 төгрөгөөр машин хөлслөөд 6 уут нүүрс авдаг. Зургаан уут нүүрсээ дараагийн долоо хоногт хүргэхийн тулд нэлээд хямгатай түлдэг. Хэрэв найман уут нүүрс өгдөг болчихвол долоон хоногийн сүүлийн нэг, хоёр өдөр гал алдахгүй байх боломжтой гэдгээ хэлдэг. Бид ч иргэдийн энэ саналыг цааш нь уламжилдаг. Энэ өвлийн тухайд, өвчин гарсантай холбоотой зуслангийнхаа байшинд өвөлжих иргэд олширсон. Тиймээс зуслангийн бүс дэх айлуудад карт олгох, угаар мэдрэгч тараах гээд ажил нэлээд байсан. Нүүрсний үнэ хямд байгаад иргэд ихээхэн сэтгэл хангалуун байгаа.
Ч.Оюунгэрэл: 30-50 тонн нүүрс захиалж байж өрхийн хэрэглээг хангана
(БЗД-ийн 20 дугаар хорооны 502 дугаар цэгийн борлуулагч)
-Манайх хамгийн ачаалал ихтэй цэг. Тиймээс өдөрт буудаг 5-10 тонн нүүрс иргэдийн хэрэгцээнд хүрэлцдэггүй. Өдөрт дор хаяж 50-30 тонн, нүүрстэй байж худалдан авалтын эрэлтээ хангана. Нүүрс дуусах бүрд иргэдийн нүүрс борлуулагчид руу бухимдлаа илэрхийлдэг. Нүүрс хогтой байна, зургаан шуудай хүрэлцэхгүй юм, таталтаа хийхгүй олон хонолоо, нүүрсний илчлэг буурсан, хэмжээ нь багасчихлаа гэх мэтээр биднийг хэл амаар доромжлож, загнах асуудал их гардаг. Гэтэл бид үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг борлуулах, цаг тухайд нь нүүрснийхээ захиалгыг цааш нь өгөх л үүрэгтэй хүмүүс. Үйлдвэр ачааллаа даахгүйгээс өдөрт 5-10 тонн нүүрс нэг цэгт хүргэж ирж байна шүү дээ. Хаа хаанаа боломжийнхоо хэрээр хүндрэл, чирэгдэл багатай ажиллахыг хичээдэг. Гэтэл иргэд борлуулагчдын буруугаас нүүрс тасарч, нүүрс тээвэрлэгч машин цагтаа ирэхгүй байгаа юм шиг бухимддаг. Тухайлбал, манайх өнөөдөр л гэхэд 30 тонн нүүрсний захиалга өгчихөөд хүлээж байна. Таван тонн ирэх үү, 10 тонн буух уу гэдгийг мэдэхгүй. Үйлдвэрээсээ гарч байгаа хэмжээгээр л борлуулалтын цэгүүд рүү нүүрсээ тээвэрлэдэг гэдгийг л хэлье дээ.
Э.Өнөрсайхан: БЗД-т гэхэд л 200 орчим нүүрс борлуулах цэг ажиллаж байна
(“Тавантолгой түлш” компанийн Хужирбулангийн хангамжийн баазын нярав)
-Улиастай, Хужирбулан, Гачуурт орчмын цэгүүд нүүрсээ манайхаас ч хангана, өөр хангамжийн баазаас ч авдаг. Заавал манайхаас авах хуваарь байдаггүй. Хангамжийн баазуудын савлаж бэлэн болгосон нүүрсийг хаашаа тээвэрлэхийг менежер мэдээлдэг. Тэр хуваарийн дагуу бид түгээлтээ хийдэг. Манай хангамжийн бааз гар савалгаатай. Өдөрт 16-20 хүн ажиллавал 50 гаруй тонн нүүрс савлачихдаг. 13 орчим хүн ажиллавал 30 гаруй тонн нүүрс савладаг. Түгээлтийн цэгүүд нүүрсээ борлуулаад, мөнгөө өгөөд захиалгаа баталгаажуулсан тохиолдолд тухайн борлуулалтын цэг рүү тээвэрлэлт хийдэг. Өнөөдөр л гэхэд манайхаас 50 тонн нүүрс гарсан байна.
Бүх шат дамжлага хуваарийн дагуу, менежерийн зохицуулалтаар явдаг. Түүнээс манай хангамжийн баазтай ойрхон цэг нүүрсгүй болчихсон учраас бид нүүрсээр хангана гэсэн дураараа үйл ажиллагаа байхгүй. Тухайн цэгийн борлуулагч мөнгөө өгөөд 5-10 тонн нүүрснийхээ захиалгыг хийж байж түгээлт хийдэг. Одоогоор борлуулалтын цэгт нүүрс очихгүй байна, иргэд гал алдлаа гэсэн гомдол ирээгүй. Учир нь, “Тавантолгой түлш” компаниас нүүрс борлуулалтын цэгийг нэмсэн, тээврийн компанийн машинуудыг нэмсэн. Манай БЗД-т гэхэд л 200 орчим нүүрс борлуулах цэг ажиллаж байна. Тэгэхээр нүүрсний цэгүүдэд нүүрс очихгүй, нэг, хоёр өдрөөр тасарлаа гэсэн гомдол гарах боломжгүй гэж бодож байна.
0 cэтгэгдэлтэй