“НУТГАА ЗАРУУЛАХГҮЙ” ЖАГСААЛЫНХАН ҮАБЗ-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2022-05-31 435 1

Нүүдлийн уламжлалт соёлын өвийг тээгч говийн бүсийн малчид бид Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх”-ээ сэргээн хангуулах үүднээс дараах шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргаж байна. Үүнд: 

1. Нүүдлийн уламжлалт мал аж ахуйн хөгжлийн байгаль экологийн хамгаалалтыг баталгаажуулах, өнөөг болтол соёлын өвийг тээгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг бүрэн арилгах;
2. Говийн бүсэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг 30 жилийн хугацаанд хориглосон Ерөнхийлөгчийн хориг зарлиг гаргах;
3. Говийн бүс дэх уул уурхай, үйлдвэрлэлд стратегийн үндсэн нөөц болох гүний усыг ашиглахыг хориглосон хууль нэн даруй гаргах;  
4. Аливаа төсөл хэрэгжүүлэхийн өмнө Хүний эрхийн, Нийгмийн, Эрүүл мэндийн, Угсаатны нөлөөллийн үнэлгээг хийж, стандарт тогтоон хэрэгжүүлэх иж бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлж мөрдөх;
5. Өнөөг хүртэл хууль зөрчиж олгосон, 30 жилээс өмнө нөөц нь дууссан, хууль хэрэгжүүлэхгүй зөрчил гаргасан компанийн тусгай зөвшөөрлүүдийг орон нутгийн, олон нийтийн мэдээлэл хяналт дор бүрэн цуцлах;
6. Говийн бүс дэх стратегийн таван орд /Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Шивээ-Овоо, Нарийн сухайт/ –ыг цогц төсөл болгож ТЭЗҮ, дэд бүтцийг  салбар дундын нэгдсэн бодлого, Тогтвортой хөгжил, Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд орон нутгийн, олон нийтийн оролцоотой төлөвлөж хэрэгжүүлэх;
7. Говийн бүсийн нэн эмзэг экосистем, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нөхцөл болон угаас ядмаг экологийн даацад тохируулан Стратегийн дээрх таван ордоос бусад уул уурхайн үйлдвэрлэлийн бүх төслийг нэн даруй  зогсоох;  
8. Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудын хөгжлийг шинэ шатанд гаргаж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Өмнөговь аймгийн нутагт Өлзий-Цагаандэл уул зэрэг нэмж боомт нээх бодлогыг нэн даруй бүрмөсөн зогсоох;
9. Хүнд даацын хатуу хучилттай тусгай зориулалтын бус замаар уул уурхай, үйлдвэрлэлийн тээвэрлэлт хийх болон үүнээс бусад зам гаргахыг хатуу хориглосон шийдвэр гаргаж нэн даруй мөрдүүлэх;
10. Сүүлийн 3 жилийн турш Тавантолгойн бүлэг ордоос Чойр, Ханги мандал чиглэлд тус бүр 470 км 35-39 салаа зам гаргаж шороон замаар тээвэр хийсний улмаас үүсээд буй байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг ЗГ нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргаж ШИЙДВЭРЛЭХИЙГ ХАТУУ ШААРДАЖ БАЙНА.

                       НҮҮДЛИЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН ӨВИЙГ ТЭЭГЧ МАЛЧДЫН ЖАГСААЛД ОРОЛЦОГЧИД

Холбоотой мэдээ