Өлсгөлөн түшээ

2021-01-25 1015 0

Үнэгэн лоовууз, алтан толгойтой суран бүс, нэхий дээл, чонон дах, ноолууран ороолт, буриад гутлаар гангарсан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлав. “Рио Тинто” гэх нэр монголчуудын чихэнд хүрч эхэлсэн цагаас л жагсаж, өлсөж, шантаажилж, хэрүүлийн алим шидэлж ирсэн тэрбээр гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн. Тэрбээр улс төрийн тэмцэл, акц өрнүүлэхдээ гаргууд бөгөөд хэзээ, ямар дүрээр төв талбай дээр гарч ирвэл иргэд дуртай байдгийг андахгүй. Энэ удаад ч мөн цаг үеийн нөхцөл байдал хаанаас улбаатайг гярхай ажиглаж, ард түмний баатрын дүрээр “өлсөх” санаачилга гаргав.

Монголын Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөнд ороод байгаа асуудлыг “Оюутолгой”-н гэрээ, тэр тусмаа гаднын томоохон хөрөнгө оруулагчидтай холбоотойг учир мэдэх улс төрч хэлж буй. Ийм л учраас “Босоо” Ганбаа дарин дээр давс нэмэхээр хамгийн сайн чаддаг ажлаа эхлүүлчихлээ. Тодруулбал, С.Ганбаатар төдийгөөс өнөөдрийг хүртэл ард түмнийг талцуулан, турхирч, дундаас нь өөрийн нийгмийн байр суурийг бататгаж ирсэн муухай зангаа өнөөдөр ч тавьсангүй. Тэрбээр, Монголын үйлдвэрчний эвлэл гэх томоохон байгууллагын тэргүүн байхаасаа л хөдөлмөрчин олны өмнө сайн үйлстний баг зүүсэн юм. Ганбаатарын 16 жилийн тэмцлийн шугамыг хэмжвээс, Монголчууд юу ч хожоогүй бөгөөд тэр өөрөө л албан тушаал ахиж, амьдралынх нь баталгаа эрс нэмэгдсэн байдаг юм. Өнөөдрийн тэмцэгчийн дүрээс нь харвал мөн л “Оюутолгой” гэх амтат бялуунаас зүсэм хүртэх гэсэн олз хайсан шунал нь нэвт сэнхийгээд байна. Өдгөө тэрбээр 54 настай. Өөрийнх нь хэлснээр 16 жил тэмцлээ гэх. 16 жил бидний төлөө бус өөрийнхөө нэр алдар, эрх ашиг, каррьер, шуналд цэг тавихгүй попорч байгаа нь ямархан ёроолгүй, ханаж цадахгүй, ичгүүр сонжуургүйг нь илтгэнэ.

Мэдээж анх түүнийг тэмцэж, өлсөж, сүр дуулиантайгаар талбай дээр гарч ирж байсан дүрийг өнөөдрийнхтэй нь харьцуулбал өмссөн зүүснээрээ ч, нийгмийн байр суурь, эрх ашгаараа тэнгэр газар шиг зөрүүтэй байх нь гарцаагүй. Ил гарч болох асуудал бүрийн тэргүүнд попорч явдаг “Босоо” Ганбаа энэ удаад тэмцье, өлсье, тэвчээр барагдлаа, Монголын эрх ашиг хөсөр хаягдлаа гэхдээ ордноос цухуйв уу, алдар нэр, улс төрийн эрх ашиг, хувь хүний тоглолтоо чухалчилав уу гэдэг нь удахгүй ил болох биз ээ. Юутай ч “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт, гэрээ, “Рио Тинто”-той холбоотой улс төрийн нөхцөл байдал өрнөх бүрд улаа үзсэн хэрээ мэт ваагалаж, тэмцэгчийн дүрдээ ордог С.Ганбаатарыг тодруулдаг өнөөх л Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ, Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн тэргүүтэй нөхөд нь “эргэж” байх. Юутай ч асуудлыг уйгагүй хөндөж, олон нийтэд сануулж байгааг нь шүүмжлэх гэсэнгүй, гагцхүү УИХ-ын гишүүн болчихоод алив нэг хөрөнгө оруулалт бүхнийг муйхраар улс төржүүлж,  ард иргэдээ талцуулдгаа болиоч ээ.

Хэрэв “Оюутолгой”-н гэрээг хуудуутай болсон гэж үзэж байгаа УИХ-ын гишүүн болтлоо суудал ахих хэрэг байсан юм уу.

Өөрийнх нь улс төрд хөл тавьсан замнал нь тэр чигтээ шантааж байсан учраас УИХ-ын гишүүн төв талбайд чононы арьсан дах нөмөрчихөөд МАХН-ын тэргүүнээс эхлээд гишүүдийг нь тойруулж зогсоож байгаад мэдээлэл өгч байгаа нь яагаад ч юм улс төрийн өндөр эрх ашигтай юм байна гэсэн хардлага төрүүлж байна.

Улс орон ороо бусгай, ард түмэн өлөн зэлмүүн, ажилгүй, орлогогүй байгаа энэ цагт өөрийн “бялуу” хүртдэг аргаараа асуудалд хандаж байдгаа болиоч ээ. Монголын ард түмэн С.Ганбаатар таны ачаар ямар эрхээ хамгаалуулж, хаанаас ашиг хүртэв ээ. Ард түмний нэр барьж 16 жил өлссөн эрхэм түшээ танд Монголын төр, Монголын ард түмэн ямар ч өргүй.

Холбоотой мэдээ