Нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийн ач холбогдлыг томъёолсон Ерөнхий сайдын танилцуулгаас онцлом 10 ЭШЛЭЛ

2023-05-04 340 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд нийт 8 асуудал, 18 хуулийн төслийг эцэслэн батлахаар хэлэлцлээ. Эдгээр асуудлын дотроос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Тэрбээр “Хөгжлийн Банк, ЖДҮ-ийг дэмжих сан, нүүрс болон зэсийн хулгай зэрэгт төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, гэр бүл хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, иргэдийнхээ ирээдүйг хулгайлдаг.

Үүнтэй Монгол Улсын Засгийн газар хатуу тэмцсээр байна. Авлигыг саармагжуулахын тулд бүхий л эцсийн мэхээ хэрэглэх болно.

Иймд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно” хэмээв.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэе.

  • Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч, төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ.

 

  • Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.

 

  • Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, Нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Монгол Улсын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна.

 

  • Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.

 

  • “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.

 

  • Тус хууль Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн Ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагуудын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.

 

  • Хуль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагтай болно.

 

  • Ирээдүйд олон улс төрч, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хамгаалж чадна. Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно.

 

  • Төрийн албыг төрлийн алба болгох, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг олон нийтийн идэвхитэй хэлэлцүүлэгт үндэслэн хийх болно.

Холбоотой мэдээ