ДАТА ИНФО: УИХ-ын гишүүн болбол хөрөнгөө хэрхэн өсгөж болдог вэ?

2023-06-29 1102 0

Сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харвал өмнө нь Парламентад ажиллаж байгаагүй, цоо шинэ төлөөллүүд орж ирсэн нь шинэлэг үзэгдэл байв. Ялангуяа залуу гишүүд олноор орж ирэх боломжийг сонгогчид олгосон.

Тэгвэл ийнхүү төрийн ордонд хөл тавьсан шинэ гишүүд УИХ-д сууснаар хөрөнгө орлого нь хэрхэн нэмэгддэгийг нягтлахыг зорилоо.

АТГ-ын Төрийн өндөр албан тушаалтнуудын ХАСХОМ-ын нээлттэй мэдээллээс сонирхолтой зарим үр дүн гарсан юм.

2016 оны сонгуулиар УИХ-д шинээр орж ирсэн найман гишүүнээс Ё.Баатарбилэг гишүүний л өөрийн орлого 25 орчим хувиар буурсан бол бусад гишүүдийнх өссөн байна. Анх гишүүн болсноосоо хойших дөрвөн жилийн хугацаанд өөрийн орлого нь хамгийн их өссөн гишүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар оров. Тэрбээр 2015 онд УИХ-ын гишүүн болохоос өмнө жилийн орлого нь 58 сая төгрөг байсан бол дөрвөн жилийн хугацаанд 124.3 сая төгрөг болтлоо өсжээ. Харин 2021 онд мэдүүлснээр 60 сая болж буцаад буурсан байна.

 

Харин С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нарын гишүүний орлого тасралтгүй өссөөр иржээ. Тэд найман жил буюу хоёр удаагийн парламентад сонгогдон ажиллаад байна.

Гэтэл зарим хүний өөрийн орлого УИХ-ын гишүүн болсноор буурсан ч өрхийн орлого нь өссөн байна. Шинээр гишүүн болсон хүмүүсийн өрхийн орлого өссөн үзүүлэлтүүдийг харав.

УИХ-д хоёр удаа улиран сонгогдсон дээрх гишүүдийн өрхийн орлого 2016 онд байснаасаа хэд дахин өсжээ.

Гэр бүлийн орлого (мянган төг) 2016 2020 2022 2016-2022
Б.Пүрэвдорж          14,079.0          37,560.0              20,049.5 1.4 дахин
Б.Саранчимэг            1,400.0          42,610.0              43,480.8 31 дахин
Л.Мөнхбаатар               252.0            3,840.0              58,940.0 234 дахин
Д.Тогтохсүрэн            8,410.0          90,034.0              65,684.9 7.8 дахин
Ж.Бат-Эрдэнэ          37,800.0        122,521.0              83,266.7 2.2 дахин
М.Оюунчимэг          30,000.0        358,395.0            112,694.0 3.7 дахин
Т.Аюурсайхан                     –          26,500.0            159,835.7 2020 оныхоос 6 дахин
Н.Учрал          43,212.0          67,600.0            196,800.0 4.6 дахин
Б.Энх-Амгалан          17,000.0        141,953.0            511,825.9 30 дахин
Д.Сарангэрэл        211,189.0        397,512.0         3,119,845.0 14.7 дахин

Эндээс харвал анх гишүүн болохдоо мэдүүлж байсан гэр бүлийн орлого нь 2022 он хүртэлх хугацаанд хамгийн өссөн гишүүн Л.Мөнхбаатар байна. Харин Ковидын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, 2020 онд улирч сонгогдохдоо БОАЖЯ, ХНХЯ-ыг тэргүүлж байсан Д.Сарангэрэл гишүүний гэр бүлийн орлого гурван тэрбумаар хэмжигдэх болжээ.

Бас нэгэн сонирхолтой үзүүлэлт бол Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ. 2016-2020 онд УИХ-д орж ажилласан гишүүдийн заримынх нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тэрбум төгрөг давж өссөн байгаа юм. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гишүүн болох үед нь 900 сая төгрөг байсан бол 2019 он гэхэд 2.25 тэрбум төгрөг болж өсжээ. Мөн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн сонгогдохынхоо өмнө 430 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2019 он гэхэд 900 сая, 2021 онд 1.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Т.Аюурсайхан гишүүний хувьд цар тахлын жилд мал сүргээ хамгийн их өсгөж чадсан гишүүнээр нэрлэгдэж байна. Тэрбээр 2015 онд 34 сая төгрөгийн үнэ бүхий малтай байсан бол 2019 онд 197 сая, 2021 онд 498 буюу хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц малтай болсноо мэдүүлжээ. Ялангуяа түүний хурдан удмын адуу энэ хугацаанд 15-аар нэмэгдэж, нийт адууных нь тоо толгой 28 байснаас 118 болтлоо өссөн байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мал сүргийн тоо мөн нэлээд өссөнийг ХАСХОМ харуулж байна. Тэрбээр 2015 онд 44.8 сая төгрөгийн үнэ бүхий малтай байсан бол 2019 онд 100 сая, 2021 онд 187 сая төгрөгт хүртлээ өсжээ.

Харин 2015-2019 он хүртэл өсөж байсан мал сүргийнх нь үнэлгээ 2019-2021 онд нэг ч төгрөгөөр өөрчлөгдөөгүй буюу өсөж, хоргодоогүй гишүүд бас байгаа юм. Үүнд, УИХ-ын гишүүн, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар багтаж байна.

Авлигын эсрэг хуулийн 13.8-д хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэх тухай хуульчлан заасан байдаг. Тус хуулийн 13.8-д Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ гээд

  • 13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

  • 13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

  • 13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

  • 13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах хэмээн тус тус заасан байна.

Гурван жилийн хугацаанд малын тоо толгой нь нэмэгдээгүй, бас хасагдаагүй байна гэдэг боломжгүй мэт. Иймд АТГ шалгаж, хянах шаардлагатай юм. Учир нь УИХ бол хууль тогтоох дээд байгууллага бөгөөд өөрсдөө хуулиа үлгэрлэх ёстой төлөөллүүд билээ.

Түүнээс гадна УИХ-д суух болсноор хөрөнгө орлого нь мэдэгдэхүйц өссөн хэмээн дээр дурдагдсан гишүүдээс өнөөдөр цөөнгүй нь хэрэгт холбогдож, зарим нь шалгагдаж, эхнээсээ гэм буруутайд тооцогдож байгааг нийгмээрээ бид харж буй. Тиймээс жил бүр олон нийтэд ил болдог хөрөнгө орлогын мэдүүлгийн дагуу хянаж, шалгаж байх шаардлага зайлшгүй байгааг энэ жишээнүүд нотолж байна.

 

Бэлтгэсэн: Б.Дуламсүрэн

 

Холбоотой мэдээ