“Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа

2023-08-18 194 0

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.

Товч мэдээ
·      Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц  сангаас гаргахаар боллоо.
·      Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан “Олон улсы автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

 

Холбоотой мэдээ