Түгжрэлийг бууруулах алсын хараатай, эх оронч бүтээн байгуулалтууд ид өрнөж байна

2023-08-20 458 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар даргалуулж буй. Ингэхдээ “Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад эрчимтэй ажилла, ухаалаг санаачилга гарга, зоригтой хэрэгжүүл. Бүх талаар дэмжинэ. Хоттойгоо хамтар. Хоёр алхвал Монгол Улсын Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж дөрөв алхана. Цаг хугацаа гол сорилт шүү. Өнгөрсөн 30 жилийн түгжрэл бүх салбарт бий. Төлөвлөлтгүй хот, замбараагүй барилга, авлигын урхаг угтана. Хүн бүр шүүмжилнэ. Бид санаачилгаараа, бодлогоор, зохицуулалтаараа манлайлах ёстой ” хэмээж байлаа. Ерөнхий сайдын хүсэл биелэлээ олжээ. Улаанбаатар хотод өдгөө түгжрэлийг бууруулахад чиглэсэн цогц ажил эд өрнөж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа. Түгжрэлгүй Улаанбаатарын төлөө гэх том амбийцтай зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтууд сүндэрлэж байна. Улаанбаатарыг тойрсон замын сүлжээтэй болох түүхэн ажил хэдийн эхэлжээ, гэдгийг энд онцлоё. Таваншараас Офицеруудын ордон гэх ганцхан төв замаа хэнбугайд ч заачихдаг нийслэлчүүд зорчих хөдөлгөөн, замын сонголтоо хийгээд, хотынхоо хойно, урд, дунд хэсгүүдээр давхих боломж тун удахгүй нь.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар,  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан бусад албаныхан түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд хийгдэж байгаа замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлт, гүүр, гүүрэн байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

ДЭНЖИЙН МЯНГА ЧИНГЭЛТЭЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ТУСЛАХ ЗАМЫГ МАРГААШ НЭЭНЭ

Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх Чингэлтэйн өргөн чөлөө “Судалт” төвийн хойноос Дэнжийн мянгын хөдөлгөөний урсгалыг холбосон нэг км авто замын их засварын ажил дуусаж, хөдөлгөөнөө нээхэд бэлэн болжээ. Зорчих хэсгийн өргөн нь 4.8-6 метр. Гэр хороолол, Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, Дэнжийн мянгын зах, иргэд, жолооч, сурагчдын зорчдог энэхүү туслах замд 2004 оноос хойш засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй, орхигдоод байсныг замчид хэлж байна. Чингэлтэйчүүд 20 жилийн дараа 1.5 км явган зам, гэрэлтүүлэг бүхий ая тухтай зорчих замтай болж байна. Гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар болон “Экспресс зам” ХХК-ийнхан хийж байна.  Асфальтан хучилтын ажил дуусаж байгаа бөгөөд явган хүний зам засварын ажлыг араас нь эхлүүлнэ гэв. Явган хүний замын ажлыг хийхэд нэг бэрхшээл байгаа нь гэрэлтүүлгийн шонгуудын байршлыг солих шаардлага үүсжээ.

 

НААДАМЧДЫН АВТО ЗАМААС ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАРИЛГЫН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн IV хороо, БГД-ийн XX хороог дамнасан гурван байршил дахь гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нийт 483.1 метр урт, 31.26 м өргөн, хоёр талаараа дугуйн зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, зургаан эгнээ бүхий гүүрийн барилгын ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Мотор Сервис” ХХК, “Туулын Гүүр Далай” ХХК, “Тэргүүн Саруул Зам” ХХК-ийн түншлэл шалгарч 2022 оны есдүгээр сарын 7-нд барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Энэ хэсэгт Яармагийн орон сууцуудыг ундны усаар хангадаг хоёр том усан сан байршдаг учраас ойролцоох талбайд нь кемп байгуулах зөвшөөрлийг холбогдох газруудаас нь авах гэж явсаар ажлаа  товлосон хугацаанаас гурван сараар хойшлуулж эхлүүлсэн. Одоогоор ажил жигдэрсэн” гэдгийг хэлж байна.

НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭН, ААН-ИЙН ДЭМЖЛЭГ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ

Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хорооллын араар Толгойтын замтай холбох олон түвшний огтолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК-ийн түншлэл шалгарч төслийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 95 хувьтай, газар шорооны ажил өрнөж байна. Нийт зургаан эгнээ, хоёр талдаа тойрогтой, 5.2 км гол болон холбоос зам, 125.3 метр гүүрэн гарцтай, олон түвшний огтлолцол хийгдэхээр батлагдсан. Энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал 15 хувь, Баянхошууны буюу Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөөний ачаалал 12.3 хувиар буурах тооцоолол гарсан.

“Иргэн н.Ч-гийн өмчлөлийн дөрвөн айлын газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Газар, бусад эд хөрөнгийг нь 1.6 тэрбумаар үнэлсэн ч дөрвөн тэрбум төгрөг нэхэж байгаа учраас ойлголцож чадахгүй байдал үүссэн” гэдгийг гүйцэтгэгч компанийн инженер Б.Нямдаваа хэллээ.

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтад иргэн, ААН-ийн дэмжлэг, эерэг оролцоо, нийгмийн хариуцлагатай байдал, эх оронч сэтгэл хамгийн чухал. Хаа хаанаа ойлголцож чадвал энэхүү төсөл 2024 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Түгжрэлийг бууруулахад иргэд санал санаачилга, дэмжлэг, хамтын ажиллагаагаараа оролцоосой гэж хүсэж байна” гэлээ.

ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦНЫ НЭГДҮГЭЭР ТӨСЛИЙН АЖИЛ ЖИГДЭРЧЭЭ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар болсон. Төслийн нэгдүгээр байршил буюу Таваншар, төмөр замын 396-р гарам дахь нүхэн гарцны ажилтай танилцлаа. Энэхүү төслийг “Чайна Тисижу Сивил Инженеринг групп” ХХК гүйцэтгэхээр 2023.08.04-нд ажлаа эхлүүлжээ.  Энэ хугацаанд түр гүүрэн байгууламж буюу 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй тулгуур багана, түр тулаас зэргийг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг Толгойт-УБ2 өртөөний 1-р зам дээр бэхлэх ажил явагдаж байв. Дам нурууг төмөр зам дээр байрлуулсны дараа галт тэрэгний хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцны суурийн ухмал болон их биеийн ажлыг эхлүүлнэ гэж төслийн Гүйцэтгэх захирал Жан Хао хэллээ. Уг төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Холбоотой мэдээ