АН БУДАЖ ШУНХДАН ТАЙЗНАА ГАРЧ ИРЭВ

2023-10-04 157 0

Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү…

НАМУУДЫН СҮЛЖЭЭ ЭВДРЭВ 

Саяхныг болтол УИХ-д нэр дэвших хүмүүсээ эхлээд бүлэг дотроо, дараа нь нам дотроо, эцэст нь нам хооронд “зөвшилцөж тохиролцсоны” дараа сонгууль болдог “ёс заншилтай”, нэг үгээр хэлбэл “санаа амар” байв. Харин энэ удаад системийн нуралт эхэлж, намууд хуучин шинэ олон бүлэглэлд хуваагдан, хүч нь ойролцоогоор тэнцсэний улмаас “хуучин ёс заншлаараа” дураараа нэр дэвшүүлэх, тохиролцох  боломж үлэмж хумигдав. Чухам энэ шалтгааны улмаас ҮХ-ийг хүчиндэн өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэхээр болов.

Ингэснээр өрсөлдөөн улам нэмэгдсэнээр үл барам “нэгдсэн” удирдлага зохицуулалтад захирагдахаа байв. Дашрамд дурдахад бараг бүх монголчууд, ялангуяа төр, намын том удирдагчид 76-ын дотор “тоо бодож” луйвардаж сурснаас биш, 126 дотор, чингэхдээ холимог системийн нөхцөлд “тоо бодож” байсан туршлага байхгүй. Ингэхлээр “тоогоо” багцаагаар, тоймлож “бодоход” хүрсэн ба энэ нь замбараагүйдэлд хүргэжээ. Ингээд гаднаас нь харахад монголын улс төр “таг зогсож”, бараг л УИХ сонгууль болохгүй мэт санагдана.

АН ТОМ УУ, ЖИЖИГ ҮҮ 

Олон жил үргэлжилсэн хэрүүл тэмцэл, талцан хуваагдсан бүлэглэлүүдийн ааш араншингаас үзэхэд АН сонгуульд ялах нь бүү хэл “үй түмэн” хэлтэрхий болон хуваагдаж хоорондоо алалцаж байна. Энэ утгаараа АН бол өчүүхэн жижиг бүлгүүдээс тогтоно.

Харин олон жилийн өмнөх гишүүдийн тоо, нэр сүр нь АН-ыг амьд байлгахаас гадна түүнийг улс төрийн том өрсөлдөөний нэгэн оролцогч заавал байлгах улс төрийн нөхцөл, бодитой хандлага байгаа АН-ыг “том” болгодог.

Яагаад ? Үүний тулд манай улс төрийн ерөнхий байдалд гарсан өөрчлөлтийг авч үзэх шаардлагатай.

Ардчиллын эхэн үед зарлан тунхаглаж байсан олон ургальч үзэл, олон намт тогтолцоо 30 гаруйхан жилийн дотор бүрэн устаж, ганц намт тогтолцоо бий болжээ. Улс төрийн жижиг намууд болон ТББ-уудын үйл ажиллагаа бүрэн зогсов. Гэтэл монголчууд “нам” гэдгийг урьдын адил МАН болон түүний эсрэг хүчин АН гэж ойлгосон хэвээр байгаа ба энэ нь АН-ыг нэрийн төдий ч байлгах бодит шаардлагыг бий болгодог.

АН нам маш олон бүлэглэлтэй явж ирсэн хэдий ч үнэндээ бол “МАН-ыг дагадаг АН”, “МАН-ын эсрэг АН” гэж 2 хуваагддаг ба энэ хуваагдал АН-д 20 гаруй жил үргэлжилж байна.

МАН ч гэсэн нийгмийн бүхий л дургүйцэл жигшлийн цохилтыг ганцаараа үүрч байснаас АН-тай “хуваалцаж үүрвэл” илүү ашигтай гэж үзэж таарна.

Эндээс АН-ын хэрүүл тэмцэлд МАН-ын далд оролцоо идэвхижиж, түүнийгээ АН дахь “бие төлөөлөгч” нараараа дамжуулан хэрэгжүүлдэг. “Хэн нь бие төлөөлөгч юм ?” надаас асууж загнах хэрэггүй, учир нь энэ өгүүллийн явцад аяндаа тайлагдана…

АН-ЫН БОЛОМЖ 

Олон жилийн сонгуулийн дүнгээс үзэхэд АН сонгогчдын саналын ойролцоогоор тэн хагасыг авдаг гэж дүгнэж болно. Энэ бол МАН-ын эсрэг улс төрийн хүчний “нийлбэр дуу хоолой” гэсэн үг юм. Харин одоо сонгогчдын саналын тэн хагасыг авна гэдэг бол өнгөрсөн хорвоо. Гэхдээ 126 суудлаас 40 орчим суудал авах боломж бий. Мэдээж энэ тоо мэдээж дээш доош хэлбэлзэлтэй гарна.

Энэ тоо их үү, бага уу ? Хэрэв АН-ын 40 орчим хүнтэй бүлэг байгуулагдаад урьд олон удаа тохиолдож байсны адилаар МАН-тай “стратегийн хувьд” хамтран ажиллавал Энэ МАН “дарга нам”, АН “орлогч нам” хэвээрээ үлдэнэ гэсэн хэрэг бөгөөд өмнө нь олон удаа хэрэглэж байсан хуучин бүдүүвч юм.

АН-ыг “амьд байлгая” гэвэл энэ сонгуульд наад зах нь 40 суудал авах ёстой. Үүний тулд: 1. Намын дарга болон тэргүүн дэд даргын суудлыг эзлэх, 2. Намын дэд дарга нарыг сонгож АН-ыг нэг гарт оруулж, сахилгажуулах, “цэрэгжүүлэх”, 3.ҮБХ-г өргөтгөж аажимдаа удирдаачийн дохиогоор ажилладаг хөгжмийн оркестр шиг болгох хэрэгтэй. Одоохондоо хөг аялгуу нийлээгүй байгаа ч яваандаа болно.

Маш нарийн бодсон, олон явдалт нүүдэл хийсний дараа АН-ыг удирдах шинэ бүрэлдэхүүн бүрэлдэж байна:

Улс төрийн Зөвлөл (УТЗ) хэмээх АН-ын хамгийн том байгууллага “чимээ аниргүй” байгуулагдаад ажилдаа орсныг олон хүн анзаарахгүй байна. Энэхүү УТЗ-д: АН-ын дарга асан С.Эрдэнэ, МҮАН-ын дарга асан Да.Ганболд, АН-ын генсек асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Д.Ганбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн асан Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, СБД-ийн АН-ын дарга Х.Болормаа, ЧД-ийн АН-ын дарга Д.Баянмөнх, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж, Н.Жавзанпагма, Л.Даваасүрэн, Н.Пунцаг, Э.Тамир нарын 22 хүн томилогджээ.

Олон хүний хэл амны бай болсон 15 дэд даргыг сонгожээ. Энэ нь: Р.Амаржаргал, П.Батчимэг, И.Мөнхжаргал, Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр, Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Ц.Уртнасан, Ш.Жандос, П.Галиндэв, Р.Эрдэнэбүрэн, Т.Пүрэвхатан, Ц.Жадамбаа, Ш.Түвдэндорж, С.Буяндэлгэр нар болно. Жигүүр бүлэг болгоноос “төлөөлөл” оруулсан гэж ярьж байгаа ч энэ нь тийм шинэ зүйл биш. Энэ “аргыг” С.Баяр МАН-ын дарга болмогцоо хэрэглэж, намын жигүүр болгоны дарга нарыг Удирдах Зөвлөлдөө оруулж, жигүүрийн идэвхитэй гишүүдийг Бага Хурлынхаа бүрэлдэхүүнийг өргөтгөж байгаад “багтаасан” ба ингэж нэг удаа намынхаа “эв нэгдлийг” хангаж байсан юм. Энэ нь нэг хэсэгтээ “эв нэгдэл” хангасан дүртэй харагдавч яваандаа намыг сүйдэлдэг.

АН-ын шинэ бүрэлдэхүүнийг хүн бүр янз бүрээр дүгнэх байх. Улс төрийн Зөвлөлийн 22, мөн дэд дарга 15-ийг нэмэхээр 37, дээрээс нь 3 даргаа нэмэхээр яг 40 болж байгаа ба эдгээр нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших үндсэн бүрэлдэхүүн гэж итгэлтэй дүгнэж болно.

ЭНЭ БҮХЭН ЯАЖ БОЛСОН БЭ 

Эхлээд С.Эрдэнээгээр АН-ыг удирдуулав. Тэрээр АН-ын гэхээсээ илүү Х.Баттулгатай тэмцэхэд “үлэмжийн гавъяа” байгуулсан ч өөрийнхөө болон АН-ын нэр хүнийг шороотой хутгав. Иймээс “дундын хувилбар” болгож, Лу.Гантөмөрийг дарга болгожээ.

Лу.Гантөмөрийг МАН-тай хамтарч ажилладаггүй юмаа гэхэд “төвийг сахина” гэж АН-ын бүлэглэлүүд үзсэн бололтой. Гэтэл түүнийг 2023.05 сард Солонгост аваачин Ц.Элбэгдорж уулзаж “дахин хүмүүжүүлжээ”. Энд чухам юу ярьсан нь тодорхойгүй, харин үр дүн нь тодорхой. Ямар ч гэсэн Лу.Гантөмөр АН-ын дэд даргаар С.Баярцогтыг тавихийг зөвшөөрсөн ба бусад олон “тохируулгыг” бид бүхнийг амарч, наадамдаж байсан зуны турш хийжээ.

Нэг талаасаа “хятадын иргэн”, “офшорчин”, “ТТ-н шударга бус гэрээг хийсэн” гэх олон хочтой, нэр хүнд нь навс унасан хүнийг унаад байхад нь дахин дахин зүтгүүлж байгаа нь АН боловсон хүчний дутагдалд орсныг тод харуулна. Нөгөө талаасаа МАН-тай хамтран ажиллах арвин баялаг туршлагатай, намын дотоод бүлэглэлүүдийг “залилж базах” хамгийн туршлагатай хүн нь С.Баярцогт. Тэдний ажил үүргийн хуваарь нь үүнийг нотолно: АН-ын дарга Лу.Гантөмөр 15 дэд дарга болон ажлын албаа, Тэргүүн дэд дарга С.Баярцогт нь УТЗ-өө хариуцах болов. Ингээд АН-ын УТЗ улс төрийн голлох шийдвэрийг гаргаж, харин намын дарга нь тэр шийдвэрийг гардан гүйцэтгэх ажлын албыг толгойлох болов. Уг нь намын ажлын албыг намын ЕНБД удирдах ёстой ч тэрийгээ сонгож чадаагүй, намын даргадаа өгчээ. Энэ нь АН-ыг үнэн марзан бүтэцтэй болгож, намын даргын нэр хүндийг үгүй болгож байна.

АН-д тодорхой бүлэгт хамаарахгүй боловч өөрсдийгөө “Гантөмөрийн фракц” гэж нэрлэсэн нэлээд баагий байдаг ба тэднийг саармагжуулахын тулд С.Эрдэнээгийн бүлгээс 90 орчим хүнийг намын дүрэм зөрчин ҮБХ-ны гишүүн болгожээ. Үүнийгээ ҮБХ-г “өргөтгөсөн” гэж тайлбарлаж буй боловч 392+92=484 хүн болсноор хүчний харьцаа АН-ын хуучин бүлэгт ашигтай болов.

Нөгөө талаас уг хурал дээр С.Баярцогтыг дэмжсэн 123 хүн дээр С.Эрдэнээгийн 90 хүнийг нэмэхээр 213 орчим хүн болох бөгөөд энэ нь АН-ын “үндсэн бүлэг” болон хувирч байна. АН-ын энэ бүлэг МАН-тай хамтран ажиллах том хүчин, МАН, АН-ын бүлгүүд “санал нийлбэл” ямар ч ЗГ-ыг унагах бодитой хүч болох нь эргэлзээгүй.

АН-ын энэ “шинэ” бүлгийн далд удирдагч нь Ц.Элбэгдорж, шууд удирдагч нь С.Баярцогт, С.Эрдэнээ нар мөнөөсөө мөн. С.Баярцогт бүр “хүүхэд байхаасаа” МАН-тай хамтарч сурсан, үнэндээ бол МАН-ын “нууц гишүүн”. Ц.Элбэгдорж МАН-тай хамтрахын тулд АН-аас 5 удаа урвасан. С.Эрдэнээгийн МАН-д тусалсан “гавъяаг” тоолж чадах хүн Монголд л лав байхгүй. Ингээд МАН-тай хамтарч ажиллах “шигшээ баг”, МАН-ын доторхи “нэг жигүүр” бүрэлдэв. Энэ нь ямар ч утгаар улс төрийн “тогтвортой нэгдэл” болж чадахгүй. Учир нь АН-ын удирдах “шинэ” бүрэлдэхүүн МАН-д дургүйцсэний улмаас АН руу шилжих сонгогчдын урсгалыг үлэмж багасгах, тэр ч байтугай зогсоож мэдэх суурь шалтгаан болох асар их аюулыг дагалдуулах нь эргэлзээгүй.

Хурлын гадаа МоАХ-ныхон очиж баахан орилсон ч тэднийг оруулсангүй. МоАН-гүй АН гэдэг бол ямар ч утгаар АН биш юм.

МАН-Д ЮУ БОЛОВ 

Одоо намайг загнана. “Чи муу хамгийн том хулгайч МАН-ыгаа ярихгүй, ганц муу ядарсан АН-ыг муулаад байхдаа яадгийм” гэж…Одоохондоо МАН-ын дотоодод ил харагдах том хөдөлгөөн хийгээгүй байна. Харин АН хурлаа хийж хөдөлж эхэлж байна. Би энэ хөдөлгөөнийг харж дүгнэлт хийж байна. Би хөдлөөгүй байгаа МАН-ыг харж, таамгаар дүгнэлт хийж чадахгүй…

МАН, АН хоёрын бүтээсэн улс төрийн систем нуралтад ороод байгааг хүн бүр мэднэ. Энэ нь Л.Оюун-Эрдэнээс огт хамаарахгүй зүй тогтол юм. Системийн нуралт бол бодит шалтгаан. Харин шалтаг нь Л.Оюун-Эрдэнэ нүүрсний, Хөгжлийн банкны г.м. хулгай, авилгын сүлжээг илчилсэн явдал мөн. Систем нурж байгаа нь маш олон шинэ бололцоо бий болгосон. Энэ бололцоог ашиглаж чадвал шинэ бодит байдал буюу шинэ систем бий болно. Хэрэв ашиглаж чадахүй бол хуучин системтэйгээ хэвээрээ үлдэнэ. Хэдийгээр “төвийг сахигчид” олон байгаа боловч МАН, АН дотор хуучин систем, хуучин байр сууриа хадгалан үлдэхийг хүсэгчид нь нэлээд их бий гэдгийг би батлан хэлж чадна.

Нэг талаас Л.Оюун-Эрдэнэ юу ч хийгээгүй, мөн цаашид юу ч хийж чадахгүй, “цаад хэдэн хулгайч” нараа хаацайлаад, хуйвалдаад яаж ч чадахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ бол зарим талаар үнэн боловч гүйцэд дүгнэлт биш юм. Учир нь олон жил бугшсан хулгай, луйврын системийг “эвдэхэд” наад зах нь 5-8 жилийн шаргуу тэмцэл хэрэгтэй.

Нөгөө талд нь эдийн засгийн нааштай ахицууд гарав. Ганцхан жишээ: МУ энэ оны эхнээс 8-р сар дуустал экспортод 37.476,3 мян.тн нүүрс гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин давж гарчээ. Тэр ч байтугай 2023 оны нүүрсний экспортын төлөвлөгөөнөөс ч даван гарчээ.” Хэрэв нүүрсний хулгайг илчилж, олон нийтийн анхааралд оруулж, саармагжуулаагүй бол хулгайч нарт 19 сая тн нүүрс алдах байж. Энийг валютад шилжүүлбэл хэд тэрбум төгрөг болохыг төсөөлөөд үз дээ. Энэ чинь үр дүн мөн биз дээ. Гэхдээ одоохондоо аль нэг тал руу нь дүгнэхэд хүнд байна.

За яахав, Л.Оюун-Эрдэнийг яаж ийж хуйвалдаж байгаад “хусаад хаяж” гэж бодъё. Энэ тохиолдолд МАН-ын авилга, хулгайн сүлжээтэй тэмцэх өөр улс төрч-лидер МАН-д байгаа юу ?! Одоогийн байдлаар би л лав олж харахгүй байна. Хэрэв “мэдэж байгаа” хүн байвал тэр “лут хүн”-ээ нэрлэхийг хүсч байна.

Авилга, хулгай нь илчлэгдсэн хуучны баагийнууд Л.Оюун-Эрдэнээс “зугтаж” том жижиг, бүтэх бүтэхгүй хуйвалдаан байнга зохиож байна. Түүгээр ч үл барам Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү “гүйлдэж” түүнийг тун хүнд байдалд оруулж байна. Энийг чинь дуугай сонсоод байх хэцүү, “за за” гээд хүлээж авах зовлонтой, энийг нь ил яривал бүр ч заваан бантан болно. Гэхдээ У.Хүрэлсүхэд улс төрийн нэлээд их потенциал байгаа нь эргэлзээгүй.

Дээрээс нь хоёр тал руу зэрэг гүйдэг МАН-ынхны новшийн занг харгалзвал тэдний хооронд “хар муур” гүйж байгаа нь гарцаагүй. Энийг би хардаад хэлээд байгаа юм биш, мэддэг болоод хэлж байна.

Ямар ч гэсэн МАН дотор ч, гадна АН-д ч Л.Оюун-Эрдэнийн эсрэг хэд хэдэн бүлэг бодитойгоор бий болж, “нэгдэн нийлэх” оролдлого хийж байна. Гэхдээ ил эсэргүүцэл үзүүлэх боломж багатай учир АН-тай нийлэн “далд тохируулга” хийж эхэллээ.

Нүүрсний асуудал хаашаа эргэснээс хамаарч МАН-ын бүлэглэлүүдийн хүчний харьцаа тодорхой болно. Өөрөөр хэлбэл “хивсэн дорх нохдын зодоон” ил гарна. Тэр үед л бүх зүйл, хийх дүгнэлт тодорхой болно доо…

Судлаач Х.Д.Ганхуяг

Холбоотой мэдээ