Б.Энхбаяр: Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан гэмт хэргийн ялын бодлого чангарч байна

2023-10-09 138 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд намайг дуудаж шуурхай даалгавар өгсөн. Хүүхэд, бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах багц хууль тогтоомжийг яаралтай хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Уг хуулийн төслийг урьдчилсан байдлаар МАН-ын болон АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан. Багц хуулийн төсөлд дөрвөн асуудлыг тусгаад байна. Ялын бодлого чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуулийг шинчилэн найруулах, гуравдугаарт, гэр бүлийн шүүх байгууллагатай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина.

Дөрөвдүгээрт, Шүүх байгуулах хуультай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Урьдчилсан байдлаар

 Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдсэн, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хоёрдугаарт, хүнийг  алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравдугаарт, хорих ялаас өөр ялаар сольж, хугацаанаас өмнө суллахгүй. Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах хорих ялын хэмжээг 20 жил байгааг 25 жил болгоно. Тавдугаарт зарчмын зөрүүтэй санал оруулна. 1984 оноос хойш өөрчлөөгүй бага насны гэх ангилал 14 нас хүртэл байна. Үүнийг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн.

Ингэснээр 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан гэмт хэргийн ялын бодлого чангарч байна. Тодруулбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноодог байсан бол 12-25 болж бүх насаар хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-10 жил байгааг 12-15 буюу бүх насаар хорих ял. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 1-5 жил байгааг 2-8 жил болгож, тэнсэн харгалзах ял олгохгүй. 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлсэн хэрэгт 2-8 жил ногдуулж байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорих болж өөрчилнө. Хүчээр бэлгийн харилцаанд орох хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял ногдуулж, тэнэсэн харгалзах ял ногдуулахгүй. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг 16 нас хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орсон бол 8-15 жил байгааг 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих болно. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо байгаа хүчин төгөлдөр байгаа хуульд үйлчилж буй иргэн хүн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч гүйцэтгэх ажилтан, прокурор, өмгөөлөгч, шүүгч зэрэг мөрдөн шалгах ажиллгааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан хадгалж байх ёстой этгээдээс задруулж байгаа бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Торгох ялыг халж, одоогоор 1-5 жилийн хорих ялтай болгож, нууц задруулсан алба хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна. Зургаадугаарт, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн ангилалд өөрчлөлт оруулна. Согтуугаар жолоо барьсан бол зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг гэж үзнэ” гэлээ.

Холбоотой мэдээ