Х.НЯМБААТАР: Нийтийн тээврийн худалдан авах ажиллагааг хуулийн дагуу цуцалсны дараа шинэ автобус оруулах асуудлыг ярина

2023-10-09 160 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2017 оны долоодугаар сараас Эрүүгийн хуульд шинэ бүлэг нэмж, хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгасан.  Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд хууль зүйн бодлого яриад байх нь зохимжгүй. Хууль зүйн яаман дээр Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хууль дээр ял шийтгэлийн бодлогуудыг чангатгах төслүүд бий. Шинэ сайд ямар бодлого гаргах вэ гэдгээс цаашдын үйл хэрэг өрнөх байх. Би хийж байсан ажилтайгаа буцаад хутгалдахыг хүсдэггүй, зарчимтай. Б.Энхбаяр сайдад хуулийн төслүүдээ хүлээлгээд өгчихсөн.

Би хамгий түрүүнд нийслэлийн бүтцийн асуудлыг цэгцэлнэ. Төрийн данхар бүтцийг багасгаж, урсгал зардлыг хэмнэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаар нь нийслэлд хөгжүүлнэ. Урсгал зардлаас хэмнэсэн хөрөнгийг газар чөлөөлөх ажилд зарцуулна. Хуулийн сайн,  том баг надад хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон  түүнийг дагасан шийдвэрүүдийг боловсруулна. Хатуухан шийдвэрүүд гаргана.

Нийслэл анх удаа бонд гаргах гэж байна. Үүнийг юунд зарцуулах вэ гэдэг чухал. Нэгдүгээрт, Сэлбэ гол дагуух далан дагасан босоо зам, сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгахад зарцуулалтууд хийх юм билээ. Бондын мөнгө олгосон даруйд хүү бодогдож эхлэх учраас барилга угсралтын болон замын ажлыг хийхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ гэдэг цаг үеэ харж байж хэзээ авахаа шийднэ байх. Одоохондоо ажлаа хүлээж аваагүй учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй байна. Нийслэл  1.7 сая хүнтэй. Улаанбаатар хотын түгжрэл хэдээс хэдэн цагийн хооронд, хаана ачаалалтай байна вэ гэдэг тоон мэдээлэлтэй байна.

Хамгийн түрүүнд Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай ярилцсан. Дизель хөдөлгүүртэй ногоон автобуснаас гадна цахилгаан автобуснууд үйлчилгээнд явж байгаа юм байна. Мөн гаалийн татвар төлөөгүй хэдэн автобус хил дээр гацсан байгаа гэж байна. Ер нь худалдан авах ажиллагааг яаж хууль эрх зүйн орчинд цуцлах вэ гэдгийг харж байж дараагийн автобусыг оруулж ирэх асуудлыг ярина. Нийтийн тээврийн оргил ачааллын үед автобус нэг дороо зэрэг түгжрээд байна. Тиймээс тогтмол хугацаанд яаж ирдэг болох талаарх мэдээлэл сонслоо.

Цаашид нийслэлд хийх худалдан авах ажиллагаан дээр нууцлалтын зэрэг хэрэгжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Худалдан авалтыг нээлттэй, ил тод явуулах асуудлыг ярина. Мөн газрын асуудал, авлига хээл хахуулийг ил тод болгохын тулд яаж цахимжуулах вэ гэх мэтээр олон зүйлийг системтэй шийдэх хэрэгтэй юм байна. Зүгээр нэг косметик шийдвэр гаргаад засахад хэцүү байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ