Э.БАДАР-УУГАН: Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна

2023-10-27 163 0

“Өөжин мед” эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой маргаан үүссэн талаар цахим орчинд мэдээлэл түгэх болов. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан учраас олимпын аварга Э.Бадар-Ууганаас тодруулж ярилцлаа.

-“Өөжин мед” эмнэлэг үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаад багагүй хугацааг үдсэн санагдана. Өргөтгөл барих шаардлага яагаад үүссэн юм бэ. Зарим хүн эмнэлгийн өргөтгөлийг бариулахгүй гэж эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?

Эмнэлэг байгаа обьеътыг газрын хамт 2017 онд хувь хүнээс худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гээд олон зорилт тавьсан, үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн. Үр шилжүүлэн суулгах чиглэлээр, эмчилгээний чанараар Монголдоо номер нэг эмнэлэг гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг болсон. Манай эмнэлэгт үр шилжүүлээд 1400 гаруй хүүхэд хорвоод аз жаргал дагуулан мэндэлжээ. Одоо төрөх өдрөө хүлээж байгаа олон ээж байна. Үргүйдэл нь манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлынхэмжээнд яригдах ноцтой асуудал болсон. Агаарын бохирдол, баталгаагүй хүнс зэргээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд үргүйдэл хүрээгээ тэлсэн.

2017 онд эмнэлгийн барилгыг худалдаж авахад үйл ажиллагаа нь доголдсон, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг обьект байсан. Ийм барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн байр болгоход маш их цаг хугацааг зарцуулсан, хичээсэн. Үүний үр дүнд манай улсын иргэдээс гадна урд, хойд хөршөөс үйлчлүүлэгч олноор зорин ирэх болсон. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг л дээ. Тиймээс эмнэлгээ өргөтгөх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Жил гаруйн өмнө манай эмнэлгийн хөрөнгө оруулагч япон захирал Монголд гэр бүлтэйгээ ирсэн юм. Тэгээд эмнэлгийн ажилтай танилцах үедээ хэрэв холбогдох зөвшөөрлүүд гарвал эмнэлгийн  өргөтгөлд хөрөнгө оруулж дэмжьегэсэн сайхан мэдээг дуулгасан  юм.

2017 онд таныг “Өөжин мед” эмнэлэг байгаа тавандавхар барилгыг худалдаж авахад одоо өргөтгөл барих гэж төлөвлөсөн газар хэний мэдэлд байсан юм бэ. Таныг олимпын хорооны эзэмшлийн газар дээр барилга барих гээд байна гэж олон нийт ойлгоод, зарим нь бухимдаад байх шиг?

Энэ газар  Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг 2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн юм билээ. Тухайн үед шүүхийн шийдвэр ёсоорБ.Наранцэцэг гэдэг хүн дээр  очсон, хувийн өмчийн обьект, газар байсан. Энэ явдлаас гурван жилийн дараа би 2017 онд худалдаж авсан гэсэн үг. Одоо өргөтгөл барих гэж байгаа газар ингэж шилжиж ирсэн юм. Түүнээс би Олимпын хорооноос газар аваагүй юм шүү. Энэ тухайгаа хүмүүст зөв ойлгуулж, үнэнийг хэлж байгаагүй нь миний алдаа байх. Юуг нь нуух вэ, зар дээрээс хэд хэдэн газар хараад, хөрөнгө оруулагч япон захиралд танилцуулаад, энэ газрыг сонгож худалдах, худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу мөнгөө өгөөд, татвараа төлөөд, худалдаж авсан түүхтэй.

-Японууд хөрөнгө оруулахдаа тун хянуур ханддаг. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн бүх зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан  гэж нүүр бардамж хэлж Та чадах уу?

Бараг хоёр жил  шахуу хөөцөлдөж холбогдох бүх баримт бичиг, зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Нийслэл дээр барилгын эскизээ батлуулаад, дараа нь өндөр  барилгын зөвшөөрөл гээд Барилга, хот байгуулалтын яамаар хэлэлцүүлдэг хууль, журамтай юм билээ. Яг энэ дагуу зөвшөөрлөө авсан. Өндөрдавхар (23), тэр дундаа эмнэлгийн зориулалттай барилга гэдэг утгаараа өндөр шалгуур, нарийн стандарттай. Эмнэлгийн хог хаягдал, өрөө тасалгааны агааржуулалт норм гээд  бүх зүйл нарийн байдаг юм билээ. Тэр стандарт, нормын дагуу зураг төслөө хийж батлуулаад, барилга эхлүүлэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан.

-Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гээд эсэргүүцсэн хүмүүс  оршин  суугчид   юм уу, эсвэл  танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?

Айл хүний  амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болохС.Энхтүвшин болон эхнэртэй нь манай гэргий бид  хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая, орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаасүүлдээ байдал биш болсон. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн “Манай үйлчлүүлэгч С.Энхтүвшин 2 тэрбум төгрөг аваххүсэлтэй байна гэж палхийтэл хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Манай гэргий рүү хуульч нь холбогдоод яг л нөгөө мөнгөө нэхсэн. Би С.Энхтүвшин рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаагаа хэлсэн. Хамгийн хэцүү нь Японы хөрөнгө оруулагч энэ үйл явдлыг ойлгоогүй. Яаж ч ойлгох вэ дээ. Ингээд бүх зүйл хүндэрч эхэлсэн.

Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ. Д.Баттулга гэдэг хүн үнэхээр хуульч мөн бол хуулийн үндэслэл эрхбиш хэлсэн байлгүй. Эсвэл та нарын хооронд газрын маргаан байдагюм уу?

Ямар ч маргаан байхгүй. Тэдний газраас сөөмийг ч манайх ашиглахгүй. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Та бүхэнд мөнгө хэрэгтэй байгаа бол танай ЦДП-ээс мөнгөө төлж цахилгаан авъя гэсэн санал тавихад үгүй гэсэн. Ямартай ч манай бүх зөвшөөрөл  хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээндайралтад өртөнө дөө гэсэн. Нээрээ л маргаашаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж, манай хашааг цаанаас нь нураах зэргээр дайралтууд эхэлсэн дээ. Бичиг лоозон барьжорилдог хүмүүс хүртэл бэлдээд Э.БадарУуган хууль бусаар газар авч барилга барилаа гэх гүтгэлгийг завсар зайгүй “үйлдвэрлэх” болсон юм. Би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ хавьд орон сууцны барилга бий ч оршин суугчдын эрх ашгийг зөрчих, тэдний цонхыг хаасан зүйл юу ч байхгүй. Цахим орчинд цацаад байгаа барилгын зураг манайх биш, шал өөр зураг гаргаж тавиад худал цуу тараагаад байгаа юм.

-Хэл ам хийгээд байгаа танай хөршүүд барилгаа хэзээ барьсан юм бэ. Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?

Эднийх барилгаа (“Режис плэйс) анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. Том бүтээн  байгуулалт хийж байгаа хүмүүс гэж дотроо хүндлээд, дэм болчих гэсэн нь тэр. 2015, 2016 оны үед анх барилгын ажил эхлээд 2018оны үед нэг хэсэг санхүүжилтгүй гээд ажил нь зогссон байснаа 2021 онд гэнэт үргэлжлээд маш хурдан ашиглалтанд орсон юм. Ковидын үед миний таньдаг нэг хүнээр дамжуулж  манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед “Газраа зарахгүй ээ. Энд эмнэлэг л байх ёстой, насан туршдаа эмнэлэг хэвээр нь авч явнааа” гээд хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгөө нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг л авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа. Э.БадарУуган МҮОХны Ерөнхий нарийн бичгийн дарга юм чинь энэ газрыг хууль бусаар авсан, эрх мэдлээ ашиглаж байна гэдэг өнцгөөр гүтгэе гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Би энэ газрыг Олимпын хорооноос аваагүй, эмнэлгийн барилгыг 2017 онд худалдаж авахад газар нь дагалдаж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн. Монголчууд надад хайр, хүндэтгэлээ харамгүй өгсөн. Энэ сайхан хүндлэлийн хариуд би хууль зөрчиж, хулгай хийхгүй, нийгэмдээ тустайамьдрах үүрэгтэй гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, Олимпын хороо 170 гаруй гишүүнтэй, аливаа шийдвэрийг гишүүн бүрийн оролцоо, саналыг авч гаргадаг. Би дур мэдэх, ганцаараа шийдэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Цар тахлын үед хил гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо бийлэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа 2 тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан ч хүмүүс юм бэ дээ. Ойлгоход нээрээ л бэрх санагдлаа.

Мөнгөтэй, бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх.Бизнесийн ашиг орлогоо хаанаас бүрдүүлдгийг нь бимэдэхгүй. Бидний дунд асуудал үүссэнээс хойшхи хэдэн өдөрт над руу янз бүрийн мэдээлэл ирж л байна. Надаас 2 тэрбумыг нэхээд байгаа “Режис плэйс”-ыг барихдаа нийгэмд маш том дуулиан дэгдээсэн нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, мөнгөугаасан байж болзошгүй гэдэг хардлага хүчтэй байгаа юм билээ. Олны үг ортой л гэлцдэг. Гэхдээ энэ бүххардлагыг би биш холбогдох хууль хяналтын байгууллага л эцсийн байдлаар тогтоож, мэдээлэх ёстой байх.

Эмнэлэг барина гэж зүтгээд хөрш компанидаа шантаажлуулаад, элдвээр гүтгүүлж байхын оронд бусдын жишгээр орон сууц юм уу өөр барилга бариад ашиг хийгээд амьдаръя гэж бодож болсонгүй юу?

Яг үнэндээ манай улсад тулгамдаад байгаа үргүйдлийн чиглэлээр эмнэлэг барихад хөрөнгө оруулагч олдоно, бүх талаар дэмжиж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дэндүү  завшаантай хэрэг л дээ. Гадаадхүн манай улсад үргүйдэлтэй нүүр тулж шаналж байгаазалуу гэр бүлүүдийг хараад сэтгэл нь эмзэглээд,тусалж дэмжье гэж байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.

Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?

Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхлэгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шатаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийгтурхираад л. Хуульгүй авирлаж, шантааж хийж байгаа энэ хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, хашаа  нураасан үйлдэл дээр нь хэрэг үүсээд шалгаад явж байгаа.

Бидний цөөхөн монголчууд уг нь хоорондоо ингэж нэгнээ харлуулаад явмааргүй л байна. Яах вэ, хууль шүүхийн байгууллагаар хэнийх нь зөв байсан нь ил болоод дүгнэгдээд явна. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хөрөнгө оруулагч. Бүх зөвшөөрөл нь гарчихсан байхад танай улсад хууль ёс гэж хаана байна гээд тэд гайхаж байна. Төр, хувийнхан дээр дооргүй гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, тэднийг гомдоож, дээрэлхэж, хөөж гаргасан алдаагаа засъя гэж яриад байдаг. Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна. Чанга орилсных нь зөв байдаггүй. Би өөрийн зан төлвөөс болоод тэр бүр дуугараад, элдэв юм яриад явдаггүйг хүмүүс мэднэ. Энэ удаад гүтгэлэг, дайралт хэрээс хэтэрч, хууль зөрчигчид дэндүү даварч байна. Уг нь Монголд хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаасэхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа.

Хөрөнгө оруулагчдаа яаж тайлбарласан бэ. Хүн бүр уул уурхай гэж амны уншлага болтол ярьдаг болжээ. Эрүүл мэндийн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа тавиад туучихгүйн тулд Та ч бас тэмцэх, гүтгэлэг дайралтыг сөрөөд үнэний төлөө явах ёстой юм биш үү?

Бид бодит байдлыг л хэлсэн. Зөвшөөрөл, бүх зүйл хууль журмын дагуу гарсныг тэр  хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг л үзүүлсэн. Одоо үнэн ялдаг  юм уу,зохион байгуулалттайгаар орилж хашгирсан нь ялдаг  юм уу гэдгийн эцсийг үзнэ дээ гэж л бодож байна даа. Манай улс зөвхөн уул уурхайд л гадаадын хөрөнгө оруулалт  авдаг улс болчихоод байна. Харин бид эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт татаад, монгол хүний эрүүл мэнд, хүн амаа өсгөхөд хувь нэмрээ оруулъя гээд хамт олноороо зүтгэж байна. Үүнийг буруу зорилго гэж боддоггүй. Олон хүний сэтгэлийг харлуулж байгаад би хувь хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Үргүйдлийн эмчилгээний үнэ цэн, зорилго нь бүгдэд нээлттэй, ил байгаа. Гадаад улсынэмнэлгийг зорьсон монголчуудын урсгал хэр байдаг билээ дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш гадаад орон, тэр дундаа БНСУ руу үргүйдлээ эмчлүүлэхээр явдаг урсгал илт буурсан. БНСУ дахь эмнэлэг болон манай эмнэлгийн үйлчилгээний үнийн  зөрүү тэнгэр газар шиг шүү дээ. Монголчуудын БНСУ руу зорьж очдог байсан эмнэлэг урсгалаа алдахгүйн тулд манайх руу холбогдоод хамтарч ажиллая гэж санал хүртэл тавьж байсан. Манай эмчилгээ, үйлчилгээ дэлхийн төвшинд хүрснийг энэ саналаас харж болмоор. Монгол хүнийхээ хувьд, олимпын аваргын хувьд энэ бүгд бол эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн хувь нэмэр гэж боддог. Монгол хүн эрүүл байх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хамгийн том хүчин зүйл гэдгийг ярианыхаа төгсгөлд хэлье.

Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Холбоотой мэдээ