Сэхээн дэх эдийн засаг гэж халаглан хямрах бус сэргэж буй үр ашгаа тооцож, хуваарилахаа зөвлөлддөг болжээ

2023-11-20 375 0

Сар гаруйхны дараа 2023 он шувтарч эдийн засаг шинэхэн “хуанли” дор сэхэх үү, сэхээнд орох уу гэдгээрээ хэмжигдэнэ. Улс орон гэлтгүй айл өрх, иргэн бүр өнгөрсөн хугацаанд өөртөө бий болгосон боломж, зарцуулалт, үр ашиг, орлого, зарлагаа эргэн нягталж жилийн аль улиралд үргүй зардлаа багасгав, хэзээ нь алдагдал хүлээх хэмжээний өр зжээл тавьсан бэ, эргэн төлөлт, алданги нь хэд сэн билээ, амьдрал ахуйгаа өөд нь татах ашиг орлоготой ажиллав уу гэдгээ бодож, тооцох үе. Ийм тооцоо, судалгаа бодитой гарч гэмээ нь хуримтлал үүсгэх, эдийн засгийн өгөөжтэй салбарт хөрөнгө оруулах, мөнгөө арвижуулах дараа дараагийн боломжийг эрэлхийлнэ гэсэн үг. Дэлхий нийтийг бүхэлд нь хямралд оруулсан цар тахлын дараах хомсдлын давлагаанд манай улс харьцангуй бага өртсөн. Жижиг эдийн засагтай улсын сайн ч тал, сул тал ч харагддаг. Өөрөөр хэлбэл, сэхээнд орохдоо ч, сэхэж өндийхдөө ч амархан. Мөнгөний зөв бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа түшиглэсэн таатай бодлого явуулахад л манайх шиг улс гадаад худалдаа, төсвийн орлого хоёр нь ашигтай гарна. Мэдээж нөгөө талдаа халамжийн бодлогодоо хамжааргатай хандчихвал сэвхийгээд л босоод ирнэ.

Яг ийм богино хугацааны, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аажим аажмаар хэрэгжүүлсэн нь өдгөө эдийн засаг сэхэж, сэргэж байгааг эдийн засагчдынхаа өмнө бардам ярих нөхцөл бүрдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эдийн засагчидтай уулзсан өнөөдрийн уулзалт, тэнд мэдээлэгдэж байгаа тоо баримт, иш үндэслэлээс харж болохоор байна.

Ерөнхий сайдын тухайд, даваа гараг бүрд тодорхой секторынхонтой уулздаг. Арваннэгдүгээр сарын сүүлчийн өдрүүдэд таарч буй энэ удаагийн даваа гарагт тэрбээр эдийн засагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Ерөнхий сайд “Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт. Төсөв 2.1 их наядын ашигтай гарлаа. Төлөвлөснөөс орлого давж биеллээ.  Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрд хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв.

Иргэд эдийн засгийн өсөлтийг хүртэх, улс орон нь эдийн засгийн бие даасан бодлого явуулах тун боломжит цаг үе ирээд байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг хүлээсгүй, зөв менежментэд шүтсэн өсөлт цаашид ч бий болох боломжтой цаг үе ирсэн нь өнөөдрийн хамгийн таатай мэдээ байна. Сэхээн дэх эдийн засаг гэж халаглах бус сэргэж буй үр ашгаа хуваарилахаа зөвлөлддөг болжээ

Холбоотой мэдээ