НҮБ-ын тунхаг нүдээ олж, Монгол Улс Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно

2023-11-23 355 0

Хөөх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дотоодод нүүрлэсэн хулгай, албан тушаалын гэмт хэрэг, авлигатай тэмцэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Энэ оны эхнээс л “Таван Ш” ажиллагаа гэж дэмий ч нохой шуугиулаагүй бололтой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, улс орны хөгжлийн баталгаа болсон баялгийг шамшигдуулдаг үндэстэн дамнасан урт гартнуудтай тусгайлсан шүүх байгуулж тэмцэхээр болж байна. Үүний илрэл нь өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр байлаа. Хуралдаанаар Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулахаар төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барих үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаярт даалгалаа. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгав.

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхийн тухайд дэлхийн улс орнууд дотоодын гаарсан хулгайтайгаа тэмцэх, албан тушаалтнууд ял завшихгүй байх, эрх мэдэлтнүүдийн шүүх, хуулийн байгууллагад нөлөөлөх санаархлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргийг шуурхай, хурдан илрүүлэхийг зорилгоо болгодог. Тиймээс Авлигын шүүх байгуулах тунхагт дэлхийн улс орнууд идэвхтэй нэгдсэн юм билээ. Энэхүү тунхгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейас 2021 онд батлан авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхэд Авлигын Шүүх байгуулах санаачилга өрнүүлснийг энд давхар онцолъё. Тэгэхээр манайх хулгай, албан тушаалтнуудын толгойг илдэг, эрх ямбаар хаацайлдаг бус тусгай шүүх байгуулаад, өршөөлгүй тэмцэх нөхцөлөө бүрдүүлж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр, энэ цагт үгүйлэгдэж байгаа хууль хэрэгжүүлэх байгуулал мөн юм. Энэ тухай  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, судлаач Ц.Мөнх-Эрдэнийн “Авлигын шүүх ба Олон улсын чиг хандлага” сэдвээр 2022 онд бичсэн судалгааны өгүүлэлд тун чиг тодорхой тусгасныг олж уншлаа. Эрхэм та ч мөн тухайн бүтээлийг шагайгаад харчихад тун гэмгүй юм.

Энэ тухай санааг Хууль зүйн сайд Б.Энхбаяр тодотгож мэдээлэл өгөхдөө “Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүх болгоно. Улмаар Анхан шатны шүүх дэх дарга шүүгч, тамгын дарга нарын орон тоо багасна. Мөн гэр бүл, хүүхдийн шүүхийг Монголд анх удаа байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүх байгуулна. Нарийн мэргэшсэн хүмүүсийг бэлтгэнэ. Энэ өөрчлөлтийг хийснээр зохиомол хэргийн ачаалал 40 хувь буурна гэсэн тооцоолол хийлээ.

Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй шинжтэй. Торгох ялаар шийдэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ Багануурын уурхайн дарга 27 сая төгрөгөөр торгосон. Хөдөлмөрийн баатрыг мөн энэ хүрээнд торгоод өнгөрсөн. Шуудхан хэлэхэд, анхан шатны шүүхийн шийдвэрүүд авлигатай тэмцэх Засгийн газрын үйл ажиллагааг саармагжуулж, үнэгүйдүүлж байна” гэдэг дүгнэлтийг хийсэн. Иймд авлига, албан тушаалын эцсийн ялыг УДШ өгдөг байх эрхийг түр хугацаанд өгье гэдэг улс төрийн шийдвэр гаргалаа” гэв.

Тэгвэл Хууль зүйн  сайдын хэлж буй дээрх агуулгыг судлаач Ц.Мөнх-Эрдэнэ мөн судалгааны өгүүлэлдээ дурдсан байгаа юм.  Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах нь улс орнуудын авлигатайгаа тэмцэж байгаа хамгийн сайн шийдэл гэдгийг онцлоод, тодорхой найман чиглэлд асуудлыг дэлгэрүүлсэн байна.

Одоогийн байдлаар дэлхийн 27 улсад өөр өөрийн онцлогт тохирсон Авлигын дагнасан шүүх үйл ажиллагаагаа явуулж байна гэх тоо байна. Алига, албан тушаалын хэргийн шүүх байгуулснаар тухайн улс орон дотоодын хулгайчидтайгаа хэрхэн тэмцэж байгаа, авлигын эсрэг хэрхэн анхаарч байгааг нотлох ажиллагаа юм.

Авлигын дагнасан шүүх байгуулахдаа дараах үндсэн нөхцөлүүдийг анхаарч үзэхийг олон улсын байгууллагуудаас зөвлөдөг байна. Үүнд:

  • Авлигын шүүх нь шүүх эрх мэдлийн байгууллагын бүтцэд ямар хэлбэрээр багтах,
  • Бүтэц орон тооны хувьд ямар байх,
  • Дагнан хянан шийдвэрлэх хэргийн харьяаллыг хэргийн ачаалалтай харьцуулан тогтоох,
  • Авлигын дагнасан шүүх, дагнасан прокурор, авлигатай тэмцэх газрын хоорондын уялдаа холбоо зэргийг чухалчлан анхаарч үзэхийн зэрэгцээ дагнасан шүүхэд ажиллах шүүгчийг сонгох, шилжүүлэх, ажиллах нөхцөл зэргийг тусгайлан хуульчлахыг энэ төрлийн шүүх байгуулах талаар хэлэлцэж байгаа улс орнуудад зөвлөдөг хэмээжээ. Юутай ч хулгайг таслан зогсоох, эрх мэдэл албан тушаалтан хуулиас дээгүүр жаалдаггүй юм гэдгийг мэдрүүлэх сайн шийдвэр гарч шийдлийг яаравчлуулахыг Ерөнхий сайд үүрэгджээ.

 

Холбоотой мэдээ