“Эдийн засагч” боомт Эрээн-Замын-Үүдийн хаалга “цоож”-гүй боллоо

2024-03-27 377 0

Эрээн-Замын-Үүдийн боомт бол манай улсын хуурай замын хамгийн том худалдаа, эдийн засгийн эргэлтийн гол хаалга. Монгол Улсын Засгийн газраас дотоодын экспорт, импортоо нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах, ачаа тээврийн урсгалаа сайжруулах бодлогын хүрээнд “Боомтын сэргэлт”-ийг чухалчилж, хилийн “манаач” боомтуудаа сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд, байнгын ажиллагаатай болгоход онцгойлон анхаарч буй. Энэ хүрээндээ Замын-Үүд-Эрээний боомтыг өргөжүүллээ. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэж байна.

БНХАУ нийт 315 хилийн боомттой. Тус улсын авто болон төмөр замын 180 орчим боомтоос 24 цагаар ажилладаг боомт одоогоор байдаггүй аж. Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13-аар нь ачаа тээврээ тасралтгүй явуулдаг. ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсыг холбосон төмөр замын ачаалал маш өндөр, нэвтрүүлэх чадвар муу. Үүнээс болж манай улс Тяньжинаас татах чингэлэг, ачаа, тээврийн үнэ өндөр, тасалддаг, ачаалал дээд цэгтээ хүрдэг бэрхшээл байсан. Ачаа тээврийн терминалыг 24 цаг болгосноор Замын-Үүдэд түгждэг ачааны урсгал үгүй болно. Ингэснээр урд хөршөөс ирдэг ачаа тээвэр 24 цагийн дотор Монгол Улс руу нэвтрэх юм.

Холбоотой мэдээ