Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшдэг байдал эцэслэлээ

2024-04-19 33 0

Л.Оюун-Эрдэнэ: Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг бий

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр “Олон жилийн хугацаанд ярилцаж, зарим газраа маргаантай ч гэсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль цогц байдлаар анх удаа батлагдах гэж байна. Дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, нэгдмэл байр сууринд нэгдэж намын дарга нар гарын үсэг зурсан. Хууль батлахад дэмжлэг үзүүлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон гишүүдэд талархал илэрхийлье.

Энэ хууль байгалийн баялаг хүртээмжтэй байх суурь зарчмыг тохирч байгаа гэдгээрээ чухал агуулгатай. Хуулийн төслийн хуудас нь нимгэн ч том агуулгатай. Баялагтаа эзэн байх суурь эрх зүйн орчин бүрдсэнээр хэрэгжих эхлэл цэг тавигдана гэдэгт итгэлтэй байгаа. Ирээдүйн өв сан нь Норвегитэй адилхан үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Нөгөө талаараа Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдана гэж хуульчлагдаж байгаа. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөцөө арвижуулах том боломж гарч байгаа. Бүх иргэдэд хүртээмжтэй зүйл болно. Хуримтлалын санг Сингапурын суурь зарчимд тулгуурлан боловсруулсан.

Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулалтын том реформ хийгдэж чадахгүй явсан нь эх үүсвэр үнэтэй байсанд л байгаа юм. Бодлогын хүү өндөр, зээлжих зэргэлэл В3-т хүрэхгүй байсан учраас хаанаас ч мөнгө татсан өндөр хүүтэй байсан.

Одоо бол жилд дунджаар 500-700 орчим тэрбумыг импотекийн хөтөлбөрт зарцуулдаг.

Монголбанктай яриад, хувийн хэвшилтэй хамтраад үржүүлэхийн хүрд болгож чадвал жил бүр 1 их наядаас давсан илүү хөрөнгийг орон сууцанд оруулах, тэр хүүгээ өөрсдөө удирдах боломж энэ хууль батлагдсанаар бүрдэж байна.

Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол. Дундаж давхаргыг бүрдүүлнэ. Боловсролын салбар бүх ирээдүйн эдийн засгийн салбартай уялдсан реформ учраас үүнийг Баялгийн сангаараа  шийднэ.

Уул уурхайн ил тод байдал хангагдана. Нэг гэр бүл цаашдаа стратегийн ордыг эзэмшээд яваад байхгүй, энэ хуулиар цэг тавьж, хязгаарлагдаж байна. Тэд бирж дээр нэлттэй компани болно, олон улсын аудитад байнга ордог болно.  Ил тод байдал дээшилнэ.

Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар тавих эрх зүйн орчин хийгдэж байна. 30 хувь гэдэг том эхлэл цэг. Бусад улс оронд 80 хувь хүртэл татвар тавьдаг.

Үүсмэл ордыг хаягдал орд гэж явсан. Өнгөрсөн жил төсөв 4 их наядаар давсан. Үүнд түшиглээд цалин, тэтгэврийг нэмсэн. Яг үүнтэй адилханаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой болж байна. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсч байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй.

Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн батлахад бэлэн болсон гэж ойлгож байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна.

Стратегийн ордын 34 хувь боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулалтад зарцуулагддаг болж байгаагаараа чухал юм” гэв.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлж байна. Ингэснээр гурилын үнийг буулгах боломжтой болно гэж тооцож буй.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар мал аж ахуйн салбарыг 5 их наяд төгрөгийн зээлээр дэмжинэ.

Холбоотой мэдээ