Элэгний D вирусийг эмчлэх “БУЛЕВИРТИД” эмийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэнэ

2024-04-19 50 0

Гепатит D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээнд зориулсан Булевиртид эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын иргэдийн дунд  элэгний D гепатит вирусийн халдвартай хүмүүсийн тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар тооцоход 66 мянга хүрсэн байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан байдаг ч D вирусийн халдвартай иргэдийн төрийн бус байгууллагаас 150 мянган иргэн байгаа гэдэг.

Засгийн газар, ЭМЯ-наас D вирустай иргэдийг эмчилгээнд хамруулах олон талын арга хэмжээ авч байгаа бөгөөд ДЭМБ албан ёсоор бүртгэсэн нэг л төрлийн эмчилгээ нь пэг-интерферон эм юм. Гэхдээ үүнийг D, B вирустэй иргэдийн төлөөллийн ТББ-аас гаж нөлөө ихтэй учир эсэргүүцдэг. ДЭМБ бүртгээгүй боловч D вирусийг эмчилдэг бас нэг төрлийн эмчилгээ байгаа нь АНУ-ын Gilead Science компанид үйлдвэрлэж буй булевиртид эм. Европын Холбооны улсууд бүртгэж эмчилгээнд хэрэглэж байгаа энэ эмийн эмчилгээний зардал ихээхэн өндөр байгаа тул бууруулах шаардлага тулгарсныг хэлсэн.
С.Чинзориг сайд Gilead Science компанийн удирдлагуудтай хоёр удаа цахимаар, Азийн бүсийг хариуцсан захиралтай нэг удаа бечлэн уулзалт хийж, энэ эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх, өртөг, зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа талаар дурдлаа.
Засгийн газраас D вирустай иргэдийн санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд АНУ-ын булевиртид эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэх үед гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн хуулийн төсөл боловсруулаад байна.
Булевиртид эмийг анх ОХУ-д үйлдвэрлээд, түүнийхээ патентийг АНУ-ын Gilead Science компанид зарахдаа бусад улс оронд худалдан борлуулахгүй, зөвхөн улс дотроо, иргэдийнхээ эмчилгээнд хэрэглэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Тиймээс манай улсын иргэд ОХУ-ын Улаан-Үд хот руу эмчилгээнд хамрагдах зардал өндөр байгаа юм.

С.Чинзориг сайд хэлэхдээ “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зориулж 2023 оны улсын төсөвт 13 тэрбум төгрөг тусгагдсаны 4 тэрбум төгрөгөөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний B, D вирусийн оношилгоо, шинжилгээ хийх чадавх бий болгох, бэхжүүлэх, Халдварт өвчин судлалын төвийн хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан байна. Харин 9 тэрбум төгрөгөөр ДЭМБ-д бүртгэлтэй пэг-интерферон эмчилгээг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан боловч B, D вирустэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг худалдан авалт зогсоод байгаа юм. Мөн 2024 оны улсын төсөвт 7 тэрбум төгрөг батлагдсаныг өмнөх оны худалдан авалтын зардалтай нийлүүлж, нийт 14  тэрбум төгрөгөөр АНУ-аас “Булевиртид” эм худалдан авахаар ажиллаж байгаа” гэв.
Ингээд АНУ-аас худалдан авах “Булевиртид” эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ