Суудал нь бүрдсэн хамтарсан Засгийнханд том төслүүдээ хэрэгжүүлэх хөрс, зориг хоёр дутуу байна

2024-11-13 105 0

Оюутолгойг эс тооцвол монголчууд бидний мега төсөл хэрэгжүүлсэн, гэрээлсэн, үр шимийг нь үзэж хүртсэн жишээ бараг л байхгүйтэй ижил. Хүн ам цөөн, зах зээл бага, улс төрийн бодлого тогтворгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэх шалтаг шалтгааны улмаас Рио Тинтогоос өөр гадны хөрөнгө оруулагч манайхаас үргэлж татгалзсаар ирсэн.

Сүүлийн 30 жилд төрийн институцыг ажиллуулж байсан нөхөд ч боломжийнхоо хэрээр “үргээсээр” эцэстээ “Эх орноо харийнхнаас аварлаа” гэх пайзтай л бид үлджээ. Хоосон, хийрхсэн авлигач, урвагчдаар төр, төрийн алба нь дүүрч, ядарсан, өдөр ирэх бүрд иргэдийн худалдан авах чадвар доройтож байна гэхээс өөрийг бүтээдэггүй халамж горьдсон ард түмэнтэйгээ л хоцрох шив дээ.

Муу нэртэй ч Оюутолгойн хэмжээний 10 мега төсөл Монгол Улсад хэрэгжихэд л бид хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, 3000-5000 ам.долларын цалингийн түвшин ярьдаг, утаагүй, орон сууцжсан ард түмэн байх байлаа.

Байлаа…гэсний тухайд “Мега төслийн үр өгөөж”-ийн талаар Рио Тинто Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал Оюутолгой төслийн өгөөж дээр жишээ авч хэлэхдээ “2010-2024 оны хугацаанд Оюутолгой 4.8 тэрбум ам.долларыг улсад татвар болгож төлсөн. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр төсөвт орж ирэх шууд өгөөж нь 53 хувь байлаа. 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард дахин суухдаа Монгол Улсын хүртэх шууд өгөөжийг 9 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Бид 20-иод төрлийн татвар болон төлбөрийг улсад төлдөг” гэлээ.

Х.Амаржаргал захирлын энэ тоо баримтаас үзвэл Оюутолгой шиг 10 мега төслийг өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн бол өдийд бид ам нээх бүрдээ алдагдсан боломжийн өртөг, тогтвортой эдийн засгийн зорилт, авлигажсан улс төр, бохир бизнесийн орчин ярьж дотроо тэмцэлдэхгүй байх байжээ. Ард иргэд нь төрөөсөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг, залуус нь ажлын байр, боловсролын тэгш хүртээмж нэхэхгүй байх байжээ.

Бидний хамгийн сайн мэддэг Казахстан улсын мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд ямар хэмжээнд хөгжлийн манлайд хүрч байгааг бид бэлхэн харж байна. Казахстаны тухайд Төв ази дотроо хамгийн их гадны хөрөнгө оруулалтыг татаж чаддагаараа тэргүүлдэг байна. Төв ази руу чиглэсэн гадны хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа татаж авч чадсан нь өнөөдрийн баян, хүчирхэг эдийн засагтай Казахстан улсыг бүтээжээ. Энэ бол мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд, гадны хөрөнгө оруулагчдаас айж, үргээх биш даллаж, тэдний мөнгийг бүх салбартаа шингээсэн бодит жишээ юм.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэндээ анх удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийчихлээ. Олуулаа болж, суудал бүрдлээ. 14 мега төслийг хэрэгжүүлнэ хэмээн зарлаж, БНХАУ-аас эхлээд дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагаа эхлүүлээд явж байна. Улс орноо бүсчилж хөгжүүлэх зураг гаргачихсан, 21 аймаг, 330 сумдын иргэдэдээ өнгөрсөн өвөл, хаваржин явж танилцуулсан. Ард иргэд ч дэмжлээ. Одоо 126 гишүүнээ, Засгийн газрын сайдуудаа үүрэгжүүлж, ажлыг нь хийлгэ. Тал тал руу харж үхрийн шуудай дахь эвэр шиг сууцгаадаг биш нэг зүг рүү хараад, олон ургальч үзлээр асуудалд хандаж, ард иргэдийнхээ итгэл үнэмшил бол.

2025 оны төсөв батлагдлаа. Ард түмэн чинь хэн нь юу ярив гэдгийг сайтар харлаа. УИХ дахь шинэ, хуучин түшээд бидний төлөөлж чадаж байна уу, хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлагын төлөө зөв явж, үнэнийг ярьж байна уу,  Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу гэдэгт хариулт нэхэж байна.

Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна шүү, нөхөд өө.

Хамтарсан Засгийн газрын 126 суудал бүрдлээ. Том төслүүдээ хэрэгжүүлэх хөрс, зориг хоёр л дутуу байна. Мега төслүүдээ хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчноо бүрдүүл. Тэгээд ажлаа шуурхайл.

Холбоотой мэдээ