Онцгой байдлын албатай холбогдсон алба хаагч бүрийн түүх өөр, өөр. “Nematimes” булангийн өнөөдрийн танилцуулах зочин бол удам дамжсан “гал сөнөөгч”. Аавынхаа ажил, мэргэжлийг өөрийн сонирхол, зорилгоор “чимж” өдгөө дэд хурандаа хүртлээ дэвшин ажиллаж байна. Түүнийг Ганзоригийн Нэргүй гэдэг. Тэрбээр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргын албан тушаалыг найм дахь жилдээ хашиж байна.
-Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд, 2002 онд тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст /одоогийн Онцгой байдлын газар/ гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2003-2007 онд Цагдаагийн академид Онцгой байдлын ажилтан мэргэжлийг эзэмшиж, 2007-2010 он Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн салааны дарга, 2010-2013 онд Гал түймрийн улсын хяналтын байцаагч, гамшгаас хамгаалах улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2013-2015 онд ОХУ-ын Москва хотод Галаас эсэргүүцэх албаны академид магистрын зэрэг хамгаалсан. Албандаа 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Удам дамжсан гал сөнөөгч. Аав маань энэ байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Хэдийгээр аавынхаа зөвлөгөөгөөр ажил, амьдралаа Онцгой байдлын албатай холбосон ч өдөр бүр ажилдаа “дурлаж”, үнэ цэнийг мэдэрч, алба хаагчдаараа бахархаж, хамтдаа хөгжиж байгаадаа талархалтай байдаг.
-Ховд аймаг олон ястны өлгий нутаг. Нийт 90 гаруй мянган хүн амтай. Үүнээс 40 орчим мянга нь төвдөө буюу Жаргаланд суманд ажиллаж, амьдардаг. Газарзүйн байршлын хувьд уулархаг, их нууруудын хотгор, зургаагаас долоон томоохон нуур, горхитой, тал, хээр хосолсон нутаг. Энэ нутаг дэвсгэрт урсгал болон тогтмол усанд, ууланд осолдох тохиолдол элбэг. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо, давтамж хот суурин газарт гэлтгүй хөдөө, орон нутагт ч нэмэгдэж байна. Мөн ахуйн хүрээний гал түймэр, шороон болон цасан шуурга, мал, амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн осол гээд бүхий л гамшиг, осол тохиолддог. Тиймээс иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байна. Сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлыг хийснээр аймгийн хэмжээнд ахуйн хүрээний гал түймэр 19 хувиар, усны осол 25 хувиар, зам тээврийн осол 20 хувиар тус тус буурсан байна.
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Мөн охидууддаа гарынхаа хоолыг хийж өгөх “хоббитой”. Ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн охины хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Д.Хишгээ гэдэг. Ховд аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. Эхнэртэйгээ 2010 онд найзаараа дамжуулж танилцаж байсан цаг хугацаа саяхан мэт боловч 14 жил болжээ. Бүхий л зүйлийг минь ойлгодог, дэмждэг, урамшуулдаг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Манай Ховд аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувьд харьцангуй залуу алба хаагчид байдаг. Харилцан суралцаад, хамтдаа хөгжихийн төлөө эрмэлзэн ажиллаж байна. Өөрийн хийж байгаа ажилдаа эзэн байвал чадахгүй, болохгүй зүйл байхгүй л гэж боддог. Албанд ажиллаж байгаа хүн бүр чин сэтгэлтэй, зүтгэлтэй, зорилготой байдаг болохоор энэ албандаа урам зоригтой шантралгүй өдийг хүртэл ажиллаж байна. Сайхан албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа ажлын амжилт хүсье. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.
0 cэтгэгдэлтэй