Онцгой байдлын 19 алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

2024-10-10 24 0

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн, дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласны үр дүнд Онцгой байдлын алба хаагчдын нэр хүнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага цаашлаад олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсон талаар онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр XIV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өгсөн юм. Мөн үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах эд хэрэгслийг гардууллаа. Тодруулбал, объектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бусад шаардлагатай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн  гурван офицер, ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ