Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ам асууя: Өмч хувьчлалд хийсэн шалгалтын хариугаа хэзээ танилцуулах вэ?

2021-02-24 405 0

ЖДҮ, концесс, бонд, тендертэй эн зэрэгцэх томоохон сэдэв бол өмч хувьчлал. Тэртээ 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Гэсэн ч өнөө хэр нь иргэдийн дунд энэ хувьчлал шударга бус болсон, хувьсгалаар бамбай хийж гарч ирсэн эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд авсан гэсэн гомдол, шүүмжлэл тасардаггүй.

Тиймээс төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг Засгийн газар, УИХ-д танилцуулах үүргийг одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 25-нд өнөөгийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгч, ажлын хэсэг хүртэл байгуулсан билээ. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Төрөөс хувьчилсан 928 обьектийг өнөөдөр ямар байдлаар ашиглаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлал шударга явагдсан уу. Үнэхээр аж ахуйн нэгжүүд өнөөдөр ногдол ашиг тарааж чадахааргүй хэмжээний ашиггүй ажиллаж байна уу, эсвэл татвараа нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үү гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй” гэж ам гарсан нь цагаан дээр хараар бичээстэй буй.

Улмаар уг шалгалтын дараа 2018-2020 онд хувьчлах тухай үндсэн чиглэлийг ярих нь зүйтэй. Төрийн өмчийг хувьчлах нь буруу биш, гэхдээ эхний хувьчлалтай холбоотой асуудалд дүгнэлт гаргаж, танилцуулсны дараа энэ асуудлыг хөндөх нь зөв хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлж байсан юм. Ингээд уг шалгалтыг УИХ-ын хаврын чуулганаар танилцуулах үүрэг өгсөн бөгөөд нийт 60 орчим хоног шалгалт явуулахаар болсон. Харамсалтай нь, энэ цагаас хойш өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд сүржин мэдэгдсэн одоогийн Ерөнхий сайдын өмч хувьчлалд хийсэн шалгалтын дүн мэдээ олны сонорт хүрэлгүй, тэгсхийгээд замхарч, өнөөдөр хэн ч энэ мэдээллийн араас чих тавихгүй мартаж дээ.

Угтаа хэний ч хөндөж, гар дүрж зүрхэлдэггүй өмч хувьчлалын асуудлыг Л.Оюун-Эрдэнэ гаргаж тавьсан нь үнэн. Тэр Эрдэнэт үйлдвэр, Чингис бонд, Хөгжлийн банк гэх мэт томоохон сэдвүүдэд анхаарал хандуулж, шударгаар шалгана гэдгээ удаа дараа хэлж байсан цаг саяхан. Хэрэв тэр “поп”-роогүй бол өмч хувьчлал нь ЖДҮ-гээс ч том хөндөж, шалгах ёстой асуудал мөн үү гэвэл тийм. Гэхдээ тухайн үед учир мэдэх хүмүүс түүнийг шинэхэн даргын өвчнөөр өвчилж, попорч байна гэж ярьж байсан нь одоо ч хэвээр. Ингэж дүгнэх нь ч үндэслэлтэй. Яагаад гэхээр, эх нэгтэй, эцэг өөртэй Л.Оюун-Эрдэнийн ах бол Херо-гийн гэх тодотголтой Б.Баатар. Тэр Ерөнхийлөгч Х.Баттулга, их аварга Д.Давгадорж гээд нэр нөлөө бүхий олон хүмүүстэй харилцаа хамааралтай байдгийг захын хүн ч мэднэ. Учир нь эдгээр эрхмүүд их өмч хувьчлалаар хамгийн их ашиг хонжоо хүртсэн юм. Тиймдээ ч өнөөг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маань амаа үдүүлчихсэн үү гэлтэй байх юм.

Ямартай ч Монголын хууль гурав хоног гэдэг энэ бичигдээгүй балай дүрэмд цэг тавих цаг болсон. Монголчууд загас шиг наймхан секундын ой санамжтай баймааргүй байна. Эрх баригчдад ард түмний сэтгэхгүйгээр наадаж, том сэдвүүдээр попорч болдоггүй гэдгийг сайтар сануулах нь зүйтэй. Ялангуяа, эх орны хувь заяаг гартаа атгаж, хариуцлагатай албан тушаал хашиж буй Ерөнхий сайд хүн хэлсэн үгэндээ, хийсэн үйлдэлдээ эзэн байх учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ та Ерөнхий сайдын суудалд суучихлаа, юунаас айх вэ, Чингис бонд, Хөгжлийн банк, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр гэх мэт Монголын урдаа барьдаг газруудад хийсэн шалгалт, тэдгээрийн тайлан зарцуулалтыг өнөөх сүрхий мэдэгдсэн өмч хувьчлалд хийсэн шалгалтын хариу, дүгнэлттэйгээ нэг танилцуулаач?

Холбоотой мэдээ