Хувьсгалаас урвагчид

2021-03-01 962 0

Ай мөн ч сүйхээтэй эр юм аа, Н.Энхбаяр. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, С.Амарсайхан гээд МАН-ын толгой лидерүүдийг эгнүүлэн дагуулаад, Төв талбайд гараад ирэв. Тэврэлдэн, гар барьцгаав. Хөл тавьж алхацгаав. Инээд алдан сүжирэв.

МАН гэх гоёмсог улаан зангиатнууд МАХН гэх шүхэр гартаа барьжээ. Шүхрээ чухам дээрээ дэлгэх үү, гартаа хумих уу, гозолзуулаад энд тэнд эргэлдүүлэх үү.

Нам нийлж, сэм нэгдсэн энэ үзэгдлийн ашигтай загварын гэрчилгээ нь хэний халаасанд байгааг зарим нь гайхацгааж байхад нөгөө хэсэг нь самсайгаа шархируулан, нулимсаа арчиж үзэгдэв. Тэдний алхаа гишгээ, нүд дүүрэн инээмсэглэлийг харсан хэн ч МАН МАХН-ын толгойлогчдыг хонь чоно мэт явсан гэхээргүй.

Хаврын хавсаргатай өдрөөр халуун янаг нэгдэл гээчийг тэд монголчуудад ёстой л нэг үзүүлж өгөв. Нэг тогооноос хооллох болсноо зарлаж буй тэдний хайрын романс хэдэн өдрийн настайг харж л суухаас даа.

Өө тийм, МАН-ын лидерүүд МАХН-тай нэгдэж байгаа тухайгаа  жирийн гишүүд, дэмжигчдэдээ зарлан мэдэгддэг үү, цөөн хэдэн эрх мэдэлтэн нь тохироогоо хийгээд, намын үйл хэргийг дэмжигчдийн оролцох асуудал энэ биш гээд дээгүүрээ шийддэг үү гэдгийг лавламаар байна.

Мөн 100 жилийн настай МАН-ын Монголын түүхийн цаг үед оруулсан хувь нэмрийг нэрлэ гэвэл эргэлзэх зүйлгүйгээр эрх чөлөө, ардчилал, хүний эрх, соёл, хөгжлийн хувьсгалыг эхлүүлсэн нам гэж хэлнэ. Монгол улсад үндэсний сэхээтнүүдийн итгэл сэтгэл, эв нэгдлийн биелэл болж үүссэн “нам” 100 жилээр үргэлжлэхдээ холимог хуурга шиг болохыг харах тун сонихон юм. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан намынхаа  үзэл санаа, үнэт зүйлийг өдгөө ч тээсээр явна уу, таягдан хаясан уу гэдгийг 100 жилийнх нь ойн дээр асууя.

Солонгосын 1970 оны улс төрийн амьдралыг харуулсан “Дэргэд зогсож буй хүн” гэх кино бий. Солонгосын хувьсгалыг эхлүүлж, манлайлан оролцож явсан хэсэг нөхөд  улс төрийн өндөр албан тушаалтан болцгоодог. Улс төрчдийн тохироо, эрх ашиг, цүнх баригчдын үнэн төрх, эрх мэдэлтнүүдийн шунал тачаалыг дэглэн харуулсан уг киноноос өнөөдрийн манай улс төрчдийн, нам болж тоглох лидерүүдийн нүүр царай тодрох шиг болдог. Төрийн эрхийг авсан ерөнхийлөгч Пак-ийн амин хувиа хичээх үзэл санаа хэрхэн томорч буйг тус бүтээл онцолдог.

Ингээд нэгэн цагт хувьсгал эхлүүлж, хувьсгал удирдаж явсан нөхөр нь Ерөнхийлөгч Пакийн дарангуйлал, муйхар үзэл ард түмний эсрэг өндрөө авч байгааг хараад зүгээр суухгүй. Ингээд анх зорьж тэмцсэн нөхөр нь үйл хэрэг, үнэт зарчмаасаа ухарч байгааг харсан Тагнуулын дарга гэгдэх анд нөхөр нь ерөнхийлөгч Пакийг  “Хувьсгалаас урвасан учраас…” хэмээгээд буудан хөнөөдөг.

Яг л үүн шиг өнөөдрийн МАН, МАХН-ынхан хувьсгалаас урвагчид болж харагдаад байна. Тэд дуртай үедээ нэгдэж, дургүй нь хүрвэл салан тусгаарлаж, нам болон тоглож байна. Хамгийн инээдтэй нь хөгжил, дэвшлийн төлөө биш, хувьсгалын төлөө ч биш. Албан тушаалын тохироо, улс төрийн эрх ашиг, амин хувийн ёроолгүй амбийцынхаа төлөө намынхаа 100 жилийн түүхтэй хувьсгалаас тэд урваж байна.

Холбоотой мэдээ