УОК: Гурав ба дөрөвдүгээр сард нэг сая иргэнээ вакцинжуулна

2021-03-05 538 0

УОК вакцинжуулалтын явж, төлөвлөгөөний талаар ээлжит мэдээлэл өглөө.

УОК-ын дарга С.Амарсайхан “Хоёрдугаар сарын 23-наас халдварын голомт дээр ажиллаж буй 15 орчим мянган ажилтан, албан хаагчдаа вакцинжуулж дууссан бөгөөд ирэх долоо хоногт эрсдэлтэй орчинд, иргэдтэй шууд харилцдаг томоохон зах, худалдаа үйлчилгээний салбарын 40 гаруй мянган хүнийг вакцинжуулна. Орон нутгийн иргэдийн ихэнх нь эдгээр захаар үйлчлүүлдэг тул эрсдэлгүй байх талаас нь ажиллаж байна” гэлээ.

УОК тавдугаар сарын 1-нээс өмнө нэг сая иргэнээ вакцинжуулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд ирэх долоо хоногт зах худалдааны төвүүдээс гадна 1000 гаруй нийтийн тээврийн 5-7 мянган жолооч, мөн улсын хэмжээнд боловсролын салбарын 60 гаруй мянган багш, ажилчдыг вакцинжуулах юм байна.

Засгийн газар долдугаар сарын 1 гэхэд хөл хориог бүрэн цуцалж, энгийн амьдралын горимдоо орохоор төлөвлөсний дагуу түүнээс өмнө насанд хүрсэн хоёр сая иргэнээ ийнхүү вакцинжуулах ажил эрчимжиж байгаа юм.Энэ нь сард 500 мянган иргэнээ вакцинжуулна гэсэн үг юм. УОК-ын С.Амарсайханы хэлж буйгаар эрүүл мэндийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 80 мянган хүн вакцинжуулах боломжтой аж.

Өнөөдөр 15 цагаас Засгийн газрын ээлжит бус хурлаар өргөн хүрээний вакцинжуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм байна.

Өнгөрсөн хугацаанд “Астра зенека”-ийн вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд вакцины сөрөг нөлөө, хариу урвалын талаар тандалт хийхэд 40 хувьд нь бусад вакцинтай ижил халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь вакцины ноцтой сөрөг үр дагавар гараагүй гэсэн үг тул төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээтэй вакцинжуулахаар бэлтгэл ажил хангаад буй аж.

Харин хувийн хэвшлийнхний дархлаажуулалтын санаачилгыг бүх талаар дэмжих бөгөөд үнэ төлбөргүй вакцинжуулах ёстой гэсэн шаардлага тавьж буй аж.

Холбоотой мэдээ